
Мөргөлдөөн улам ширүүсэж, АНУ Ираны цэргийн байгууламжуудад шинээр агаарын цохилт өгсөн талаар BBC агентлаг мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талд хандан "томоотой” байхыг хатуу сануулсан байна.
АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойгоор дайран өнгөрөх хөлөг онгоцуудад заналхийлж буй Ираны цэргийн хүчин чадлыг сулруулах зорилгоор өдрийн цагаар хоёр удаагийн агаарын цохилт өгчээ. Бөмбөгдөлтөөр Ираны Бандар Аббас болон Их Тунб арал дахь командлалын төвүүд, агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужин болон дроны баазуудыг устгасан байна.
Үүний зэрэгцээ АНУ Ираны боомтуудад тэнгисийн цэргийн бүслэлтийг дахин тогтоож, усан замын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Уг бүслэлтийг өнгөрсөн сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу цуцлаад байсан ч ийнхүү дахин сэргээлээ.
Ерөнхийлөгч Дональд Трамп Иран хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол тус улсын иргэний дэд бүтэц, тэр дундаа гүүр, цахилгаан станцуудад бөмбөгдөнө хэмээн сүрдүүлсэн байна. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Ираны тал юу болж буйг сайн мэдэж байгаа бөгөөд "тэд томоотой байх хэрэгтэй" гэв. Мөн тэрээр "Бид тэдэнтэй тохиролцох уу, эсвэл бүрмөсөн цэг тавих уу гэдгээ шийдэх болно" хэмээн мэдэгджээ.
Харин Ираны тал Бахрейн болон Кувейт дэх АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгсөн хэмээн мэдээлсэн байна. Ираны хэлэлцээрийн ахлагч Мохаммад Багер Галибаф хэрэв Иранд ашиг тусгүй бол урьдчилсан хэлэлцээрийг Техран дагаж мөрдөх ямар ч шалтгаан байхгүй хэмээн онцолжээ.
Түүнчлэн Ираны Исламын хувьсгалт цэргийн корпус АНУ болон түүний холбоотнуудын ашиг сонирхолд нийцсэн бусад газрын тос, байгалийн хийн экспортын замыг хаах болно гэж анхаарууллаа.
Дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн 20 орчим хувь нь дайран өнгөрдөг Ормузын хоолойн хөдөлгөөн энэхүү цэргийн мөргөлдөөний улмаас бараг бүрэн зогсоод байна. Үүний уршгаар олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ огцом өсөж эхэлжээ.