Монголын спортын хутга шидэлтийн холбооноос анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Наран спорт” төвд энэ сарын 29-31-ний өдрүүдэд болох тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид болон пара тамирчдын дунд улсын аваргуудыг тодруулахаар болжээ. Үндэсний хэмжээнд тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг нээн илрүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Монголын хутга шидэлтийн спортын баг тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртжээ. Тодруулбал, ДАШТ-ээс 9 алт, 9 мөнгө, 14 хүрэл, Дэлхийн цомоос 1 алт, 1 хүрэл, Азийн АШТ-ээс 3 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол Дэлхийн гардан тулааны их наадмаас 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн байна.
