
Арав хүрэхгүй жилийн өмнө Азийн үзэгчдийн хүрээнд л эргэлддэг байсан Солонгос цуврал киноны зах зээл өдгөө хэл, соёлын хил хязгаарыг нэгэнт давж, дэлхийн хаана ч стриминг платформуудын хамгийн эрэлттэй контент болсон.
Squid Game, Crash Landing on You, The Glory, Queen of Tears зэрэг бүтээлүүд олон улсын үзэгчдийг байлдан дагуулж, Солонгосын жүжигчид, найруулагч, зохиолчдыг дэлхийн хэмжээний одод болгосон юм. К-поп дуучдын амжилтын нэгэн адилаар зөөлөн хүчний бодлогын үр нөлөө зөвхөн телевизийн салбараар хязгаарлагдсангүй. Цуврал киногоор дамжуулан Солонгосын хоол унд, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас загвар, аялал жуулчлалд хандах олон улсын сонирхол нэмэгдэж, үндэсний соёлын экспортын томоохон хөдөлгөгч хүч болжээ. Өөрөөр хэлбэл, БНСУ өөрийн түүх, амьдралын хэв маягаар дэлхийн зах зээлээс дорвитой мөнгө босгож байна.
Гэвч дотооддоо нөхцөл байдал тэс өөр зүгт хандах болсныг кино уран бүтээлчид анхаарууллаа. Арваннэгдүгээр сарын эхээр Солонгосын телевиз, киноны салбарын 12 байгууллагын төлөөлөгч Сөүл хотноо хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, К-драмын үйлдвэрлэлийн салбар амь тавихад ойрхон буйг илчилсэн юм.
К-драма олон улсын амжилт олоход нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь стриминг платформууд. Netflix, Disney+ зэрэг компаниуд Солонгосын контентод үлэмж хөрөнгө оруулж, өмнө нь зөвхөн дотоодын телевизийн үзэгчдэд хүрдэг байсан бүтээлүүдийг дэлхийн зах зээлд гаргах боломж нээсэн нь маргашгүй үнэн. Үр дүнд Солонгосын продакшнуудын үйлдвэрлэлийн цар хүрээ тэлж, зураг авалт, тайз засал, дүрслэлийн технологи, жүжигчдийн ур чадварын түвшин эрс ахисан ололт бий.
Гэвч өсөлтийн цаана кино үйлдвэрлэлийн тогтвортой байдал хадгалагдаж чадсангүй. Харин ч дэлхийн зах зээлд өрсөлдөх шаардлага үйлдвэрлэлийн зардлыг огцом нэмэгдүүлжээ.
Солонгосын цуврал кино үйлдвэрлэлийн тоо 2022 онд 141 байсан бол 2025 онд ойролцоогоор 115 болж бууран хоёрхон жилийн дотор бүтээлийн хэмжээ 30 орчим хувиар хумигдсан байна.
Цуврал киногоор үзэгчээ татдаг уламжлалтай телевизүүдийн хувьд нөхцөл байдал бүр ч дордов. KBS, MBC, SBS гэсэн гурван том телевизийн бүтээсэн цувралын тоо 2012 онд 91 байсан бол 2023 онд ердөө 32 болтлоо буурчээ. Шинэ бүтээлийн хомсдолд орсон зарим телевиз зөвхөн амралтын өдрөөр л цуврал кино гаргахаар хөтөлбөрөө өөрчлөв.

Угтаа энэ нь үзэгчид цуврал сонирхохоо больсны илрэл биш, харин кино үйлдвэрлэлийн уламжлалт бизнес загвар хуучирч, шинэ нөхцөлд дасан зохицож чадахгүй байгаагийн шинж юм. Өмнө нь телевизүүд зар сурталчилгааны орлогоороо шинэ бүтээл захиалж, продакшн компаниудтай хамтран ажиллах хэлбэрээр олон ангит кино үйлдвэрлэлийн гол санхүүжүүлэгч байв. Гэвч үзэгчид телевизийн хөтөлбөрөөс татгалзан стриминг платформ руу шилжсэнээр зар сурталчилгааны орлого бууран шинэ бүтээлд зарцуулах хөрөнгө ч хумигдсан аж.
Нөгөө талаас, үзэгчдийн хүлээлт шаардлага ч өөрчлөгдсөн. Олон улсын зах зээлд өрсөлдөх кино бүтээхийн тулд өндөр чанартай зураг авалт, төгс тайз засал, сонин содон тусгай эффект ашиглах нь зүй. Энэ тохиолдолд дотоодын телевизийн хэмжээнд л хүрэх төсөрхөн мөнгөөр дэлхийн үзэгчдийн хүлээлтийг хангахад хүрэлцэхгүй болжээ.
2025 онд Солонгосын давалгаатай холбоотой экспорт 18.98 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний дотор телевиз, видео контентын экспорт ойролцоогоор 1.25 тэрбум ам.доллар.Тэгвэл 2027 оны төсвийн төсөлд телевиз, видео салбарт хуваарилах хөрөнгийг 91.8 тэрбум воноос 87.3 тэрбум болгон бууруулахаар тусгажээ. Мөн Солонгосын хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны комиссын телевизийн контент дэмжих төсөв 16.8 тэрбумаас 12.4 тэрбум вон болж буурахаар байна.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Олон улсын соёлын солилцооны сангийн мэдээллээс

Олон улсын платформууд өндөр төсөвтэй кино захиалж, үйлдвэрлэлийн зардлыг санхүүжүүлдэг ч хариуд нь тухайн бүтээлийн оюуны өмчийн эрх, дэлхий даяар түгээх эрхийг өмчлөх нөхцөл тавих нь элбэг.
К-драмын үйлдвэрлэлийн зардлыг өсгөж буй өөр нэг хүчин зүйл бол жүжигчдийн цалин хөлс. Олон улсын платформууд үзэгчдийн анхаарлыг татахын тулд од жүжигчдийг гол дүрд тоглуулах сонирхолтой. Radar. ph-ийн мэдээлэлд дурдсанаар, зарим жүжигчний нэг ангид авах хөлс хэдэн зуун сая вонд хүрч, онцгой гэрээнүүд нэг тэрбум вон давсан аж. Жүжигчдийн хөлс кино төсвийн 32 хувиас давсан тохиолдол ч бий.
Түүнчлэн өндөр цалин хөлстэй оддын оролцсон бүтээлд хөрөнгө оруулах нь харьцангуй найдвартай сонголт мэт харагддаг учраас хөрөнгө оруулагчид шинэ зохиолч, танигдаагүй жүжигчидтэй туршилтын бүтээл хийхээс гар татах болжээ.
Ингэснээр салбарын бүтээлч олон талт байдал хумигдаж, нөгөө л танил жүжигчин, улиг болсон сэдэв, өгүүлэмж давтагдаж буйг үзэгчид шүүмжилж эхэлсэн. Олон ангит киноны салбар шинэ зохиолч, найруулагч, жүжигчдийг төрүүлж, тэдэнд туршлага хуримтлуулах боломж олгодог тогтолцоо байсаар ирсэн. Нэг төсөл дээр туслах зохиолч, найруулагчаар ажиллан дараагийн бүтээлийг бие даан туурвих зам мөр нээгддэг. My Mister зэрэг алдартай бүтээлийн зохиолч Пак Хэ Ёнгийн хэлснээр өмнө нь нэг төсөл дуусахад хамтран ажилласан туслах зохиолчдод дараагийн бүтээлээ санал болгох боломжтой байдаг байсан бол одоо тэдэнд ажил олдохгүй болжээ.
Солонгосын Драмын найруулагчдын холбооны тэргүүн Ким Жон Чан ч “ажил алга” хэмээн нөхцөл байдлыг товч тодорхойлсон. Богино хэмжээний контент болон хиймэл оюун ухааны хөгжил энэ дарамтыг улам нэмэгдүүлж байна.

К-драмын хямралыг Солонгосын соёлын салбарын бусад чиглэлээс тусад нь авч үзэх боломжгүй. Солонгосын кино театруудын үзэгчдийн тоо 2019 оноос хойш 45 хувиар буурч, 123 сая болжээ. Театруудын кассын орлого ч 1.3 тэрбум ам.доллароос 812 сая ам.доллар болтлоо буурсан. Харин К-попын биет цомгийн борлуулалт 2024 онд өмнөх оноос 19.5 хувиар буурч, сүүлийн арван жилд анх удаа уналт үзүүлжээ.
Тиймээс кино уран бүтээлчид төрөөс бодитой дэмжлэг үзүүлэхийг шаардаж эхэллээ. Дээр өгүүлсэн хэвлэлийн бага хурлын үеэр эхээр Солонгосын телевиз, киноны салбарын 12 байгууллагын төлөөлөгчид таван жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийг тэтгэх нэг их наяд воны хөрөнгө оруулалтын сан байгуулах санал дэвшүүлсэн. Тус сан нь зөвхөн өндөр төсөвтэй, дэлхийн зах зээлд шууд борлогдох магадлалтай бүтээлүүдийг санхүүжүүлэх бус, дунд болон бага төсөвтэй драмын үйлдвэрлэлийг сэргээхэд чиглэх ёстой гэж салбарынхан үзэж байна.
Гэхдээ төрийн санхүүжилт дангаараа хямралыг шийдэхгүй. Дотоодын продакшн компаниуд бүтээлийнхээ оюуны өмчийн эрхийг хадгалах, эсвэл амжилтаас хамаарсан нэмэлт орлого хүртэх боломжийг нээж өгөх ёстойг зарим уран бүтээлчид сануулж байна. Эдгээрээс хамгийн чухал нь шинэ зохиолч, найруулагч, жүжигчдийг бэлтгэх үйлдвэрлэлийн орчныг сэргээх явдал юм. Солонгосын Драмын продюсеруудын холбооны тэргүүн Сон Бён Жүнгийн хэлснээр зуун кино гаргахад нэг нь хит болох ч бусад 99 бүтээл мөн адил чухал. Учир нь тэдгээрийг бүтээхэд зохиолч, найруулагч, жүжигчид хамтдаа өсөж хөгжиж, ирээдүйд амжилт түүчээлэх туршлага хуримтлуулдаг.