
Энэ удаагийн ДАШТ-ий хамгийн алдартай ардын баатруудын нэг болсон Мерлин нугас лхагва гарагт Мехико хотын цэнгэлдэх хүрээлэнгийн гадна очжээ. Хөгжөөн дэмжигчдийн халуун угталтыг хүлээн авсан ч эцэст нь Мексик–Чехийн тоглолтыг үзэхээр дотогш нэвтрэх эрх авч чадсангүй.
Олон нийтийн сүлжээнд хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн түүнийг гэр бүлийнхэнтэй нь хамт тоглолт үзэхийг зөвшөөрөхийг хүссэн кампанит ажил дэмжигчдийн дунд өрнөөд байсан юм. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд Мерлин Мексикийн шигшээ багийн нээлтийн ялалтын үеэр Мехико хотын гудамжаар алхаж явснаас эхлээд ерөнхийлөгчийн ордонд зочлох хүртэл алдартай болсон. Гэвч лхагва гарагт түүний “нислэг” харамсалтайгаар өндөрлөлөө.

Мерлинд Латин Америкийн хамгийн том телевизийн сүлжээнүүдийн нэг болох Televisa-д зориулсан дүрс бичлэг хийх зорилгоор Ацтека цэнгэлдэх хүрээлэнгийн нутаг дэвсгэрт нэвтрэх зөвшөөрөл олгожээ. Аюулгүй байдлын хатуу журмын дагуу Мерлин тээврийн зориулалтын хайрцагт тухтай зорчиж, эзэн Карла Гомес болон түүний хүү Кристианы хамт явсан юм. Тэмцээний хамгийн санаанд оромгүй одыг харахаар сонирхсон хөгжөөн дэмжигчид ч мөн цугларсан байв. Гэвч FIFA-гийн дүрмээр амьтдыг цэнгэлдэх хүрээлэнд оруулахыг хориглодог тул түүнийг тоглолт дуустал үлдээх боломжгүй байжээ. Энэхүү журам нь амьтдын сайн сайхан байдлыг хамгаалах зорилготой юм.
FIFA-гийн тэмцээний төлөөлөгч Мерлинд цэнгэлдэхийн гаднах хамгаалалтын бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгосон ч цэнгэлдэх хүрээлэн рүү оруулаагүй талаараа нэмэлт тайлбар өгөөгүй байна.

Анх олны өмнө гарснаасаа хойш Мерлин олон нийтийн сүлжээний үзэгдэл болж, олон улсын хэмжээний алдартан болсон. Мексикийн ногоон өмсгөлийг өмсөж, гэр бүлийнхэнтэйгээ хамт хот даяар ундаа худалдаалдаг хоёр настай энэ нугас олны танил дүр төрх болжээ. Тэрээр ярилцлагад оролцож, телевизийн студиудаар зочилж, Мехико хотын Зокало талбай дахь хөгжөөн дэмжигчдийн фестивальд оролцон, тэр ч бүү хэл Netflix-д хүртэл зочилсон байна.
“Тэр Мексик болон ДАШТ-ий албан бус сахиус болсон. Би Мерлин нугасны малгай өмсөж байгаадаа бахархдаг” гэж нугасны дүрстэй малгай өмссөн хөгжөөн дэмжигч Даниэль Краузе хэлжээ.
Мерлин мөн барааны тэмдгийн маргааны төвд орсон байна. Гомесоос өмнө хоёр этгээд түүний нэрийг онцгой арилжааны эрхтэйгээр бүртгүүлэх хүсэлт гаргасан ч эцэст нь бүртгэлийн эрх Гомест олгогджээ.

Хэдийгээр тэдний хайртай нугас үзэгчдийн суудлаас багаа дэмжихгүй ч Мексикийн хамгийн алдартай хөгжөөн дэмжигч “нугас” аз авчирсаар байх болно гэдэгт Гомес итгэлтэй байна. “Мерлин бол азын бэлгэдэл. Түүнтэй хамт Мексикийн шигшээ баг өнөөдөр дахин ялна гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлжээ.
Жич: 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий "A" хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод Мексикийн шигшээ баг Чехийн багийг 3:0 харьцаатайгаар буулган авлаа. Өнөөдөр болсон тус тоглолтод Матео Чавес, Хулиан Киньонес болон сэлгээнээс орж ирсэн Альваро Фидальго нар гоол оруулж, Мексик нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлэх болзлоо хангасан юм.