
Монгол Улсын анхны геопарк ирэх долоодугаар сарын 1-нд нээгдэнэ.
Тус геопарк нь Ханбогд сумын төвөөс 0.5 км-ийн зайд орших Ханбогдын массив, үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цавын олдворт газар болон нутгийн ард иргэд “энергийн төв” хэмээн нэрлэдэг Дэмчогийн хийд зэрэг байгаль, геологи, палеонтологи, соёлын өвийг хамарсан иж бүрэн бүс нутаг байх юм.
Геологийн өвийг хамгаалах, шинжлэх ухааны ач холбогдлыг олон нийтэд таниулах, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой тус паркийг цаашид ЮНЕСКО-ийн дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх бэлтгэл ажилд орохоор төлөвлөж байна.
Монгол Улс дэлхийн геопаркуудын хөтөлбөрт 2018 оноос нэгдсэн. Энэ хүрээнд Шар цав орчмын палеонтологийн олдвор, эртний үлэг гүрвэлийн мөр бүхий газрууд, Ханбогд орчмын геологи, палеонтологи, соёлын өвд түшиглэн судалгаагаа өргөжүүлэхээр болжээ.
Шар цав нь зөвхөн манай улсаас олддог “Avimimus protentosus” хэмээх үлэг гүрвэлийн мөр, яс, өндөг зэрэг 13 600 гаруй олдвор бүхий дэлхийд ховор палеонтологийн өвийг агуулсан бүс юм. Эндээс судлаачид сүрэглэн амьдардаг махан идэштэй үлэг гүрвэлүүдийн хөдөлгөөний зам, зан төлөвийг тогтоох боломжтой ховор олдворуудыг илрүүлсэн байдаг.
ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгүүлэх хугацаа дунджаар 5-аас 10 жил үргэлжилдэг. Тус сүлжээнд бүртгүүлэхийн тулд геологийн өвийн үнэлгээ ба судалгаа хадгалан хамгаалалт, төр болон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, үндэсний хэмжээний дэмжлэг, байгальд ээлтэй менежмент, боловсрол, мэдээллийн хөтөлбөр, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нарийн шалгуур үзүүлэлтийг хангах ёстой болдог аж.