Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл, “Кино гүүр” хөгжлийн холбоо НҮТББ хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жил уг наадмыг Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохилдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Уг наадмыг жил бүр Монголын шилдэг уран бүтээлээр нээх ба наадам нь

·         Уралдаант хэсэг

·         Уралдаант бус хэсэг

·         Чадавхжуулалтын хөтөлбөр

·         Кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Түүнчлэн наадмын үеэр найман улсын 23 киног үзүүлэх ба дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт долоон орны 13 кино өрсөлдөж байна. Үүнд, Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээл багтаж буй билээ.

Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр,  Мариа Разакамболи, С.Бямбацэрэн нар ажилласан бол шүүгчээр продюсер Марк Баше  (Оскарын шагналт), кино куратор Николай Никитин, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, кино шүүлжлэгч Б.Амарсанаа нар ажиллана.

Кино наадамд найруулагч Кристина Ашенбреннерова, продюсер, зуучлагч Тиен А Фам, продюсер Микеланджело Масанкай, продюсер, зуучлагч Сьюзан Тран, продюсер Фредерик Брэндс, найруулагч Никита Листопад, зохиолч, найруулагч Кристиано Бортоне нар оролцох юм. Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэж байна.

“Хархорум” олон улсын кино наадмын үеэр буюу зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 2-ны өдрүүдэд нийт найман улсын 23 киног 45 удаагийн үзвэрээр Шангри-Ла "Өргөө IMAX" кино театрт толилуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл, кино үзвэрийн тасалбар авах, сургалт, мастер класс, хэлэлцүүлэгт үнэ төлбөргүй энд дарж бүртгүүлээрэй. 

Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “Хархорум” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой.