
Борлуулалтын хэмжээгээрээ дэлхийн хамгийн том хүн дүрст робот үйлдвэрлэгч хэмээн нэрлэгддэг Unitree компанийн хувьцаа лхагва гарагт Шанхайн хөрөнгийн биржид арилжаалагдаж эхэлжээ. Арилжааны эхний өдөр 600 гаруй хувиар өсжээ. Энэ нь тус компани Хятадын роботын технологийн хөгжлийн нүүр царай болсон болохыг харуулж байна.
Бүжиглэж, кун-фу үзүүлбэр хийдэг андроид роботуудаараа дэлхий нийтийн анхаарлыг татсан Unitree анхдагч зах зээлийн санал болгож буй хувьцаанаасаа 6.1 тэрбум юань буюу 905 сая ам.доллар татан төвлөрүүлжээ. Тус IPO-д захиалга өгсөн хэмжээ санал болгосон хувьцаанаас 8000 гаруй дахин их байсан нь технологийн компаниудад төвлөрдөг, Хятадын Nasdaq хэмээн үздэг Шанхайн STAR Market-ийн түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
Ханжоу хотод төвтэй тус компани “Superman” нэртэй шинэ хүн дүрст роботоо танилцуулжээ. Компанийн мэдээлснээр уг робот хоёр метр хүртэл өндөр үсэрч, секундэд 12.66 метрийн хурдтай гүйх чадвартай аж.
Unitree өнгөрсөн жил Хятадын хамгийн том телевизийн арга хэмжээ болох Цагаан сарын баярын жилийн уламжлалт тоглолтод роботуудаа оролцуулснаар хятад даяар нэр хүндтэй болсон юм. Тэдний робот уялдаа сайтайгаар бүжиглэж, олны анхаарлыг татжээ.
Үүнээс хойш Unitree нь Хятад улс ирээдүйн технологийн салбарт тэргүүлэх зорилтынхоо хүрээнд стратегийн чухал компаниудын нэг болж гарч ирсэн байна. Тус компанийн үүсгэн байгуулагч Ван Шинсин өнгөрсөн жил Хятадын дарга Ши Жиньпин тэргүүлэх технологийн компаниудын удирдлагуудтай хийсэн ховор уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, урд эгнээнд суусан нь компанийн байр суурийг илтгэсэн үйл явдал болжээ.
Хятадын эдийн засгийн өсөлт саарч, хөдөлмөрийн насны хүн ам буурч байгаа энэ үед Бээжин хүн дүрст роботыг дараагийн томоохон технологийн хувьсгал авчрах бүтээгдэхүүн гэж үзэн олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна.
2023 оны бодлогын баримт бичигт хүн дүрст роботын салбарыг “технологийн өрсөлдөөний шинэ өндөрлөг, ирээдүйн аж үйлдвэрийн шинэ хил хязгаар” хэмээн тодорхойлжээ.
Энэ хурдацтай өсөж буй салбарт тэргүүлэх нь Хятадын хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологийн чиглэлд АНУ-тай өрнүүлж буй ширүүн өрсөлдөөнд давуу байр суурь эзлэхэд мөн тусална гэж үзэж байна.
Unitree хөрөнгийн зах зээлд гарснаар эх газрын Хятадад бүртгэлтэй анхны хүн дүрст робот үйлдвэрлэгч компани болжээ.
Хятадын бусад андроид робот үйлдвэрлэгчид болох UBTECH болон Dobot компаниуд Хонконгийн хөрөнгийн биржид аль хэдийн арилжаалагдаж байгаа бол салбарын өөр нэг тэргүүлэх компани Agibot мөн Хонконгт IPO хийхээр бэлтгэж байна.
Зах зээлийн шинжилгээний Counterpoint Research компанийн дэд захирал Итан Ци “Unitree-ийн IPO нь хүн дүрст роботын салбарын хувьд чухал үйл явдал бөгөөд IPO хийхээр бэлтгэж буй бусад компаниудын жишиг болж чадна” гэжээ.
Хятад дэлхийн хүн дүрст роботын борлуулалтад тэргүүлж байна
Хятад улс дэлхий даяарх хүн дүрст роботын борлуулалтад аль хэдийн давамгайлж эхэлсэн.
Өнгөрсөн онд Хятадын компаниуд дэлхийд нийлүүлсэн андроид роботын дийлэнх хувийг эзэлж, Tesla, Figure AI, Boston Dynamics зэрэг Америкийн өрсөлдөгчдөөсөө хол давжээ.
Гэсэн хэдий ч энэ технологи техник хангамж болон программ хангамжийн олон хязгаарлалтад ороод байгаа бөгөөд хоёр хөлт робот үйлдвэрүүд болон айл өрхөд өргөн хэмжээгээр ашиглагдах хүртэл хэдэн жил шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.
Unitree-ийн 2025 оны эхний есөн сарын мэдээллээр тус компанийн роботуудын борлуулалтын дийлэнх хэсгийг судалгааны байгууллага, боловсролын байгууллагууд эзэлж байжээ. Харин үйлдвэрлэлийн салбар дахь бодит хэрэглээ нийт борлуулалтын 10 хувиас бага байсан аж.
Санхүүгийн үйлчилгээний Morningstar компанийн хөрөнгийн шинжээч Кан Юйсяо Ли “Unitree технологийн хүчтэй чадавх, арилжааны бодит эрэлт хэрэгцээг харуулсан. Гэхдээ туршилт, үзүүлбэр болон эхний шатны хэрэглээнээс өргөн хүрээний үйлдвэрлэлийн хэрэглээнд шилжихэд цаг хугацаа шаардлагатай” гэжээ.
Тус компани IPO-оор татсан хөрөнгөө роботын “тархи” болох биежсэн хиймэл оюун ухааны загварууд, роботын техник хангамжийг судалж хөгжүүлэх, мөн үйлдвэрээ өргөтгөхөд зарцуулахаар төлөвлөж байна.
Unitree-г тойрсон шуугиан
Unitree одоогоор дэлхий даяар хүн бүрийн мэддэг нэр биш байж магадгүй.
Гэхдээ хэрэв та хүн шиг хэлбэртэй робот арагшаа харайж эргэх, эсвэл America’s Got Talent нэвтрүүлэгт Lady Gaga-гийн Abracadabra дууны аяанд бүжиглэж буй бичлэг үзсэн бол Unitree-ийн бүтээгдэхүүнтэй таарч байсан байх магадлалтай.
Тус компани Хятадын зүүн хэсгийн технологийн төв Ханжоу хотод 2016 онд байгуулагдсан.
Unitree-д Хятадын томоохон компаниуд хөрөнгө оруулсан. Тухайлбал, хоол хүргэлтийн аварга Meituan, технологийн томоохон компаниуд болох Tencent, Alibaba, мөн хиймэл оюун ухааны гарааны компани DeepSeek багтдаг.
Unitree хүн дүрст роботуудаас гадна дөрвөн хөлтэй, “робот нохой” гэж нэрлэгддэг роботууд үйлдвэрлэдэг. Эдгээр робот нохойн борлуулалт өнгөрсөн онд компанийн нийт орлогын ойролцоогоор 42 хувийг бүрдүүлжээ.
Ердөө хоёр жилийн дотор тус компанийн орлого 10 гаруй дахин өсөж, 2025 онд бараг 1.7 тэрбум юань буюу 252 сая ам.долларт хүрсэн байна.
Unitree нь энэ салбарт ашигтай ажиллаж чадсан цөөн компанийн нэг юм. Тус компани өнгөрсөн онд 278 сая юань буюу 41 сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Мөн өнгөрсөн онд дэлхий даяар 5500 гаруй хүн дүрст робот нийлүүлсэн нь Unitree-г андроид роботын дэлхийн хамгийн том борлуулагч болгосон байна.
Гэсэн ч Counterpoint Research-ийн Итан Ци Unitree-ийн одоогийн давуу тал голчлон техник хангамж болон роботын хөдөлгөөнийг удирдах технологид суурилж байгаа гэж анхааруулжээ.
Түүний үзэж байгаагаар Unitree роботын “тархи” болох биежсэн хиймэл оюуны загварын судалгаа, хөгжүүлэлтэд илүү их хөрөнгө оруулах шаардлагатай.
Энэ сул талаа нөхөх зорилгоор Unitree болон АНУ-ын технологийн аварга Nvidia компани судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллахаар өнгөрсөн зургадугаар сард зарласан байна.
Геополитикийн хязгаарлалт
Гэхдээ Unitree-ийн ирээдүй зөвхөн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвараас шалтгаалахгүй.
Өнгөрсөн зургадугаар сард Unitree-ийг АНУ-ын засгийн газар Хятадын армитай холбоотой байж болзошгүй компаниудын хар жагсаалтад оруулж, Пентагонтой бизнес хийхийг хориглосон байна.
Мөн өнгөрсөн сард Вашингтон үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр гадаадын үйлдвэрлэгчдийн шинэ хүн дүрст болон дөрвөн хөлтэй роботыг импортлохыг хоригложээ. Энэ арга хэмжээ голчлон Хятадын компаниудад чиглэсэн гэж үзэж байна. Энэхүү хориг нь АНУ-д аль хэдийн худалдаалах зөвшөөрөл авсан загваруудад хамаарахгүй ч Unitree зэрэг компаниудын цаашдын борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүй. Ялангуяа Unitree-ийн нийт орлогын 40 гаруй хувь нь гадаад зах зээлээс бүрддэг.
Тус компани IPO-ийн танилцуулга баримт бичигтээ АНУ цаашид хязгаарлалт тогтоовол гадаад зах зээл дэх борлуулалтын хурдацтай өсөлтийг хадгалж чадахгүй, цаашлаад компанийн санхүүгийн үзүүлэлт буурч болзошгүйг анхааруулжээ.
Геополитикийн асуудлаас гадна BofA Global Research-ийн Их Хятад дахь автомашин болон аж үйлдвэрийн салбарын судалгааны захирал Мин Ли Unitree нь роботуудaa олон төрлийн үйлдвэрлэлийн салбарт бодитоор, амжилттай нэвтрүүлж чадах эсэхээ батлах шаардлагатай гэж үзэж байна.
Түүнчлэн компанийн цаашдын хамгийн том сорилт нь роботын эх биеийг удирдах чадвар төдийгүй, түүнийг ойлгож, шийдвэр гаргаж, орчинтой харилцах боломж олгодог биежсэн хиймэл оюуны системээ илүү хөгжүүлэх явдал юм.