
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж, 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Тус компанийн хувьд 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Цэвэр ашгийнхаа 70 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг байдлаар тараахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцож, 1072 хувьцаатай иргэд 63242 төгрөг авав.
Монгол Улсын нүүрсний экспортын 30 гаруй хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар бүрдүүлдэг боловч тарааж буй ногдол ашиг нь хоёр кг махны үнэд хүрсэнгүй гэж чамлах хүн цөөнгүй. Ямар ч хувьцаат компани хэр хэмжээний ашигтай ажилласан эсэхээс хамаарч, ногдол ашиг тараах эсэх шийдвэрээ гаргадаг. Заавал тараах үүрэг байхгүй ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд асуудал өөрөөр яригддаг. “Газрын доорх баялаг төрийн нийтийн өмч” гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан уул уурхайгаас олж байгаа ашгийг иргэдэд тэгш хүртээх, тэр тусмаа хувьцааг нь эзэмшиж байгаа Төрийн өмчит компанийнх нь ашгаас иргэдэд өгөөж өгөх ёстой гэдэг агуулгаар ханддаг.
Уул уурхайгаас олох үр өгөөжийн биет хэмжээг нэмэгдүүлэх замаар төлөвлөдөг байсан бол сүүлийн хоёр жил экспортын биет хэмжээнээс илүү үнэ ямар байх нь хамгийн их санаа зовоосон асуудал болж хувирав. Тэр дундаа нүүрсний үнийн уналт нь төсвийн орлого тасалдахад хүргэж, тодотгол хийх шалтгаан болж буй. 2025 оны эхний хагас жилд БНХАУын үл хөдлөх хөрөнгийн салбарын зогсонги байдал, олон улсын харилцааны тодорхойгүй байдал, Хятад Америкийн худалдааны дайны нөлөөгөөр нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 44 хувиар унасан. Харин оны III улирлаас Хятадын нүүрсний дотоод нийлүүлэлт буурсан нь манай улсын нүүрсний экспортод эергээр нөлөөлөв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулдаг нүүрсний үнэ зөвхөн хилийн үнээс шалтгаалдаггүй. Уурхайн амны үнэ, биржийн үнэ гэх мэт өртөг зардлаасаа хамаараад өөр өөр байдаг. Тус компани нүүрснийхээ 10 гаруй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж байгаа бөгөөд 2025 онд DAP Ганцмод нөхцөлтэй коксжих нүүрсийг тонн тутмыг 94.3 ам.доллар, 1/3 коксжих нүүрсийг 67.4-72.4 ам.доллар, эрчим хүчний нүүрсийг 34.9-35.1 ам.доллароор борлуулжээ. Харин олон улсын 5 индексийн хөдөлгөөний дагуу улирал тутамд өөрчлөгддөг урт хугацаат болон оффтейк гэрээнүүдийн нүүрсний үнэ үүнээс хямд. Ганцмод боомтын үнэтэй харьцуулахад л 2025 онд 50-90 ам.доллароор доогуур тогтжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу
Хуучин буюу ам нөхцөлтэй гэрээ, оффтейк гэрээ гэдэг нь худалдааны нөхцөлөөс хамаарч муу, сайны асуудал биш. Харин анхныхаа үнийг тогтоохдоо муу тогтоосон гэрээ л гэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компани анх 2011, 2012 онд гэрээ байгуулахдаа уурхай нь эхлээгүй уул байсан учраас мэдээгүй юм уу хямд үнэтэй гэрээ байгуулсан нь өнөөдрийг хүртэлх бүх гэрээний суурь үнэ болоод явж байна. Тээврийн зардал нь нүүрснээсээ үнэтэй болж, нүүрсний үнэ хамгийн оргилд хүрч, өндөр байх үедээ монголчууд, “Эрдэнэс Тавантолгой” ашиг хүртэж чадаагүй юм байна лээ. Хямдхан гэрээний нөхцөлтэй нүүрс их хэмжээгээр экспортлох тусам бид өөрөө өөрсдийнхөө үнийг унагаж байгаа. Монголын экспортын хамгийн сайн нүүрс Тавантолгойн бүлэг ордоос гарч байна. Нарийн сухайтынх 1/3, Ханги мандалынх исэлдсэн эрчим хүчний нүүрс байгаа. Гэтэл Монгол Улс нүүрсний бодлогогүйгээс болж хамгийн сайн чанарын нүүрсээ тааруухан үнээр гэрээ байгуулж, ам өчиг авч олон жилийн, урт хугацаатай гэрээ байгуулчихсан.

Хамгийн сайн чанарын нүүрстэй Тавантолгойн бүлэг ордынхоо нүүрсийг яагаад урт хугацааны гэрээ байгуулж хямдаар зарах болов. Үүний эхлэл нь “Чалко”-гийн гэрээ байсан. 2012 оны сонгуулийн өмнө тухайн үеийн хамтарсан Засгийн газрын тэргүүн Сү.Батболд, Сангийн сайд С.Баярцогт, Уул уурхайн сайд Д.Зоригт тэргүүтэй хүмүүс БНХАУ-ын төрийн өмчит “Чалко трейдинг Хонконг” компаниас “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэр дээр 350 сая ам.долларын урьдчилгаа авч, иргэн бүрд 1.5 сая төгрөг, хүүхэд бүрд 21 мянган төгрөг болгон тараасан.
2011 оны долоодугаар сарын 26-нд “Чалко” гэрээг байгуулахдаа нүүрсний үнийг тонн тутмыг 70 ам.доллароор тогтоосон. Тухайн үед олон улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ дунджаар 122-125 ам.доллар, нүүрсний экспортын дундаж үнэ 106.7 ам.доллар байхад энэ үнээс даруй 30 гаруй хувь хямдаар нүүрс нийлүүлэхээр гэрээлсэн гэсэн үг. Үнээс гадна урьдчилгаанд авсан 350 сая ам.долларт 3-7 хувийн хүү тооцох, Зүүн Цанхийн 4-р давхаргын хамгийн чанартай коксжих нүүрсийг зөвхөн нийлүүлэх нөхцөл ч гэрээнд тусжээ. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед энэ гэрээг цуцлах асуудал яригдсанаар “Чалко” компани түр хугацаанд нүүрсний худалдан авалтаа зогсоож байсан ч 2013-2015 онд нүүрсний үнэ огцом унаснаас “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтын өртгөөс доогуур үнээр нүүрсээ борлуулахаас аргагүйд хүрч байв. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2017 онд “Чалко”-гоос авсан 350 сая ам.долларын урьдчилгаа болон хүүгийн өрийг төлж дуусгасан ч, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нд яг анхны нөхцөлөөр гэрээг дахин сунгасан. Нийт 305.8 сая ам.долларын урьдчилгааг авч, 2021-2022 онд Засгийн газар зарцуулснаар Чалко гэрээ 2027 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 5 жил сунгагдаж, өнөөдөр ч хэрэгжсээр...
“Чалко”-гийн гэрээний хүрээнд Засгийн газар нийт 650 гаруй сая ам.долларыг авсан ч, бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад биш улстөрчдийн популист амлалт, халамж байдлаар тарааж, салхинд хийсгэжээ. Харамсалтай нь энэ нэрлэсэн дүнгээр зогсохгүй “Чалко”-гийн гэрээний сөрөг нөлөө өнөөдөр ч үргэлжилж, Монголын нүүрсний салбарт урьдчилан борлуулах томоохон гэрээнүүдэд үнэ тогтоох жишиг нь “Чалко гэрээ” болсоор байгаа нь хатуу үнэн.
Эдийн засагч Н.Энхбаяр
Манай улс худалдан авагч оронтой хийж байгаа гэрээ хэлцлээ сайжруулах шаардлагатай байна. Тэр дундаа өнгөрсөн жилүүдэд нүүрсний бага үнэтэй, урт хугацааны болон оффтейк гэрээнүүд хийсэн нь өнөөдөр ил болсоор байгаа. Яг энэ асуудлыг шийдэх боломжтой Гадаад худалдааны тухай хуулийн төслийг боловсруулахаар Эдийн засаг, хөгжлийн яамнаас санаачлаад явж байгаа нь маш зөв. Энэ хуульд гадаад, дотоод худалдаа гэж холихгүйгээр зөвхөн гадаад худалдааг зохицуулах хууль хийгээд маргаан дагуулаад байгаа нүүрсний гэрээ байгуулах асуудлыг хууль эрх зүйн хувьд маш тодорхой болгох хэрэгтэй. Хэн гэрээг хийх ёстой вэ, гэрээ байгуулах эрх бүхий этгээд хэн байх гэдгийг хуульчлах нь чухал. Учир нь өнгөрсөн хугацаанд уул уурхайн бус сайд очоод гэрээ хийчихдэг, тэр нь хүлээн зөвшөөрөгддөггүй, их хэмжээний хөнгөлөлттэй үнээр гэрээ байгуулсан асуудал өнөөдөр ч маргаан дагуулсаар байна. Тэгэхээр энэ асуудлыг хууль эрх зүйн хувьд л зохицуулах ёстой. Олон улсын түвшинд ч ийм хөнгөлөлттэй үнээр гэрээ хийдэг жишиг байхгүй. Харин манайд улс төрийн зорилгоор, дөрвөн жилийн дотор асар их ажил хийх хөөрөгдсөн сэтгэлээр хямд үнэтэй, урт хугацаатай гэрээ байгуулчихдаг нь Монгол Улсын боломжит экспортын орлогоо бид өөрсдөө алдах нөхцөлд хүргэж байна.
Өнгөрсөн хугацаанд нүүрсний гэрээг урт хугацааны болон оффтейк гэсэн хоёр янзаар хийж иржээ. Үе үеийн Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийг кассын машин болгож, мөнгө хэрэгтэй үедээ компанийн нэр дээр урьдчилгаа төлбөр авах замаар нүүрс борлуулах урт хугацааны гэрээ, нөгөө талд томоохон төсөл хэрэгжүүлэхдээ оффтейк буюу мөнгөөр биш нүүрсээр төлбөр төлөх гэрээнүүд хийгдсэн.
Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд эхлүүлэхдээ төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “Бодь интернэшнл” ХХК-тай бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 1 тэрбум ам.доллароор байгуулсан. Төлбөрийн 110 сая ам.долларын урьдчилгааг бэлэн мөнгөөр, харин 895.6 сая ам.долларын нүүрсийг тогтоосон хуваарийн дагуу Хятадын бусад томоохон худалдан авагч нартай адил индексжүүлсэн үнээр нийлүүлэхээр гэрээлжээ. Монгол Улсад олон жил гацсан төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдэхийн тулд ажлын төлбөрийг нүүрсээр төлөх онцгой нөхцөлтэй хийгдсэн анхны хэлцлийн “Монгол хувилбар” байсан ч нүүрсний үнийг тус төслийн гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-д зориулж тогтоогоогүй, салбарт нь аль хэдийнэ жишиг болсон “Чалко гэрээ”-г суурь нөхцөлөө болгосон байдаг.
Өөр нэгэн оффтейк гэрээг одоо өгүүлье. БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north industries Co., Ltd” гэх компани дэлхий дахинаа “Норинко групп” нэрээрээ танигдсан. Зэвсэг үйлдвэрлэж, БНХАУ болон олон улсад худалдаалдаг тус компани нь зэвсгийн үйлдвэрлэлийн санхүүжилтээрээ олон улсад зам, гүүр, уул уурхай, төмөр зам, барилгын төсөл хэрэгжүүлдэг. Харин манай улсын хувьд тус компани нүүрсний салбарын гол тоглогч. Охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2022 онд “Нүүрс баяжууулах үйлдвэр” болон “Газрын тосны хоолой”-н төслийн оффтейк гэрээ байгуулсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн гэрээ нь 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан бөгөөд нийт 955.8 тэрбум төгрөгийн үнийн дүнтэйгээс 812.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 2.5 сая тонн нүүрс нийлүүлэх нөхцөлтэй. Гэрээ байгуулагдах үед нэг тонн нүүрсний үнэ 113.5 ам.доллар байсан боловч бодит гүйцэтгэлийн явцад нүүрсний үнэ тогтмол буурчээ. Нийт гүйцэтгэлээр 172.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 2 сая тонн нүүрс нийлүүлэгдэж, нэг тонн нүүрсний дундаж үнэ 83.2 ам.доллар болсон нь анхны төлөвлөсөн үнээс 30 орчим ам.доллароор буурчээ.
Мөн нийт санхүүжилтийн 44 хувь буюу ойролцоогоор 418 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр санхүүжүүлсэн нь анх гэрээнд тусгагдсан нүүрсээр төлбөр хийх үндсэн зарчмаас тодорхой хэмжээнд хазайсан байж болзошгүй нь харагдаж байна. Мөн тус компанитай байгуулсан Газрын тосны хоолойн төслийн хүрээнд нийт 388 сая ам.долларын үнийн дүнтэй, 3.4 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд нэг тонн нүүрсний дундаж үнэ 114.14 ам.доллар байхаар тооцсон ч мөн л гүйцэтгэлийн явцад 258.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.4 сая тонн нүүрс нийлүүлэгдэж, нэг тонн нүүрсний дундаж үнэ 76.94 ам.доллар болсон нь анхны тооцооллоос мөн л мэдэгдэхүйц зөрүү үүсэх нөхцөл болжээ.
Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тосны хоолойн төслийн гэрээг харахад “Эрдэнэс Тавантолгой” ХК үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээх заалт байгаа ч уг зөрчил нь худалдан авагч “Глори” компани, гүйцэтгэгч “Норинко” компани эсвэл гуравдагч этгээд буюу худалдан авагчийн сонгон томилсон тээвэрлэгчийн буруугаас үүдэлтэй бол хамаарахгүй гэж заасан нь эрсдэлийн хуваарилалт тэнцвэргүй байгааг, экспортын нүүрсний 50- аас доошгүй хувийг Ханги-Мандал боомтоор гаргах, мөн “Glory Town Holdings Limited”-ийг цорын ганц худалдан авагчаар тогтоосон нь энэхүү гэрээг цэвэр арилжааны бус, бодлогын болон зохицуулалтын шинжтэй нөхцөл агуулж байгааг харуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байгуулсан урт хугацааны болон оффтек гэрээгээр худалдсан нүүрсний үнийн зөрүүг харвал БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанид хамгийн хямдаар тооцжээ. Зөвхөн үнэ ч биш хэмжээний хувьд ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн өнгөрсөн 15 жилийн хугацаанд экспортолсон нүүрсний 50 гаруй хувийг нь “Чалко” тэргүүтэй Хятадын 4 компанитай хийсэн том үнийн дүнтэй, олон сая тонн нүүрсний гэрээнүүд бүрдүүлжээ.

2024 оны арванхоёрдугаар сарын 24-нд “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХын тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэхээр тусгасан.

Гэрээний хүрээнд борлуулах нүүрсний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох, нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх зэрэг заалтууд туссан. 15 жилийн өмнөх “Чалко”- гийн гэрээний жишгээр үнэ тогтоох асуудал Харбины гэрээнд ч тусжээ. Нууцад хамаарах Харбины гэрээний асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулахаар УИХ-ын 40 гишүүн санаачилга гаргасан ч парламентын босго даваагүй.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлаа дахин эхлүүлнэ. Гэхдээ миний санаа зовж байгаа асуудал нь энэ мэтчилэн хулгай луйвраа олонхоороо түрий бариад шалгуулахгүй, хянуулахгүй байх вий дээ гэсэн айдас төрж байна. Магадгүй УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, дөрөвний нэгээс дээш гишүүд дэмжсэн тохиолдолд хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг парламентаар оруулж, оруулсныг нь олонх нь дэмжихгүй унагаж байгааг өөрчлөх асуудлыг ярих нь зөв байх. Ингэхгүй бол УИХ-ын хоёр үндсэн чиг үүргийн нэг болох хяналт шалгалт хийх тэр чиг үүрэг цаашид хэрэгжихгүй байхаар харагдаж байна. Өнөөдөр Харбины гэрээг шалгахын эсрэг кноп дарсан гишүүд өнгөрсөн хойно нь шалгах ёстой гэж матрын нулимс унагаж, зарим гишүүд нүүрсний өөр оффтейк гэрээг шалгах асуудлаар түр хороо байгуулах санаачилга гаргаж байна. Миний хувьд нүүрсний бүх гэрээг шалгах ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ Харбины гэрээ хэрэгжээд ганц жил болж байгаа бол зарим гишүүний шалгах гээд байгаа оффтейк гэрээ хэдийнэ хэрэгжээд дуусчихсан, зарим нь үргэлжилж байгаа байх. Аль нь илүү ач холбогдолтой вэ гэдгийг яаж ч бодсон цаашид 15-16 жил хэрэгжих Харбины гэрээг яаралтай шалгаж, нөхцөлийг нь сайжруулах нь Монгол Улсад, ард түмэнд илүү хэрэгтэй. Харамсалтай нь Харбины гэрээг шалгахгүй гэдэгт УИХ-ын олонх нь гишүүн санал өгсөн хэр нь хэрэгжээд дуусчихсан гэрээг шалгах гээд байгааг ойлгохгүй байна.
Засгийн газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэр дээр байгуулагдсан “улсын нууц”-д байсан нүүрсний гэрээнүүдийг эхнээс нь ил болгож байгаа ч бүгдийг нь биш. Ялангуяа, сүүлийн 15 жилийн хугацаанд нууц байгаа “Чалко”-гийн гэрээнээс эхлээд УИХ-ын зарим гишүүний Монголд ашиггүй хэмээн онцолж байгаа Харбины цогц гэрээг ил болгох хэрэгтэй байна. Хардлага дагуулсан нүүрсний гэрээг анхнаас нь нууцалдаггүй, хямд үнэтэй, алдагдалтай нөхцөлтэйгөөр хэн дуртай нь хүссэн үедээ хийдэг байдлыг шинэчилж, эрх зүйн орчныг цаашид өөрчлөх нь хамгийн чухал.