
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өнгөрсөн долоо хоногт “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа. Тэрээр ирээдүйн нийслэл хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээний хүнд суртал, төсөв, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнесийн орчны асуудлыг цогцоор нь шийдэхээ амлаж, нийслэлд хэрэгжүүлэх олон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан юм.
Нэр нь “Шинэ үеийн Улаанбаатар” боловч яригдаж буй асуудлуудын ихэнх нь хуучин. Тухайлбал, утааг бууруулна, түгжрэлийг арилгана, нийтийн тээврийг шинэчилнэ, дэд бүтцийг сайжруулна гэсэн амлалтыг Улаанбаатарын иргэд үе үеийн хотын дарга нараас сонссоор ирсэн. Гэвч бид шинэчлэл, дэд бүтцийн гацаанаасаа төдийлөн урагшилсангүй.
Харин энэ удаагийн танилцуулгаас нэг зүйл онцгой анхаарал татав. Тэр нь нийслэлийн түгжрэлийг бууруулахад чиглэсэн “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн төсөл юм.
Хотын даргын тайлбарласнаар “Sky Shuttle” нь хамгийн сүүлийн үеийн ногоон, ухаалаг нийтийн тээврийн шийдэл бөгөөд дэлхийд тэргүүлэгч технологийн байгууллага BYD компанитай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тэрээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын үеэр болсон Хотын дарга нарын форумын хүрээнд олон гэрээ, хэлэлцээр хийж, 400 сая ам.долларын санхүүжилт босгосноо өмнө нь мэдээлсэн.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Шэньжэнь хотод BYD компанийн удирдлагуудтай уулзаж, техникийн хурлаа хийсэн байна. Ийнхүү “Sky Shuttle”-ийн ТЭЗҮ-ийг энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны дотор дуусгаж, ирэх жил эхний шугамыг ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байгаагаа танилцуулсан. Түүний хэлснээр “Sky Shuttle” нь өөртөө батарей хураагууртай, метро байгуулахаас дөрөв дахин хямд, хэрэгжүүлэх хугацаа нь метро байгуулахаас 2-3 дахин богино байх боломжтой орчин үеийн нийтийн тээвэр аж.
Мэдээж түгжрэлд сөхөрсөн бидний хувьд нийтийн тээврийн шинэ шийдэл хэрэгтэй гэдэгтэй маргах хүн цөөн. Гэхдээ нэг асуулт байна. Тог, дулаан, ус, инженерийн шугам сүлжээ нь хүрэлцээгүй хотод sky shuttle буюу тэнгэрийн тээвэр байгуулах боломжтой юу, хотын дарга аа.
Шинэ үеийн технологийн хот гэгддэг БНХАУ-ын Шэньжэнь хоттой харьцуулахад Монгол Улсын эрчим хүчний системийн нөхцөл байдал тэс өөр. Тэнд туршигдаж, хөгжүүлэгдсэн цахилгаан тээврийн хэрэгслийг Улаанбаатарт нутагшуулахын өмнө хамгийн түрүүнд бид өөрсдийн эрчим хүчний систем энэ ачааллыг даах эсэхээ тооцох ёстой.
Эрчим хүчний салбар энэ өвөл хэрхэх ээ ч Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдааны дараа мэдээлсэн. Тэрээр “Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай байгаа. Есдүгээр сарын сүүлээр 100 хувь болно. Өвөл чадлын дутагдлаа импортоор нөхнө. Ямарч нөөцгүй ажиллана. Цахилгаан станцуудын нэг ч зуух сул зогсохгүй бүх хүчин чадлаараа өдөр, шөнөгүй ажиллана. Эрсдэл байгаа ч хязгаарлалт хийхгүйн төлөө хичээж байгаа” гэсэн юм.
Мөн гуравдугаар цахилгаан станцад гарсан ослоос үүдэлтэй засварлах ажил үргэлжилж байгаа. Нэг турбингенератор нь 2028 оноос ажиллаж эхэлнэ. Сэлбэгийг нь захиалаад үйлдвэрлүүлээд завсарлахад хугацаа их орж буй. Нөгөө турбингенераторыг нь ирэх арванхоёрдугаар сарын 15-наас ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Гацаагчдаас болоод Монгол Улс бүх төрлийн цахилгаан станцаа барьж чадахгүй өдий хүрсэн. Нүүрсний асар их нөөцтэй байж эрчим хүчний хэрэглээнийхээ тавны нэгийг гадаадаас гуйж байна хэмээн мэдээлсэн. Гэтэл эрчим хүчний нөхцөл байдал энэ өвөл гал алдах үү, үгүй юу гэдэг дээрээ тулсан байхад нийслэлээс цахилгаан хангамж шаарддаг шинэ тээврийн систем нэвтрүүлэх гэж байгаа нь манай эрчим хүчний салбарт нэмэлт ачаалал болох эрсдэлтэй. Учир нь, “Sky Shuttle” тээвэр нь бидний мэдэх ердийн дугуйтай автобус биш. Энэ нь хотын гудамжны дээгүүр тусгайлан барьсан гүүрээр зорчдог, бүрэн автомат, жолоочгүй цахилгаан тээврийн систем юм. Тус тээврийн хэрэгсэл нь нэг километр тутамд дунджаар 0.6-0.8 кВт.ц цахилгаан эрчим хүч зарцуулж, доороо суурилуулсан лити-төмөр-фосфатын (LFP) батарейгаар ажилладаг аж. Утаа ялгаруулахгүй, ногоон тээврийн шийдэл боловч батарейгаа цэнэглэхдээ өндөр хүчин чадал шаарддаг. Тодруулбал, “Sky Shuttle” нь буудал дээр зорчигчдоо авахын зэрэгцээ маш богино хугацаанд буюу ойролцоогоор 30 секундэд батарейгаа хурдан цэнэглэдэг онцлогтой 100 хувь өндөр цахилгаан хангамж шаардагддаг тээврийн хэрэгсэл юм. Иймээс “Sky Shuttle” төслийг хэрэгжүүлэхийн өмнө нэг километр тутамд зарцуулах цахилгаанаас гадна өдөрт хэдэн тээврийн хэрэгсэл, хэдэн рейс хийх, цэнэглэх байгууламжууд нэг дор ямар хэмжээний цахилгаан шаардах, өвлийн оргил ачааллын үед сүлжээнд хэдий хэмжээний нэмэлт чадал үүсэхийг нарийн тооцож байж шинэ тээвэртэй болох нь зөв биз ээ.
Уг нь бол бид ногоон тээврийг дэмжих нь зөв. Гэхдээ тэр тээврийг ажиллуулах цахилгаан, түүнийг дамжуулах сүлжээ, цэнэглэх дэд бүтэц нь бэлэн үү гэдэг нь түүнээс дутахгүй чухал асуудал юм.