
Хүүхдийн төрөлхийн болон олдмол зүрхний өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэхийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян өнөөдөр эхэллээ.
Тус аяныг Улсын гуравдугаар төв эмнэлгээс зохион байгуулж байгаа бөгөөд есдүгээр сарын 7-14-нд болно. Тус аян хүүхдийн зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, эмчилгээний үр дүнгийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Аяны хүрээнд хүүхдийн төрөлхийн болон олдмол зүрхний өвчнийг эрт илрүүлэх, цаг алдалгүй оношлох, эмчилгээний зөв арга сонгох нь ямар ач холбогдолтой талаар мэргэжлийн эмч нар мэдээлэл хүргэнэ. Мөн хүүхдийн зүрхний мэс заслын тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн таван жилийн эмчилгээ, мэс заслын үр дүн болон эмчилгээний технологийн шинэчлэлийн талаар танилцуулах юм.
Түүнчлэн хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаадын ижил чиглэлийн эмнэлэг, мэргэжлийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа болон цаашид шаардлагатай арга хэмжээний талаар мэдээлэл, ярилцлага зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хүүхдийн зүрхний өвчнийг эрт илрүүлж, оношлон эмчлэх нь эмчилгээний үр дүнг сайжруулах, цаашдын хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамруулахын зэрэгцээ зүрхний өвчний шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандахыг зөвлөж байна.