
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг (МХЕГ) татан буулгаад багагүй хугацаа өнгөрчээ. 2023 оны нэгдүгээр сард засгийн газар уг байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг нь салбарын яамдад шилжүүлэх шийдвэр гаргасан.
Тухайн үед 1400 гаруй албан хаагчтай, 26 чиглэлээр хяналт, шалгалт хэрэгжүүлдэг төвлөрсөн бүтэц ийнхүү задарч, 800 орчим албан хаагч ажлаа үргэлжлүүлж, 300 гаруй нь цомхотголд өртсөн юм. Шийдвэрийн үндэслэлийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан давхардсан чиг үүргийг арилгаж, иргэдэд учирдаг хүнд суртлыг бууруулахтай холбон тайлбарлаж байв. Төрийн байгууллагууд ижил төрлийн хяналтыг давхар хийж, бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэдэг байсан нь реформ хийх шалтгаан болсон гэж үздэг. Гэвч татан буулгах шийдвэр нь зүгээр нэг захиргааны бүтэц цомхотгох асуудал байгаагүй.
Учир нь МХЕГ нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, барилгын стандарт, байгаль орчны шаардлага зэрэг нийтийн ашиг сонирхолтой шууд холбоотой өргөн хүрээний хяналтыг хэрэгжүүлдэг институц байсан. Хуулийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хамгаалах нь тус газрын үндсэн үүрэг байв.
Бодит амьдрал дээр тус байгууллагын талаарх ойлголт олон нийтийн дунд тийм ч эерэг байгаагүй. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд мэргэжлийн хяналт нь алдаагаа залруулахад туслах биш, харин тогтмол ирж дарамт учруулах бүтэц мэт ойлгогдох болсон юм
Байцаагчид бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх, зөрчлийг арилгах хугацаа олгохоос илүүтэй шийтгэл оногдуулах, торгууль тавихад голчлон төвлөрдөг байсан нь шударга бус тогтолцоог бий болгосон. Үүн дээр зарим албан тушаалтнуудын авлигын ноцтой хэргүүд нэмэгдсэн нь байгууллагын нэр хүнд унаж, МХЕГ-ыг татан буулгах шийдвэрийг нийгмийн тодорхой хэсэг дэмжихэд хүргэсэн билээ.
МХЕГ-ын удирдах албан тушаалтнуудын гэр, албаны өрөөнөөс их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн талаар Авлигатай тэмцэх газраас 2021 онд мэдээлж байв. Тодруулбал, МХЕГын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт АТГ-аас нэгжлэг хийх явцад зочны өрөөнөөс нь 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс нь 17.5 сая төгрөг, сейфнээс нь 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс нь 8600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг. Түүнчлэн, МХЕГын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяагийн өмчлөлийн ХанУул дүүргийн 15-р хорооны “Рапид” хотхоны орон сууцанд нэгжлэг хийхэд 57.4 сая төгрөг, 20 мянган юань илэрснийг, хураан авч улсын хөрөнгө болгосон.
Засгийн газарт уг асуудлыг шийдвэрлэх, авлигад холбогдсон албан тушаалтнуудын хариуцлагыг чангатгаж, хяналтын процессыг цахимжуулаж, ил тод болгох замаар институцийн шинэчлэл хийх боломж байсан. Харамсалтай нь, мэргэжлийн хяналтыг нэг мөр татан буулгаж, чиг үүргийг салбар яамд руу тараан шилжүүлсэн нь чухал салбаруудад хяналтын тогтолцоог тарамдуулсан бодлогын шийдвэр болсон юм. Үүний үр дүнд хүнсний аюулгүй байдал, барилгын стандарт, хөдөлмөр хамгаалал зэрэг салбарууд дахь хариуцлагын механизм сарниж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бодитоор хангах чадамж суларсан.
Учир нь хяналтын чиг үүрэг хэд хэдэн яамд руу хуваагдсанаар нэгдсэн стандарт, хариуцлагын төвлөрөл алдагдаж, зөрчил илрүүлэх, хяналт тавих механизмын уялдаа буурсан гэж хэлэхэд буруудахгүй. Ийнхүү институцийн нэгдмэл байдал алдагдах нь иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэлийг нэмэгдүүлснийг өнгөрсөн хугацаанд гарсан бодит тохиолдлууд бэлхнээ гэрчилнэ.
Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 21-ны өдөр Нийслэлийн ХанУул дүүргийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаа хордлогын шинж тэмдгээр эмнэлэгт хүргэгдсэн явдал нийгмийг цочроосон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Боловсролын газраас сургуулийн орчныг солих зэрэг шат дараатай арга хэмжээ авсан ч, яг юунаас болж хордсоныг эцэслэн тогтоож чадаагүй. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Нийтийг хамарсан хордлогын шинж чанаргүй” гэх дүгнэлт гаргасан боловч асуудал хаанаас, юунаас үүдсэн нь тодорхойгүй хэвээр үлдсэн билээ.
Тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас тодруулга авахад, хэн эцсийн дүгнэлт гаргах, хяналт шалгалтыг хэн хариуцах нь тодорхойгүй байсныг харуулж, институц хоорондын уялдаа сул байгааг илтгэсэн юм.
Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд хүнсний аюулгүй байдал алдагдах, стандартын бус барилга ашиглалтад орох, галын аюулаас үүдэж хүний амь нас хохирох зэрэг ноцтой тохиолдлууд ар араасаа бүртгэгдсэн нь эрсдэл өндөр салбаруудад нэгдсэн, уялдаа бүхий хяналтын механизм ямар их дутагдаж байсныг сануулсан билээ. Эдгээр гашуун жишээнүүд нь МХЕГ нийгэмд, тэр дундаа хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад ямар онцгой чухал институц байсныг төр засагт ч, олон нийтэд ч хатуу сануулсан юм. Тиймээс МХЕГ-ыг татан буулгасан нь “алдаа” байсныг төр засаг албан бусаар хүлээн зөвшөөрч, УИХ-аас тус байгууллагыг дахин байгуулах чиглэлийг Засгийн газарт өгөөд буй. Нэгэнт МХЕГ-ыг шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар эргүүлэн авч ирэхээр болсон бол энэ нь хуучин системийг халж олон улсын туршлагыг хэрэгжүүлэх чухал шийдвэр болох биз. Тэгвэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэхүү институцийг хэрхэн зөв, авлигаас ангид шийдвэрлэдэг туршлагыг хэрэгжүүлдгийг сийрүүлье.
Олон улсад, ялангуяа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага буюу OECD-ийн гишүүн орнуудад хяналтын байгууллага нь бизнес эрхлэгчдийг торгох бус, зөвлөх зарчмаар ажилладаг. Энэхүү арга барил 1990-ээд оны сүүлчээс эрчимжиж эхэлсэн бөгөөд 2012 онд OECD-аас “Зохицуулалтын засаглалын зөвлөмж”- ийг гаргаснаар дэлхийн стандарт болж, олон оронд төлөвшжээ.
Одоогоор энэхүү арга барилыг Сингапур, Эстони, Нидерланд, Швед зэрэг орнууд хэрэгжүүлж, амжилттай хөгжүүлсээр байна. Тэдний хувьд бүх бизнесийг нэг бүрчлэн хавтгайруулан шалгах, торгохоос илүүтэй зөвхөн өндөр эрсдэлтэй салбаруудад гол анхаарлаа төвлөрүүлдэг аж. Тухайлбал, химийн үйлдвэрлэл, хүнс, эм бэлдмэл зэрэг иргэдийн эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлөх салбаруудыг “Өндөр эрсдэлтэй” гэж ангилж, төрийн хяналт, нөөцийг тийш нь чиглүүлдэг. Харин стандартын дагуу сайн ажиллаж байгаа, эрсдэл багатай бизнесийг төрөөс шаардлагагүй шалгалтаар дарамталж, үйл ажиллагаанд нь саад болохоос зайлсхийдэг байна.
Өндөр эрсдэлтэй салбаруудад хяналт тавихдаа ч бизнес эрхлэгчдийг шууд торгодог бус, эхлээд алдаагаа засах боломж олгох хугацаа өгдөг байна. Хэрэв заасан хугацаанд алдаагаа зассан бол торгууль тавих шаардлагагүй, харин засаагүй, эсвэл эрүүл мэнд, аюулгүй байдалд санаатайгаар хохирол учруулсан бол хатуу арга хэмжээ авах зарчмаар шийтгэдэг.
Үүнээс гадна олон улсад хяналтыг цахимжуулах байдлаар авлига, хүнд суртлаас сэргийлдэг байна. Тухайлбал, авлигын эрсдэлийг бууруулах үүднээс Сингапур, Эстони зэрэг орнууд хяналтын процессыг бүрэн цахимжуулж, байцаагчийн “үзэмжээр” бус, технологийн “Checklist” буюу хяналтын хуудасны дагуу шалгалт хийдэг байна. Энэ нь хяналтыг “шилэн” болгож, авлига авах боломжийг үндсээр нь таслахад чухал нөлөө үзүүлжээ. Мөн олон оронд хяналтын байгууллагууд бизнес эрхлэгчдийг зөвлөх, сургалт, семинар зохион байгуулах замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авч, зөв практикийг түгээдэг. Ийм систем нь зөвхөн алдааг илрүүлэхэд бус, урт хугацаанд бизнесийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бий болгоход чиглэгддэг байна.
Эцэст нь, Монгол Улсад МХЕГ-ыг сэргээх, шинэ бүтцээр байгуулахдаа эдгээр олон улсын туршлагыг нэвтрүүлэх нь зөвхөн авлига, хүнд суртлыг бууруулахаас гадна, иргэдийнхээ алтан амь, эрүүл мэндийг хамгаалах чухал суурь болох билээ.