
Балба дахь хил дамнасан, томоохон хохирол дагуулж буй үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 794-д хүрч, 2500 гаруй хүн сураггүй алга болжээ.
Аврах албаныхан асар зузаан шаварлаг хөрс дор дарагдсан суурин газруудад эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна. Гэвч өнгөрсөн баасан гаргаас эхлэн орсон ширүүн бороо ажиллагаанд хүндрэл учруулж байгаа аж. Үерийн дараа нуур үүссэн бөгөөд нуурын далан задарсан тохиолдолд усны хүчтэй урсгалын улмаас Лхенде, Тришули голууд дахин үерлэж магадгүй байна.
Балбын нутагт явагдаж буй аврах ажиллагаа Тришули голын дээд хэсэг дэх таван далан дээр төвлөрч байгаа юм. Тэдгээрээс нэг далангийн ойролцоох хонгилд 350 орчим хүн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Аврагчид туннелийг өрөмдөн цоолж нүх гаргаснаар агаар оруулах боломжтой болсон аж. Байгалийн гамшгийн улмаас Хятадын хилийн бүсэд ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Эрх баригчдын мэдээлснээр, 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй болжээ.
Харин олон улсын Улаан загалмай нийгэмлэгийн мэдээллээр, гамшгийн бүсэд 90 мянга орчим хүн байсан гэв. Одоогийн байдлаар гадаадын 592 иргэн сураггүй алга болоод байгаа бөгөөд тэдний ихэнх нь Балбын нутгаас Төвөд дэх ариун Кайлаш уул руу явж байсан мөргөлчид юм. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд цаг агаар муудаж, усны хүчтэй урсгал дахин буух эрсдэл өндөр байна.