“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн билээ. Энэхүү булангийнхаа 29 дэх дугаарт Австрийн хөгжмийн зохиолч, орчин үеийн балетын хөгжмийн томоохон төлөөлөгч Л.Минкусын “Дон Кихот” балетыг толилуулах гэж байна.
Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо толилуулжээ
“Дон Кихот” балетыг Мигель Де Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн юм. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны арванхоёрдугаар сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ. Хөгжмийн зохиолч Л.Минкус амьдралынхаа туршид 16 балетын цомнол бичсэнээс “Дон Кихот” хамгийн онцгой нь хэмээгддэг. Дэлхий даяар олон театрт тавигддаг “Дон Кихот” нь гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй бөгөөд бүжгэн жүжгээс испани маягийн хөнгөн хөгжим, гал цогтой хэмнэлийг мэдрэх боломжтой. Уг балетыг сонгодог бүжгэн жүжгүүдийн дундаас бүжигчдийн ур чадварыг дээшлүүлдэг цөөн бүтээлийн нэг гэж тооцдог. Утга санаа, үйл явдлыг илэрхийлэх байдлаараа ч онцгой хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байдаг.
Бүжгэн жүжгийн явдлаас товчхон сийрүүлбэл, энэхүү балетын гол баатар нь Дон Кихот мөн боловч тэрээр бараг бүжиглэдэггүй. Зөвхөн зүүдэндээ л мөрөөдөлт бүсгүйтэйгээ бүжиглэдэг юм. Энэ зохиолын гол дүр нь Китри, Базиль нар юм. Тэд бие, биедээ хайртай. Гэвч Китрийн эцэг, гуанзны эзэн Лоренцо ядуу үсчин Базилийг охинтойгоо гэрлүүлэхийг огт хүсдэггүй. Тэр ч бүү хэл ихэмсэг тайж Гамашд Китрийг богтлон өгөхийг хүснэ. Азаар Дон Кихот энэ үед ирж Китр, Базиль нарыг гэрлүүлдэг. Энэ зохиолд эмгэнэлтэй, эсвэл ярвигтай үйл явдал нэг ч үгүй.

Харин ч хөгжилтэй өрнөл, цоглог хэмнэлтэй бүжгээр сэтгэл эзэмдэнэ. Дон Кихотын зэвсэгч Санчо Пансо бол бүжгэн жүжгийн хамгийн хөгжилтэй дүрүүдийн нэг нь. Санчо талбайн голд бүжиглэх сайхан бүсгүйчүүдэд нүд унаган, хормойнд нь хүрч зүггүйтнэ. Хариуд нь бүсгүйчүүд түүнийг шоглон нүдийг нь боогоод тоглоом наадам болгон инээлдэнэ.
Бүжгэн жүжгийн хоёрдугаар бүлгийн үйл явдал шар айрагны мухлагт өрнөдөг. Китри, Базиль нар энд уулзан, бүжиглэн хөгжилдөнө. Энэ үед үзэсгэлэнтэй бүжигчин Мерседес тоглолтоо сонирхуулдаг. Мерседес пасодобль бүжгийн аялгуунд бүжиж уран налархай хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлдэг. Балет бүжиглэхийн тулд каски өмсөх учиртай ч Мерседесийн цыган маягийн бүжиг каскигүйгээр балетын шигтгээ болох нь сонин. Бухтай тулалдагчийн ширүүн харц, хөл хавсран алхах хөдөлгөөн зэрэг нь дүрээ илүү тодотгож өгдөг. Улаан нөмрөгт матадорыг харсан бухын нүд галзуурсан мэт гялалзаж, улаан тоос манаруулан түүнийг мөргөхөөр довтолдог бол “Дон Кихот” бүжгэн жүжгийн бүх үйл явдал, жүжигчдийн тоглолт бухын улаан нүдийг санагдуулам эрч хүчтэй, тод илэрхийлэлтэй байдаг.
Монголын тайзнаа 54 жилийн өмнө мэндлэв
“Дон Кихот” балетыг Монголын тайзнаа анх 1971 оны гуравдугаар сарын 1-нд тоглож байсан түүхтэй.
Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетын балетмейстрээр ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва ажилласан. Харин бүжгэн жүжгийн гол дүр болох Китрийн дүрд ардын жүжигчин Ю.Оюун, гавьяат жүжигчин Ю.Цэрмаа, Т.Туул, Базилийн дүрд ардын жүжигчин О.Ганбаатар, гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ч.Энх-Амгалан нар бүжиглэж байжээ. Тус балетыг 2002 оны арванхоёрдугаар сарын 14-нд сэргээн тавьсан. Хамгийн сүүлд 2024 оны арваннэгдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа 66, 67 дахь удаагаа толилуулсан юм. Ингэхдээ “Дон Кихот” балетын Базилийн дүрийг анх бүтээж байсан ардын жүжигчин О.Ганбаатарын мэндэлсэний 80 насны ойд зориулан толилуулсан билээ.
“Дон Кихот” балетын анхны бүрэлдэхүүн
Удирдаач
Ж.Чулуун
Найруулан дэглэсэн Б.Жамъяндагва
ЗураачЦ.Зориг
Удирдаач Ж.Чулуун (БНМАУ-ын жүжигчин, Төрийн шагналт)
Туслах найруулагч Г.Батсүх
(БНМАУ-ын гавьяат жүжигчин)
Жүжиг
чимэглэлийн эрхлэгч Ц.Бадаа
Хувцасны эсгүүрчин Р.Болормаа
Тайз тохируулагч
Д.Осор
Уран сайхны удирдагч П.Хаянхярваа
Дон Кихот Б.Жамъянжав, Х.Чойжилсүрэн
Санчо
Пансо (Дон Кихотын зэвсэгч) Д.Цогтсайхан
Лоренцо (гуанзны эзэн) Б.Гомбосүрэн, Н.Баяраа
Китри Т.Туул, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Б.Чимгээ, Н.Эрдэнэцэцэг
Базиль О.Ганбаатар, Э.Оюунбат, Ч.Энх-Амгалан
Гамаш Р.Батсайхан
Китрийн найз хүүхнүүд Х.Цэцэгмаа, Д.Энхтуяа, Д.Солонго, Ж.Цэцгээ,
Д.Алтантуяа, Г.Дашдулам
Гудамжны
бүжигчин С.Шаравдорж, Х.Баярманлай,
Х.Гэрэлчимэг
Бухтай тулалдагч Н.Баатар

Эхлэл
Тайж язгуурын цэрэг эрийн хувцас, дундад зууны үеийн морьтойчуудын адал явдлын тухай бичсэн ном хоёроос хэзээд ч салдаггүй Дон Кихот уншиж байгаа номноосоо нүд үл салган байх зуур зээ дүү Антонина арай ядан номноос нь салгахад Дон Кихотын бодол өөрчлөгдөн өөрийн зэвсэгчээр Санчо Пансог авч, хуучны хуяг дуулга өмсөн том гэгчийн морин жад барьсаар алсын замд хөдлөхөөр шийдлээ.
Нэгдүгээр бүлэг
Испаний Барселон хотын байдал, голын эрэг дээр Лоренцын жижиг гуанз байна. Талбайгаар баярт оролцогсод зугаалан ийш тийш хөлхөнө. Лоренцын охин Китри ирж олныг хөгжөөн хөгжилт бүжгээ бүжиглэлээ. Китрийн сэтгэлт залуу Базиль Китрийг сурагласаар ирэхэд найз хүүхнүүд нь Китрийг нууна. Базилийн найз залуус тэр хоёртой уулзуулахад Китри, Базилийн хөгжөөнт бүжиг эхэлнэ. Бүжиг өрнөж байтал Лоренцо ирж тэр хоёрыг салгалаа. Базильд сэтгэлтэй хэмээн Китри эцгийгээ ятгахыг оролдовч мөнгөгүй ядуу залуу Базиль Лоренцод таалагдсангүй. Энэ үед алтан эмжээрт дээл өмссөн ихэмсэг тайж Гамашийг гарч ирэхэд Лоренцоос бусад нь түүнийг шоолон инээлдэнэ. Гаднын хүмүүс байгааг үл харгалзан Гамаш, Китрийг эхнэрээ болгох хүсэлтэйгээ илчлэв.
Лоренцо баяртайгаар охиноо Гамаш руу дагуулан ирнэ. Гамаш ч Китрид ойртон хайр сэтгэлээ илчлэв. Түүнд Китрийн уур хүргэсэн учир дэвүүрээрээ Гамашийг цохин, олныг уриалан хөгжөөнт бүжиг Сегедили хэмээх олон хүний бүжгийг бүжиглэцгээлээ. Бүжиг дуусаж, гудамжны бүжигчин хүүхэн гарч ирэхэд, цугларагсад алга ташин угтлаа.


Хөгжөөнт хөгжим эгшиглэн, олон түмний хайрыг татсан бухтай тулалдагчид хэсэг, хэсгээрээ гарч бүжиглэв. Гудамжны бүжигчин хүүхэн алдарт тэмцээнчид гарч ирэхийг тэсэн ядан хүлээнэ. Тайзан дээр тэмцээнчид гудамжны бүжигчин хүүхэнтэй бүжиглэн, бухын тулалдаан дүрсэлнэ. Гэнэт цугларагсад зам тавьж уйтгарт Дон Кихот, Санчо Пансо нар орж ирэв. Санчо Пансо бүрээ татан хэрэн хэсэж яваа тайж язгуурын цэргийн эр ирж байгааг мэдэгдэв.
Лоренцо олны дундаас гарч ирэхэд, Дон Кихот түүнээс хоол өгөхийг шаардан хамт явлаа. Санко Пансо тэднийг даган мөн яаравчлав. Энэ бүдүүн эрийг дооглон тохуурхахаар завдан байсан хүүхнүүд түүнийг тойрон нүдийг нь боож тоглоё гэцгээв. Хүүхнүүд Санчотой бүжиг хийн толгойг нь эргүүлж унагалаа. Тоглоом үүгээр дууссангүй.
Дараа нь эрэгтэйчүүд Санчог дээш шидэцгээнэ. Санчо тусламж гуйхад Дон Кихот бамбайн оронд таваг, жадны оронд сэрээ барин цугларагсад руу дайрч Санчог суллав.
Бүжиг дахин үргэлжиллээ. Дурлалт Базиль, Китри нар цуг байгаа нь харагдана. Дон Кихот Китрийг хараад зүүдэнд ордог сайхан хүүхэн Дульцине, хэмээн андуурч түүний өмнө өвдөг нугалан франц бүжиг (менуэт) хийхээр урина.
Китри менуэт хийх зөвшөөрөл Дон Кихотод өгч хамтаар бүжиглэцгээхэд тайж Гамаш ч Китрийн найз хүүхэнтэй бүжиглэнэ. Гамаш Китри руу очиход, залуучууд саад хийж, түүнийг түлхэцгээнэ.
Бүжиг үргэлжилнэ. Үймээний далимд Санчо Пансо нэг том загас хулгайлан авч нуухыг оролдон шуугиан дэгдээж, бүжиг таслав.
Лоренцо түүнийг хөөж иржээ. Будлианы үеэр Базиль, Китри хоёр найз хоёр хүүхэнтэйгээ Шар айрагны газар уулзахаар тохиролцон зугтацгаана.

Хоёрдугаар бүлэг
Шар айргийн газар. Эрэгтэй эмэгтэй залуучууд бүжиглэцгээнэ. Баярын зугаалганд оролцогсод энд цугларчээ. Наргиан ид эхэлж байтал хөөж яваа хүмүүсээс нуугдаж амжсандаа баярласан Китри, Базиль хоёр ирцгээн хөгжилтэй бүжиглэцгээнэ. Китрийн найз хүүхнүүд ч тохирсон ёсоор тэр хоёртой уулзан хөгжөөнт бүжиглэлийг үргэлжлүүлнэ. Шар айргийн газар цуглардаг хүмүүст нэр хүндтэй Мерседес хүүхэн бүжиглэж олны анхаарлыг татав. Үзэгчид цэцэг шиднэ.
Цыганууд ч ирлээ. Хөгжөөнт бүжиглэл ид үргэлжлэн байх үед Лоренцо, Гамаш хоёр Китрийг эрсээр орж ирнэ.
Китрийг найз хүүхнүүд нь нуусан боловч эцэг Лоренцодоо баригдлаа. Лоренцо Китрийг Гамаш руу хүчээр түлхэн гар бариулан адислаж, түүнтэй суулгахаар завдахад, Китрийн найз хүүхнүүд, Базилийн найз залуус саад учруулна. Цугларагсдыг хага яран Базиль гарч ирээд солиотой хүний царай үзүүлэн өөрийгөө хутгалан ойчлоо. Энэ үед энэрэнгүй үзэлт Дон Кихот үхсэн Базильтай Китрийг суулгахаар адислахыг Лоренцод тушаана. Дон Кихотоос айсан Лоренцо, Китри Базиль хоёрыг аргагүйн эрхэнд адислав. Үсчин залуу Базиль зөвхөн үүнийг л хүсэж байжээ. Худлаа үхсэн Базиль босон харайхад түүний найз нөхөд дохио өгч Китрийг аван зугтацгаана.
Харанхуйлал
Замын хажуугийн алс тэртээ салхин тээрэм
харагдана, Дон Кихот Санчо Пансогийн хамт хэсүүчлэн явсаар энд иржээ. Дон Кихот
салхин тээрмийг харахад аварга том хүн гараа сунгаж байгаа мэт түүнд бодогдон
устгахаар шийднэ. Энэ бол энгийн нэг салхин тээрэм гэдгийг Санчо Пансо, Дон
Кихотод ойлгуулахыг хичээвч бүтсэнгүй. Дон Кихот жадаа гарган тээрмийн сэнстэй
байлдаж эхэллээ.
Дон Кихот сэнстэй байлдсаар түүний үзүүрт өлгөгдөн газарт ойчин ухаан алдав. Шигүү ой, шархадсан Дон Кихотыг авч яваа Санчо түүнийг унтуулна. Санчо ч өөрөө унтлаа.
Харанхуйлал
(Зүүд)
Янагийн охин тэнгэрүүд Дон Кихотод түүний
хайрт хатагтай Дульцинег нь авчирч өгч байгаагаар зүүдэлнэ.
Гуравдугаар бүлэг
Барселон хотын талбай. Ёслолын бүжиг. Китри, Базиль хоёр хуримлаж байна, Хэсүүчлэн яваа Дон Кихот, Санчо Пансо хоёр ч хурим дээр ирж баяр хүргэцгээнэ. Дон Кихот хуримыг умартан аяллаа үргэлжлүүлэхээр явахад залуучууд үдэн гаргана. Наргиан эхэлж Китри, Базиль хоёр хослон бүжиж, уригдсан хүмүүс Испаний (Эспа-на Каны) бүжиг хийнэ.