
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт 70 хувиар буурав
2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоон, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг 4 цуваагаар хязгаарлажээ. Энэ хугацаанд зэсийн баяжмалын экспорт 70 хувиар буурч, Оюутолгой сүүлийн 14 хоногт 300 сая ам.долларын боломжоо алдаад байна. Хятадын тал хил нэвтрэх тээвэрлэлтийг багасгасан шалтгаанаа тодорхой тайлбарлахгүй байгаа бөгөөд энэ байдал хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Сангийн сайд З.Мэндсайханы хэвлэлд өгсөн тайлбараар Хятадын тал боомтын засвар үйлчилгээ наймдугаар сард эхэлсэн нь 10 сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм. Он дуустал нөхцөл байдал сайжрахгүй бол Оюутолгой 1.2 тэрбум ам.долларын экспортын боломжоо алдах эрсдэл тулгараад байна.
Гэтэл пүрэв гарагт Оюутолгойн гүний уурхайд газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөв. Тус компаниас өгсөн мэдээллээр 2 ажилтан Улаанбаатар хотод эмнэлгийн үйлчилгээ авч байгаа бөгөөд гэмтлийн зэрэг нь амь насанд халгүй гэв. Үлдсэн 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гарчээ.
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоолоо.
Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоожээ. Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.
Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно. Мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэх журам батлагдлаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн байгаль орчинд үзүүлсэн нөлөө, учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын баг хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд хээрийн судалгаа хийж, дээж материал цуглуулах ажлаа дуусгалаа.
Ажлын хэсэг Соёлз уул, Галдастайн гол, Цэцэгт уул, Зараа уул, Бичигт толгой, Орч уул орчмын бүсэд ажиллах үеэр тал хээрийн ургамлан нөмрөгийн газрын дээрх биомассын дийлэнх хэсэг түймэрт өртсөн болохыг тогтоосон байна. Харин түймэрт өртсөн хусан ойн экосистемийн хувьд шаталтын эрчим харьцангуй сул болон дунд түвшинд байсан талаар урьдчилсан ажиглалт гарчээ.
Гэсэн хэдий ч түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй юм. Ургамлын үндэсний систем, хөрсний органик үе давхарга, хөрсний үржил шим, экосистемийн нөхөн сэргэх чадавх хэр хэмжээнд өөрчлөгдсөнийг лабораторийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг орчим түймэрт өртөөгүй. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтаршил жирийн үеэс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. Иймээс энд өвөлжих амьтдад биотехникийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсээд байгаа аж.
Японы хөрөнгө оруулалттай компанийн автомашинаас түймэр дэгдсэн тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр өргөн тархаж улмаар тус улсын засгийн газраас JICA-гийн мэргэжилтнүүдийг Нөмрөгийн түймрийн хохирлыг үнэлж, нөхөн сэргээлт хийхэд илгээхээ мэдэгдээд буй. Өнгөрсөн долоо хоногт Японы Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Дээд шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгов
Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхээр бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан 16 настай охины хэргийг хоёр өдөр хэлэлцэн шийдвэрээ гаргалаа.
Хяналтын шатны шүүхээс 16 настай охиныг хөнөөсөн Ц.Давгадоржыг бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээв. Харин Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо.