
Завхан аймгийн цоохор ирвэсийн тархац нутаг дахь тоо толгой, нягтшил, шилжилт хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх зорилгоор хөдөлгөөн мэдрэгчтэй камер байрлуулжээ.
Алдархаан, Яруу, Идэр, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан сумын ирвэс бүхий бүс нутагт нийт 100 ширхэг хөдөлгөөн мэдрэгч автомат камер байрлуулсан байна.
Байршуулсан автомат камерын судалгаагаар ирвэс бүрийн биеийн хээ, толбоны өвөрмөц онцлогийг ашиглан нэг бүрчлэн таньж, давтан бүртгэл хийснээр тухайн нутаг дахь бодит тоо толгой, нутагшлын хүрээ, үржил, шилжилт хөдөлгөөнийг нарийвчлан тогтоох боломж бүрдэх юм. Энэ арга нь дэлхий нийтэд цоохор ирвэсийн мониторинг хийхэд өргөн хэрэглэгддэг, хамгийн найдвартай судалгааны аргачлалын нэг билээ.
Завхан аймаг нь Хангай, Монгол Алтайн уулсын шилжилтийн бүсэд оршдог бөгөөд Отгонтэнгэр уул орчмын өндөр уулын экосистем нь цоохор ирвэсийн амьдрах чухал орчинд тооцогддог.