
Өнгөрсөн жилээс хойш сансарт хөвж буй SpaceX компанийн пуужингийн нэг хэсэг лхагва гарагийн өглөө өндөр хурдтайгаар Сар мөргөхөөр байна.
Сургуулийн автобусны хэмжээтэй энэ биет нь 2025 оны нэгдүгээр сард Firefly Aerospace компанийн сарны газардагчийг сар руу хөөргөсөн SpaceX Falcon 9 пуужингийн хоёрдугаар шат юм.
Ойролцоогоор 4 тонн жинтэй пуужингийн их бие АНУ-ын зүүн эргийн цагаар өглөөний 02:35 цагт сарыг цагт 5400 миль (8690 км) хурдтай мөргөх төлөвтэй байна. Мөргөлдөөний улмаас сарны тоос их хэмжээгээр боссон үүл үүсэх аж. Уг үүл нарны гэрэлд тодрох ч дэлхийгээс энгийн нүдээр харагдахгүй гэнэ.
SpaceX-ийн мэдээлснээр энэхүү мөргөлдөөн нь санаатайгаар хийгдэж буй зүйл биш бөгөөд пуужингийн хэсэг сарны баруун захад орших Эйнштейний тогоо орчимд унах төлөвтэй байна. Энэ бүсийг дэлхийгээс ажиглахад ихэвчлэн хүндрэлтэй байдаг.
Яагаад пуужингийн хэсэг сансарт үлдсэн бэ?
Пуужингийн хоёрдугаар шат нь ачаагаа тойрог замд хүргэсний дараа ихэвчлэн дэлхийн агаар мандалд эргэн орж шатах эсвэл далайд унан устдаг.
Харин 2025 оны нэгдүгээр сард хийгдсэн сарны нислэг нь дэлхий орчмын ердийн нислэгээс илүү хүч шаардаж байсан тул хоёрдугаар шат нь дэлхий рүү буцаж чадаагүй аж. Тиймдээ ч өнөөдөр хиймэл дагуулууд тойрч зайлсхийх шаардлагатай байдаг олон мянган сансрын хогийн нэг болон сансарт хөвсөөр үлджээ.
Энэ оны эхээр одон орон судлаачид үлдсэн түлшээ шавхаж, удирдах боломжгүй болсон уг пуужингийн хэсэг сар руу чиглэсэн тойрог замд орсныг тогтоосон байна.
SpaceX-ийн НАСА-гийн шинжлэх ухаан болон Dragon хөтөлбөрүүдийн захирал Жулианна Шайман "Нарны идэвхжил болон таталцлын хүчний нийлбэр нөлөөгөөр энэ биет сар руу чиглэсэн замд орсон" гэж тайлбарлажээ.
Өргөн хэрэглэгддэг одон орны программ хангамжийг бүтээгч Билл Грей энэ үйл явдал тодорхой хэмжээний шинжлэх ухааны ач холбогдолтой байж болохыг онцолсон байна.
Тэрээр "Энэ явц хэнд ч аюул учруулахгүй. Гэхдээ ашиглалтаас гарсан сансрын техник хэрэгслийг хэрхэн устгаж байгаад хангалттай анхаарал хандуулахгүй байгааг харуулж байна" гэжээ.
Сарыг сансрын хог олон мөргөдөг үү?
Сансрын хог сарыг мөргөх тохиолдол ховор ч гэлээ байдаг аж. Тодруулбал,
Цаашид ийм тохиолдлоос хэрхэн сэргийлэх вэ?
Жулианна Шайманы хэлснээр НАСА болон SpaceX ирээдүйд пуужингийн үлдэгдэл сарыг мөргөхөөс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж байна.
НАСА олон тэрбум ам.долларын Artemis хөтөлбөрийн хүрээнд энэ арван жилийн сүүлээс эхлэн саран дээр байнгын бааз байгуулж, сансрын нисгэгчдийг тогтмол илгээхээр төлөвлөж байгаа тул хяналтгүй сансрын хог тэдгээр байгууламж, тоног төхөөрөмжид мөргөхөөс зайлсхийх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.