
Ганц бие 20 гаруй насныхан болзооны аппликейшн дээр яриа эхлүүлэхдээ хиймэл оюун ухааны тусламж хэрэгтэй болж байгаа нь өөртөө итгэх итгэл бага байгаатай холбоотой гэж Hinge платформын удирдлага үзэж байна.
Hinge-ийн удирдах ажилтан Жэйки Жантос Jackie Jantos BBC-д өгсөн ярилцлагадаа Z үеийнхэн “Мэдээж хайр дурлалыг хүсдэг. Гэхдээ өөрсдийгөө илэрхийлж, бусдад нээлттэй байх итгэл дутмаг байгаа” гэжээ.
Тэрээр тохирсон хүнтэй яриа эхлүүлэхэд тусалдаг Hinge-ийн AI функцийг хамгаалан “Энэ функц таны өмнөөс үг бичих тухай биш. Харин таныг өөрийгөө илэрхийлэхэд туслах тухай юм” хэмээн тайлбарласан байна.
2012 онд байгуулагдсан бөгөөд Match Group компанийн эзэмшдэг Hinge нь “устгагдахаар бүтээгдсэн” гэсэн уриагаараа алдартай.
Жантосын хэлснээр энэ нь зүгээр нэг маркетингийн үг биш бөгөөд хэрэглэгчдийг аппликейшнд удаан байлгах бус, урт хугацааны харилцаа олоход нь туслах зорилготой аж.
Судалгаагаар Hinge-ийн сарын идэвхтэй хэрэглэгчдийн талаас илүү хувийг Z үеийнхэн эзэлдэг байна. Тэрээр мөн өнөөгийн залуус 20 жилийн өмнөх ижил насны хүмүүстэй харьцуулахад жилдээ ойролцоогоор 1000 цагаар бага хугацааг бусад хүмүүстэй нүүр тулан уулздаг. Өөрөөр хэлбэл өдөрт хоёр цагаас илүү хугацааг өөр хүмүүстэй хамт биш, харин гар утсандаа төвлөрөн өнгөрүүлж байна гэсэн үг юм.
47 настай Жантосын хэлснээр Их Британийн Z үеийн бараг тал хувь нь “байнга эсвэл маш олон удаа” ганцаарддаг гэж хариулжээ.
Тэрээр мөн Ковид19 цар тахлын улмаас олон залуус нийгмийн харилцааны хамгийн чухал жилүүдээ алдсан гэж үзэж байна. Түүний хэлснээр “Хүнтэй нүүр тулж харилцах, сээтэгнэх, дотно харилцааг ойлгох зэрэг туршлага хуримтлуулах тэр үе олон хүний хувьд тасалдсан” аж.
Болзооны аппын ядаргаа
Варвикийн Их сургуулийн дэд профессор Каролина Бандинелли цар тахал Z үеийн болзооны хэв маягийг өөрчилсөнтэй санал нэг байна. Түүний үзэж байгаагаар болзооны аппууд хүмүүсийг бараг хязгааргүй олон хүнтэй холбож өгнө гэсэн амлалт өгсөн ч бодит байдал дээр хүссэн үр дүнд хүрээгүй.
Харин залуу мэргэжилтнүүдэд зориулсан болзооны үйлчилгээ болох Cupid in the City-ийн үүсгэн байгуулагч Сиобан Копланд 20 гаруй насныхан болзооны аппын ядаргаанд орсон гэж үзэж байна.
Тэрээр “Одоо тооноос илүү чанартай холбоо чухал болсон” гэж хэлжээ.
Мөн Z үеийнхэн өмнөх үеийнхнээс ялгаатай нь архи уух соёлыг төдийлөн сонирхдоггүй болсон гэж тэр онцолсон байна. “Тэд баасан гаргийн орой бааранд суухаас илүү фитнест байх магадлал өндөр” гэдгийг Копланд онцолжээ.