
Төрийн хэвлэлүүд “интернет эргэн ирлээ” хэмээн мэдээлж байгаа ч Иран доторх хэрэглэгчид зөвхөн хязгаарлагдмал хандалттай хэвээр байгаа талаар Амирхоссейн Мирэсмаэили мэдээлэв.
Иранд өргөн хүрээтэй интернетийн хязгаарлалт эхэлснээс хойш 88 хоногийн дараа Исламын Бүгд Найрамдах Улс энэ долоо хоногт зарим хэрэглэгчдэд интернетийн хандалтыг хэсэгчлэн сэргээжээ.
Төрийн хэвлэлүүд үүнийг “интернетийн эргэн ирэлт” гэж тодорхойлсон боловч Independent Persian-ийн хийсэн судалгаа, дэлхийн хэмжээний өгөгдөл болон Ираны өнцөг булан бүрээс ирүүлсэн мэдээллүүдээс үзэхэд хэрэглэгчид одоо ч хязгаарлагдмал, удаан, тогтворгүй холболттой хэвээр байна.
Эдгээр мэдээллээс харахад интернетийн үйлчилгээ нэгдүгээр сарын эсэргүүцлийн жагсаал болон сарын өмнө эхэлсэн АНУ–Израилийн дайнаас өмнөх түвшиндээ эргэн очоогүй байна.
Удирдагч Али Хаменей амиа алдсаны дараа болон мөргөлдөөн эхэлсний дараахан эхэлсэн Иран дахь интернет тасалдал нь орчин үеийн түүхэн дэх төрөөс хэрэгжүүлсэн хамгийн урт хугацааны интернетийн хаалт болжээ.
Энэ хугацаанд хэдэн арван сая иранчууд гадаад ертөнцөөс бараг бүрэн тусгаарлагдаж, онлайн бизнесүүд дампуурч, боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээ ноцтой доголдож, олон гэр бүл гадаадад амьдардаг төрөл төрөгсөдтэйгээ холбоо барих боломжгүй болсон.
Хэдийгээр интернетийн зарим холболт сэргэсэн ч дэлхийн интернет урсгалын шинжилгээ хийдэг Kentik компанийн мэдээллээр Ираны интернетийн урсгал хэвийн түвшнээс мэдэгдэхүйц доогуур хэвээр байгаа бөгөөд хэрэглэгчдийн зөвхөн тодорхой хэсэг нь л интернетэд дахин холбогдож чаджээ.
Kentik-ийн интернет шинжилгээний захирал Дог Мадоригийн нийтэлсэн графикуудаас харахад бараг гурван сарын тасалдсны дараа Ираны интернетийн урсгал маш бага хэмжээгээр өссөн ч өнгөрсөн нэгдүгээр сараас өмнөх түвшнээс хавьгүй доогуур хэвээр байна.
“Интернет эргэн ирсэн” гэж нэрлэгдэж буй үе шатанд хэрэглэгчдийн холболтын түвшин 39 хувиас давж чадахгүй байгаа аж.
Independent Persian агентлагт Техран хотын нэгэн оршин суугч бодит байдлыг мэдээлэхдээ “Интернет хэсэгчлэн нээгдсэн ч хүчтэй VPN ашиглаад ч ихэнх аппликейшн хэвийн ажиллахгүй байна. Бид интернетэд холбогдохын тулд өндөр төлбөртэй тохиргоо ашиглахаас өөр аргагүй хэвээр байгаа” гэж ярьжээ.
Бусад хотуудаас ирүүлсэн мэдээллүүд ч томоохон онлайн үйлчилгээний доголдол үргэлжилж байгааг илтгэж байгаа аж.
Олон хэрэглэгчийн мэдээлснээр Telegram байнга “шинэчлэгдэж байна” гэсэн төлөвт гацаж, зурвасууд удаан хугацаагаар саатаж хүрдэг төдийгүй олон улсын үйлчилгээний ихэнхийг ашиглах боломжгүй болжээ.
Ираны эдийн засгийн чиглэлийн Donya-e-Eqtesad сонин мөн суурин өргөн зурвасын хэрэглэгчдэд интернет сэргэсэн хэдий ч Google Play олон хүний хувьд нээгдэхгүй хэвээр байгааг мэдээлжээ. Үүний улмаас хэрэглэгчид аппликейшн татаж авах, шинэчлэх боломжгүй болсон байна.
Энэ асуудал ялангуяа Android үйлдлийн системтэй утас хэрэглэгчид, тэр дундаа Самсунг гар утас эзэмшигчдийн хувьд томоохон хүндрэл болжээ.
Зарим хэрэглэгчийн хэлснээр аюулгүй байдлын шинэчлэл хүртэл суулгахад хүндрэлтэй болсон бөгөөд Google Play-д тогтвортой нэвтрэх боломжгүй учир олон аппликейшн үндсэндээ ажиллахаа больсон байна.
Independent Persian-ийн олсон мэдээллээс үзэхэд хэрэглэгчдийн зөвхөн тодорхой хэсэгт л хязгаарлагдмал хандалт сэргэжээ.
Зарим технологийн шинжээчдийн үзэж буйгаар Ираны засгийн газар олон нийтийн дарамтыг бууруулахын тулд олон улсын интернетийн холболтыг зөвхөн хэсэгчлэн сэргээсэн ч хэрэглэгчдэд тавих хатуу хяналт, тандалтаа хадгалсаар байгаа гэнэ.
Зарим нь эрх баригчид зөвхөн хязгаарлагдмал, хатуу хяналттай үйлчилгээнд нэвтрэх боломж олгох байдлаар интернетийг зориудаар сэргээсэн гэж үзэж байна.
Гэвч техникийн сэргэлтээс ч илүү анхаарал татаж буй зүйл нь 88 хоног тасалдсан интернетийн дараах олон нийтийн сэтгэл зүй юм.
Төрийн хэвлэлүүд интернет сүлжээ сэргэснийг “нөхцөл байдал хэвийн байдалдаа эргэн орж байна” гэсэн дохио болгон харуулахыг оролдож байгаа ч олон иранчууд тайвшрал бус харин гүн бухимдал, цөхрөл илэрхийлж байна.
Үүний зэрэгцээ интернетийн тасалдлын эдийн засгийн өртөг урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн гэж тооцоолжээ.
Интернетийн хязгаарлалтыг хянадаг NetBlocks байгууллагын мэдээлснээр шууд эдийн засгийн хохирол ойролцоогоор 3.287 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Энэ нь нэг ам.долларыг 174 000 томанаар тооцвол ойролцоогоор 571.9 их наяд томантай тэнцэх аж.
NetBlocks өмнө нь интернет тасарсан нэг өдөр тутамд Ираны эдийн засагт дунджаар 37.35 сая ам.долларын шууд хохирол учирдаг гэж тооцоолж байсан юм.
Мөн Ираны Худалдааны танхимын Мэдлэгт суурилсан эдийн засгийн комиссын тэргүүн Афшин Колахи өдөр тутмын шууд бус хохирлыг 70–80 сая ам.долларын хооронд гэж үнэлжээ. Энэ тооцоогоор 88 хоногийн хугацаанд нийт шууд бус хохирол 6.16–7.04 тэрбум ам.долларт хүрч, дунджаар 6.6 тэрбум ам.доллар болсон байна. Эдгээр алдагдлын хэмжээг томоохон дэд бүтцийн төслүүдтэй харьцуулахад илүү тодорхой харагдана.
Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн хөдөөгийн усан хангамжийн жилийн төсөв ойролцоогоор 25 их наяд томан байсан гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл интернетийн тасалдлын зөвхөн шууд санхүүгийн хохирол нь тус улсын жилийн хөдөөгийн усан хангамжийн төсвөөс 23 дахин их байгаа юм.
Колахигийн хэлснээр интернет тасарсан нэг өдрийн өртөг нь Караж хотын B1 гүүртэй дүйцэх хэмжээний дөрвөн том гүүр барих эсвэл хоёр цахилгаан станц байгуулах төсөвтэй тэнцдэг аж.
Эдийн засгийн үр дагавраас гадна 88 хоногийн хаалт нь Иранд “шаталсан интернетийн хандалт” болон мэдээллийн урсгалд төрийн хяналт тавих асуудлаарх маргааныг дахин өдөөжээ. Интернет тасалдсан хугацаанд олон төрийн байгууллага, төртэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сонгогдсон зарим компани тогтвортой интернет ашиглаж байсан бол сая сая энгийн иргэд үндсэн харилцаа холбооны хэрэгслээс хүртэл салсан байна.
Өнөөдөр ч олон хэрэглэгч одоогийн нөхцөл байдлыг “хагас үхсэн интернет” гэж тодорхойлж дэлхийн интернет сүлжээнд жинхэнэ утгаараа эргэн холбогдоогүй гэж үзэж байна.
Засгийн газар хязгаарлалтын бодит хэмжээ, интернетийн бодит холболтын түвшин болон бүрэн сэргэлт хэзээ болох талаар тодорхой тайлбар өгөөгүй хэвээр байгаа тул улс орон даяарх дахин нэг интернетийн хаалт хэрэгжиж болзошгүй гэсэн болгоомжлол үүсчээ.