
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар Украин улс Умард Солонгосын дайны олзлогдогсдыг тус улсад шилжүүлсэн талаарх мэдээллийг нууцлах тухай урьдчилан тохиролцсон атлаа Киев уг мэдээллийг нэг талын шийдвэрээр ил болгосон гэж үзэж, Украины талаас албан ёсны тайлбар өгч, уучлал хүсэхийг шаардлаа.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар Украины тал дараа нь ямар нэгэн нууц хадгалах тохиролцоо байгаагүй гэж үгүйсгэсэн нь худал бөгөөд энэ нь хоёр улсын Засгийн газар хоорондын итгэлцэлд сэв суулгасан гэж мэдэгдэв.
“Ерөнхийлөгчийн Тамгын газар Украины тал мэдээллийг нэг талын шийдвэрээр ил болгосон, улмаар мэдээллийг нууцлах тохиролцоо байгаагүй хэмээн худал мэдэгдсэнд гүнээ харамсаж байна” гэж Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах нарийн бичгийн дарга Сон Ги Хон ням гарагт гаргасан мэдэгдэлдээ дурджээ.
Тэрээр шаардлагатай гэж үзвэл уг асуудлаар цаашид авах арга хэмжээг Засгийн газар хэлэлцэж байгаа гэж мэдэгдсэн байна.
Сон Ги Хоны хэлснээр, Украин улс олзлогдсон цэргүүдийг шилжүүлэх асуудлаар Өмнөд Солонгостой олон сувгаар удаа дараа хэлэлцэж, нууцлах хүсэлт тавьж байжээ. Учир нь уг мэдээллийг олон нийтэд ил болгосон тохиолдолд Киев Украинд олзлогдсон цэргүүдтэй солилцох боломжоо алдсан гэх дотоодын шүүмжлэлтэй тулгарч болзошгүй гэж Украины тал үзэж байсан аж.
Өмнөд Солонгос цэргүүд болон Умард Солонгост үлдсэн тэдний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, дипломат болон хүмүүнлэгийн асуудлыг харгалзан шилжүүлгийн талаарх мэдээллийг нууцлахыг зөвшөөрсөн гэдгийг тэр хэлжээ.
Мэдэгдэлд дурдсанаар, Украин дараа нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Ерөнхийлөгч Володимир Зеленський үг хэлэхдээ хоёр цэргийг шилжүүлсэн талаар Өмнөд Солонгостой урьдчилан зөвшилцөлгүйгээр ил болгож, улмаар мэдээллийг нууцлах тохиролцоо байсныг үгүйсгэсэн гэв.
Зеленський өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхдээ Украин улс олзлогдсон Умард Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлсэн гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, эдгээр цэргийг Украинтай хийсэн дайнд ОХУ-ын талд байлдаж байх үед нь олзолж, саяхан Өмнөд Солонгос руу шилжүүлсэн байна.
Украин улс 2025 оны нэгдүгээр сард ОХУ-ын Курск мужид Умард Солонгосын хоёр цэргийг олзолжээ. Пёньян 2024 онд ОХУ-д туслан дайнд оролцож эхэлснээс хойш эдгээр нь амьд олзлогдсон анхны Умард Солонгосын цэргүүд болсон юм.
Өмнөд Солонгос өмнө нь уг цэргүүдийг тус улсад ирснийг батлахаас татгалзаж байсан нь эх оронд нь үлдсэн гэр бүлийн гишүүд, цэргүүдийн өөрсдийнх нь аюулгүй байдалд санаа зовниж байгаатай холбоотой байв.
Сөүл дэх сөрөг хүчний нэгэн парламентын гишүүний мэдээлснээр, хоёр цэрэг Өмнөд Солонгост очих хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дараа Сөүл болон Киев тэднийг шилжүүлэх боломжийн талаар хэлэлцэж байсан аж.