
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн өсвөр насны охин Ким Жү Э-г ирээдүйн удирдагчаар сонгосон гэж Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага хууль тогтоогчдод мэдээлжээ.
Хэрэв Умард Солонгосын удирдагч энэ талаар албан ёсоор зарлавал, тус улс анх удаа эмэгтэй удирдагчтай болох юм.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба хаалттай хуралдааны үеэр хууль тогтоогчдод мэдээлэхдээ, Ким гэр бүлийнхээ эрх мэдлийг дөрөв дэх үедээ үргэлжлүүлэх зорилготой гэж үнэлсэн байна.
Умард Солонгос энэ сарын сүүлээр хамгийн том улс төрийн хурлаа зохион байгуулах бөгөөд уг хурлаар Ким ойрын таван жилийн бодлогын зорилтоо танилцуулж, эрх мэдлээ улам бэхжүүлэх төлөвтэй байна.
Өмнөд Солонгосын хууль тогтоогч И Сонг Кюуны хэлснээр, Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба Кимийн 13 настай гэж үзэж буй охин удахгүй болох Намын их хурал дээр мянга мянган төлөөлөгчдийн өмнө үг хэлэх үеэр нь хамт гарч ирэх эсэхийг ажиглах аж.
“Өмнө нь NIS Ким Жү Э-г залгамжлагчийн бэлтгэл сургуулилтын шатандаа байгаа гэж тодорхойлж байсан. Харин өнөөдөр тэд “залгамжлагчаар томилогдсон шатанд орсон” гэсэн нэр томьёо хэрэглэсэн нь нэлээд ач холбогдолтой өөрчлөлт” гэж И хэлжээ.
Пёньяны үйл ажиллагааг ажиглагч шинжээчдийн хувьд ийм таамаг шинэ зүйл биш юм. Ким Жү Э 2025 онд Хятадад хийсэн өндөр түвшний айлчлалаараа өөрийн байр суурийг улам бататгасан бөгөөд түүнийг Кимийн хамгийн өндөр магадлалтай залгамжлагч гэж үзэх болжээ.
Өсвөр насны, ээжтэйгээ ихэд адилхан төрхтэй охин эцгийнхээ дэлхийн удирдагчдын томоохон уулзалтад анх удаа оролцох үеэр, мөн гадаадад хийсэн анхны айлчлалынх нь үеэр дагалдан явсан байна. Умард Солонгосын төрийн хэвлэлүүд Бээжинд болсон айлчлалын үеийн дүрс бичлэгт түүний дүрс үлдсэнийг харуулжээ.
И-гийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба түүний өндөр түвшний цэргийн арга хэмжээнүүдэд тогтмол оролцож буй байдал, гэр бүлийн хамт Кумсусан Нарны ордонд зочилсон явдал, мөн Ким тодорхой бодлогын асуудлаар түүний санал бодлыг сонсож эхэлсэн шинж тэмдгүүдийг ажиглаж байгаа аж.
Анхандаа Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба Умард Солонгосын уламжлалт, эрэгтэй давамгайлсан улс төрийн соёлын улмаас Ким Жү Э-г удирдагчаар сонгох магадлалд эргэлзэж байжээ.
Гэвч өнгөрсөн оны есдүгээр сард Ким охиноо дагуулан олон нийтэд гарч ирсний дараа Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба үүнийг залгамжлалд бэлтгэх дүр төрхийг бий болгох алхам байж болзошгүй гэж дүгнэсэн байна.
Умард Солонгосын төрийн хэвлэлүүд түүний нэрийг хэзээ ч албан ёсоор нийтлэдэггүй бөгөөд “хүндэт”, “хамгийн хайртай” хүүхэд хэмээн л нэрлэдэг. Түүнийг Ким Жү Э гэж нэрлэдэг гэх мэдээлэл нь NBA-ийн хуучин аварга Дэннис Родманы 2013 онд Пёньянд айлчлах үеэрээ Кимийн нялх охиныг тэвэрч байсан тухай дурсамжид тулгуурладаг. Түүний яг нас тодорхойгүй ч Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны үзэж байгаагаар 2013 онд төрсөн байна.
Ким Жү Э 2022 оны арваннэгдүгээр сард алсын тусгалт пуужингийн туршилтын үеэр анх олон нийтэд ил гарч, түүнээс хойш зэвсгийн туршилт, цэргийн жагсаал, үйлдвэрийн нээлт зэрэг олон арга хэмжээнд эцгээ дагалдан оролцох болсон.
Өнгөрсөн есдүгээр сард тэрээр эцгийнхээ хамт Бээжинд очиж, Кимийн Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн анхны дээд хэмжээний уулзалтад оролцсон нь томоохон өөрчлөлт байв.
Өнгөрсөн сард шинэ жилийн өдөр тэрээр эцэг эхийнхээ хамт Пёньяны Күмсусаны Нарны ордонд зочилсон нь улс төрийн ирээдүйн талаарх таамгийг улам хүчтэй болгосон. Тус бунханд түүний өвөө болон их өвөө болох улсын эхний болон хоёр дахь үеийн удирдагчдын занданшуулсан шарил хадгалагддаг. Зарим шинжээчид энэ айлчлалыг 42 настай эцгийнхээ залгамжлагчаар тодрох хамгийн тод дохио гэж үзэж байна.