
Япон арлыг дайран өнгөрсөн Дужуан хар салхины улмаас одоогоор хоёр хүний амь эрсдэж, нийслэл Токиогийн ойролцоох бүс нутагт 50 мянга гаруй өрх цахилгаан эрчим хүчгүй болоод байна. Даваа гарагт 144 км/цаг хүртэл хурдтай салхи дагуулсан Дужуан шуургын эрч өнөөдрөөс суларч байгаа тул Японы засгийн газар их хэмжээний бороо болон хөрсний гулсалтаас сэрэмжлүүлэх аюулын зэрэглэлийг бууруулжээ.
Гэсэн хэдий ч байгалийн аюулт үзэгдэлд хүний амь нас эрсдэн, Азийн наадмын зарим тэмцээн уралдаан хойшлогдож, Токио хотод зохион байгуулагдаж байсан дэлхийн видео тоглоомын үзэсгэлэн хугацаанаасаа өмнө хаагдахад хүрчээ.
Токио хотын ойролцоох Канагава мужийн Йокосука хотод аадар борооны улмаас хэд хэдэн газарт хөрс гулсав. Элс шороо айлын гэр рүү урсан орсны улмаас 60 настай нэгэн эмэгтэй амиа алдсан талаар NHK суваг мэдээллэсэн бол Чиба мужид мөн нэг иргэн нас баржээ. Мөн хөрс гулссаны дараа сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мягмар гаргийн өглөөний байдлаар Чиба мужийн 50 000 орчим өрх цахилгаангүй хэвээр байна. Тээврийн салбарт ч томоохон саатал гарч, Japan Airlines компани 135 нислэг, All Nippon Airways 140 нислэгээ цуцалжээ. Гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах агентлагийн мэдээлснээр даваа гарагт Токио болон нийслэлийн ойролцоох 1.6 сая гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм.

Дужуан хар салхи зүүн хойд чиглэлд шилжихдээ эрч нь суларсан ч Токио орчмын бүс нутагт түүхэнд байгаагүй их хэмжээний бороо дагууллаа. Токиогоос урагш 120 км зайд орших Ошима аралд 48 цагийн хугацаанд 832 мм бороо орсон нь есдүгээр сарын дундаж хэмжээг хоёр дахин давсан үзүүлэлт юм. Мөн Токио хотын Эдогава дүүрэгт 24 цагийн дотор 282.5 мм бороо орж дээд амжилт тогтоожээ.