
Төсвийн тухай хуульд урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах эсвэл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлнэ гэж заасан байдаг. Хуульд заасан энэ нөхцөл байдал үүссэн гэж үзэн Засгийн газар 2026 оны төсвийг тодотгохоор хуулийн төслөө УИХ-д өргөн барьсныг хэлэлцэж байна.
Төсвийн тодотголоор нийт зарлагыг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгийн зардлаас 154.1 тэрбум төгрөгийг танах замаар урсгал зардлыг 1.2 их наяд төгрөгөөр нэмэхээр төсөлд тусгаад буй. Энэ мөнгөний 58.6 хувийг цалингийн нэмэгдэлд, 13.6 хувийг тэтгэврийн нэмэгдэлд, 10.4 хувийг стратегийн хүнс, шатахууны нөөц бүрдүүлэх, 13.8 хувийг эрчим хүчний засвар, тоног төхөөрөмж, үнийн өсөлтөөс хамгаалах дэмжлэг хэлбэрээр, 3.5 хувийг боловсролын салбарт буюу гэрт ойр сургууль хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөжээ. Үндсэндээ 80 орчим хувийг цалин хөлсний нэмэгдэлд зарцуулахаар төлөвлөсөн. Иргэдийн амьжиргаа доройтсон энэ цаг үед цалин тэтгэврийг нэмэх нь зүйн хэрэг ч энэ нь эргээд олон сөрөг үр дагавар бий болгоно гэдгийг эдийн засагч нар хэлж байна.
Эдийн засагч Б.Алтанцэцэг: Цалин нэмэгдэхээр бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг гэдгийг иргэд ч мэддэг болсон
Төрийн сектороос гарч байгаа аливаа орлогын өсөлт эргээд юмны үнэн дээр очиж буугаад байна гэдгийг иргэд ч мэдэж байна. Худалдан авах чадварт нь нөлөөлж байгааг ойлгож байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэхийн хэрээр юмны үнэ дагаад өсчихвөл цалин нэмэгдээгүй үетэй худалдан авах чадвар нь адилхан л байна. Орлого нь өсөөгүй буюу төрд ажилладаггүй хувийн хэвшлийнхэнд энэ нь бүр ч илүү дарамт болж, худалдан авах чадварт нь нөлөөлж байна.
Эдийн засагч Б.Лакшми: Цалин хөлсний нэмэгдэл инфляцийг хурдасгах эрсдэлийг дагуулж байна
Төсвийн тодотголоор цалин нэмж буй ньөрхийн орлого амьжиргааг нэмэгдүүлэх тал дээр тустай алхам болохгүй сөрөг алхам болох нь харагдаж байна. Шатахууны үнэ инфляцад нөлөөлж байгаа энэ үед төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр инфляцийг хурдасгах эрсдэлийг дагуулж байна.
Эдийн засагч Р.Даваадорж: Хувийн хэвшилд дарамт болох шийдвэр гэж харж байна
Өнөөдөр 100 мянган төгрөг нэмж өгөөд, маргааш үнэ өсөж тэр нэмэгдлийг буцаагаад авчихвал бодит орлого нэмэгдэхгүй гэсэн үг. Бүр нэмүү өртөг бүтээдэг хувийн хэвшилд дарамт болох шийдвэр гэж харж байна. Өнөөгийн үнийн өсөлт бол өмнөх жилүүдийн шийдвэр гаргагчдын буруу хариуцлагагүй шийдвэрүүдийн үр дагавар юм. Энэ тодотголоор энэ асуудлаа яг хуучин аргаар шийдэхийг оролдож байна. Өөрөөр хэлбэл, өмнөх бодлогын алдаагаа давтаж байна.
Цалин нэмээд эдийн засаг сэргэсэн үү
Төсвөөс цалин хөлсөнд зарцуулж байгаа зардлын хэмжээг харъя. Сүүлийн гурван жилийн статистикийг харвал
2022 онд 1.7,
2023 онд 2.3,
2024 онд 5.4,
2025 онд 6.2 наяд төгрөг болж, цалингийн зардал өсчээ. Ердөө гурван жилийн хугацаанд 264.7 хувиар буюу 3.6 дахин өссөн байна. Энэ хэр, хэмжээгээр иргэдийн тэр тусмаа төрийн албан хаагчдын амьдрал сайжирсан уу гэвэл үгүй. Инфляцдаа буцаад идүүлсэн гэдгийг эдийн засагч байтугай энгийн иргэд ч бэлхнээ хэлнэ. Гэтэл эдийн засагт олон талын сөрөг нөлөө авчрахыг мэдсээр байж цалин тэтгэвэр нэмэх гэдэг сонгууль угтсан улстөржсөн бодлогоо хэрэгжүүлсээр.
Төсвийн зардал 1 их наяд төгрөгөөр өсөхөд эдийн засгийн өсөлт 3 улирлын дараа 1.2 нэгж хувиар өсдөг ч инфляц 4 улирлын дараа 0.9 нэгж хувиар, суурь инфляц 1.2 нэгж хувиар өсдөг хамааралтайг Төв банкнаас ч мөн сануулж байгаа юм.
Орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагаа хэт тэлэхгүй байхыг төсөв батлах бүрийд эдийн засагч болон олон улсын байгууллагууд сануулдаг. Жишээлбэл, 2026 оны төсвийн тодотголд “Нээлттэй нийгэм форум”-аас зөвлөмж хүргүүлэхдээ
-Төсвийн дэмжлэгийн зээл авах, төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх замаар Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх;
-Төсвийн урсгал зарлагын өсөлт нь хувийн секторт татварын ачаалал нэмэгдүүлэх, инфляцыг хөөрөгдөх эрсдэлтэйг анхаарах;
-Төсвийн урсгал зарлагын өсөлтийг хязгаарлах, төрийн албан хаагчдын цалинг ажлын бүтээмж, ур чадвар, гүйцэтгэлтэй нь нягт уялдуулах;
-Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нь инфляц хөөрөгдөх эрсдэлтэйг анхаарч, нэмэгдлийг эдийн засгийн нөхцөл, төсвийн боломжтой уялдуулан тогтоохыг сануулж.
Гэвч өмнөх алдаагаа дахин, дахин давтаж, улсын өр ихсэж, инфляц гэрлийн хурдаар өсөж, иргэдийн амьдрал улам доройтсоор байна.