
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал төсвийн тодотголтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Статистик мэдээллээр энэ онд уул уурхай, барилгын салбар өсөлттэй байна. Худалдааны салбар уналттай, үйлчилгээний салбарын өсөлт саарсан байна. Экспорт сайн байгаа ч тэндээс орж ирсэн мөнгө барилгын салбар руу орж иргэдэд хүртээлгүй байна. Уул уурхайн салбарын орлогын өсөлт иргэдэд эерэг нөлөө үзүүлэхгүй байна гэсэн үг. Нийт салбарын 80 хувь нь уналттай байна.
Төсвийн тодотголд ахматдуудын суур тэтгэврийг 100-300 мянгаар, төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэхээр тусгасан. Мөн мах, хүнсний ногоо, эрчим хүчний үнийн тохиргоонд тодорхой хэмжээний төсөв зарцуулахаар тусгасан байна. Үүнд нийтдээ 1.4 их наяд шаардлагатай. Энэ мөнгийг хаанаас гаргах нь чухал. Үүний дийлэнх буюу 758 тэрбумыг нийслэлийн ашиглаагүй бондоос зарцуулах юм байна.
Мөн Засгийн газар зээл авах нь. Дотооддоо нэг их наяд төгрөгийн бонд гаргахаас гадна Азийн хөгжлийн банкнаас 450 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа юм байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн урсгал зардал ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байх тухай заалт бий. Гэтэл энэ заалтыг хуулиас хасах саналыг Засгийн газар тодотголтой хамт өргөн мэдүүллээ. Тэгэхээр цаашдаа төсвийн зарлага хязгааргүй болох нь. Мөн төсвийн хүрээний мэдэгдлийг баталснаас хойш гурван сарын дараа төсвөө батлах заалт байдаг. Гэтэл энэ хугацааны хязгаарыг авч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, дуртай үедээ төсвөө өөрчилдөг болох нь. Ерөнхийдөө төсөв улам л тогтворгүй болохоор байна" гэлээ.