
Талбайн теннисний хөвгүүдийн 16 хүртэлх насны “Davis Cup” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Шри Ланк улсын Коломбо хотод болж байна. 15 орон өрсөлдөж буй Ази, номхон далайн бүсийн чансаа өндөр уг тэмцээнд Монгол Улсын баг багтсан. Манай хөвгүүд хэсгийн сүүлийн тоглолтод Непалын багийг 3:0-оор хожлоо. Энэ тоглолтод Б.Жавхлан 6:0, 6:2, Г.Золбаяр 6:0, 6:0-оор өрсөлдөгчөө хожсон байна. Мөн хосын тоглолтод Г.Золбаяр, Б.Жавхлан нар Непалын хосыг 6:0, 6:3-аар буулган авч багийн дүнгээр 3:0-оор хожлоо.
Манай теннисчид тэмцээний 9-12-р байрын төлөө тоглоно. Энэ тэмцээний хагас шигшээд Шри Ланк, Малайз, Вьетнам, Туркменистаны багууд шалгарлаа. Тэмцээнд түрүүлсэн баг “Davis Cup” тэмцээний дараагийн шатанд тоглох эрхийг авах юм.
