
Чингис хааны эш хөргийг 1278-1279 оны хооронд Хори Хасун хэмээх монгол зураач бүтээж байжээ. Одоогийнхоор бол “ам зураг” гэж болох эл хөргийг өвөөгөө нүдээрээ харсан түүний ач хүү Хубилай хааны яриаг голлож, мөн Их хааныг харж асан бусад гэрчүүдийн дүгнэлт ярианд үндэслэж зурсан байдаг.
Уг үйл явдлын үеэр зарим хаад, хатдын хөргийг ч бүтээсэн бөгөөд тахилгын сүм байгуулан залж, тахин шүтэх болжээ.
Даруй 740 жилийн настай эл зургийн эх хувь өдгөө Тайванийн Үндэсний музейн хосгүй нандин үзмэр болон хадгалагддаг. Тайванийн “Үндэсний хааны ордон музей” долоодугаар сарын 2-7-ны өдрүүдэд Чингис хаан болон бусад хаад, хатдын зургийг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ. Хамгийн сүүлд 15 жилийн өмнө дээрх зургуудыг олон нийтэд харуулж байжээ.