
Бид ямар хүмүүсийн дунд амьдарч, аж төрж, өөрсдөө хэн болон хувирч байгааг харахуй гуниг төрнө.
Ийм нэгэн бараан бодол тээснээс үүдсэн гарцгүй гунигт гарах хаалга, харах цонх байхгүй мэт сэтгэгдэнэ. Нийслэл маань ийм байна уу, эсвээс эх орон минь ийм болчихоод өдөр бүр тэрхүү саарал, хүйтэн гуниг дундуур туучин амьдарч байна уу гэдгээ үл сэхээрнэ.
Учир нь сайн сайхан зүйл үгүй мэт. Өдөр тутамд ямар нэгэн муу үйлийн сураг чих дэлсэх бөгөөд түүнээс бултах газаргүй. Гэвч нийслэлээ ийм болгож, хэрцгийллээр дүүргэж, гэрэл унтраах товчлуурыг дарахад гараараа хувь нэмэр оруулан алхаж яваа өөрсдийгөө бодохоор хүйтэн төмөр гол зурах шиг болно. Бид бусдыг шүүж, шүүмжилж, адалж, цахим дээр ямар нэгэн шүүлтүүргүйгээр “булли” хийснээр өдөр тутмын амьдралаа аялуулдаг, түүнээс сэтгэл ханамж авдаг зантай болцгоожээ. Нэг ёсондоо нийтээрээ шүүмжлэхийн дон тусцгаасан байна.
Шүүмж бол тустай үйл. Уран бүтээл, хувь хүний тал дээр аваад үзсэн ч сайн шүүмжлэл ямагт шүүмжлүүлж буй хүндээ эерэг нөлөөлөл үзүүлдэг. Учир нь шүүмжлэлээс үүдсэн бүхэн цаашдын үйл хэрэгт сайнаар тусдаг. Харин түүнийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь тухайн хүний асуудал. Гэтэл одоо цаг дээр энэ бүхэн эсрэгээрээ үйлчлэх болов. Үнэндээ шүүмжийг тустай үйлд тооцож хүлээж авахаа болиод удсан. Тиймдээ ч шүүмжлэлийг өөр чиг зорилгод ашиглаж эхлэв. Тэр нь бусдын оршихуйг эрээ цээргүйгээр үгүйсгэх явдал.
Нобелийн шагналт зохиолч Мо Янь “Нохой хүн барина, танихгүй хүнийг барина. Хүн хүнээ барина, таньдаг хүнээ барина” хэмээсэн байдаг. Бид бусдыг, өөрсдийн дээдэлдэг төрийг, нийтээрээ нэгдэж баталсан тусгаар тогтнол, Үндсэн хуулиа ч шүүж, шүүмжлэх болсон. Үүн дотроос хамгийн гутамшигтай нь өөрсдөдөө огтхон ч хир халдаахгүй атал бусдын амьдралыг шүүдэг. Зарим нь олон нийтээр амьдралаа шүүлгэх дуртай. Хүмүүс бусдыг шүүж, тал талаас нь сэтгэлзүйн хүнд хэлбэр лүү чирч байдаг бол нөгөө талдаа гэр бүлийнхээ дотоод асуудлыг цахим дээр ил болгож, олон нийтээр дүгнүүлэх хэрэгцээ үүсгэсэн бүтэн арми зугуу зугуухнаар олширч байна. Шүүмжлэх дуртай, шүүмжлүүлэх дуртай хүмүүс нэгдэж хүмүүсийг, хүний нийгмийг ингэж бохирдуулах болов.
Хамгийн гол нь уг бодит үнэнтэйгээ нүүр тулж, эвлэрдэггүй агаад өөрсдийн зөв гэдэгт туйлын итгэлтэй байдаг нь ёс суртахууны томоохон ан цав үүсгэнэ.
Олон нийтийн хараал, зүхэл, таагүй сэтгэгдлүүдээс болж амиа хорлосон, нийгмээс өөрийгөө тусгаарласан хүмүүсийн жишээ манайд цөөнгүй бий. Хүн мэдээж нэгнээ араатан шиг шүдээрээ урж, тасдаад байхгүй боловч үгээр мэрдэг. Тухайн доромж үгс сэтгэлийг нь хөлдүү мөс шиг зугуухнаар мэрж, асар удаан өвтгөнө. Ингэж нэгнээ барих нь өнөөгийн нийгмийн төрх, хамгийн зугаатай ажил болж хувирсан нь аймшигтай.
Оросын сонгодог зохиолч Ф.М.Досвоевскийн “Гэм зэм” романыг ихэнх уншигч мэднэ. Ерөөс дэлхий нийтийн олонх уншигч уг романы гол дүр болох Радион Раскольниковт хайртай, түүний талд бат зогсох хүсэлтэй байдаг. Гэвч Раскольников бол хоёр ч эмэгтэйг төлөвлөгөөний дагуу, гэмт хэрэг үйлдэх сэдлээр хороосон алуурчин. Харин юун түрүүнд түүнийг цаазалж, хөнөөж орхисонгүй. Шалтгааныг нь тодруулахыг зорьсноороо, ийм хэрэг үйлдэгчийн сэтгэлзүйг нарийвчлан уудалснаараа, гэмт хэрэг үйлдэхэд түлхсэн нийгэм болоод улс төрийн аливаа шийдвэрийн үр нөлөөг буруушаан авч үзсэнээрээ зохиол өдгөө ч алдартай хэвээр байгаа. Түүнээс гадна хүн хүний оршихуйг тийм ч амархан дүгнэж болохгүй аж. Хэчнээн буруу хэрэг үйлдсэн нэгэн байлаа ч хүний сүнсийг олж төрсөн нь ямар нэгэн учир шалтгаантай гэдгийг тодруулж, муу хүн гэж байдаггүй гэх үзлийг бий болгосноороо уг роман реализмын тод төлөөлөл болсон хэрэг.
Үнэхээр муу хүн гэж бий юу? Хариулт нь тийм. Гэвч түүний амьдрах, аж төрөх эсэхийг хүмүүс шүүж, хэн нэгний хэлсэн үг, ямар нэгэн шалтгаанаар нийтэд тараасан хуурамч мэдээлэлд итгэн амьд явах эрхийг нь үгүйсгэж болохгүй аж. Гол учир үүнд.
Нөгөөтээгүүр хүн бүр сайн явах, баяжих, юунд ч санаа зоволгүй амьдрах хүсэлтэй байдаг. Харин өөрөөс нь бусад нь дөнгүүр амьдраад байвал атаархаж, үзэн ядна. Алдаа дээр нь дөрөөлнө. Өөрөөс нь бусад хүн илүү сайхан амьдарч, аж төрж болохгүй мэт байж ядах тэрхүү үзлээс бусад руу шүлсээ үсчүүлсэн доромж шүүмж гардаг. Тэдгээр хүн буруугаа бусдаас эрэхийн тулд шүүмжийг бэртэгчин зангийнхаа сүүлчийн оромж болгон ашиглана. Нийтээр ийнхүү шүүмжилж, хэн нэгнийг тал талаас хэмлэсээр эцэст нь “цахим дүүжлүүрт” тавьж өгдөг заншил тогтчихжээ. Энэ нь өнөөгийн Монголын нийгмийн нийтлэг төрх болоод удлаа. Цаашид ийм нийгэмд үр хүүхэд нь аж төрнө гэдгийг хэн ч бодохгүй байгаа нь харамсалтай.
Шүүмжлэл хэтрэхээрээ ямар сэтгэлзүйн гажиг хэмээн дүгнэж болохуйц үг, үйлдлийг бүтээдэг болохыг бид харж байна. Саяхны жишээ гэхэд бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 насны охины хэрэг байв. Маш харамсалтай, халагламаар, дотор харанхуйлам үйл явдал. Гол нь Монголд ийм хэрэг үйлдэгдэх орчин нөхцөл байна гэж бодохын төдийд аймшигтай. Харин бид уг хэрэгт шүүгчээр оролцож, нэр холбогдсон этгээдүүдийг бодол санаандаа яргалж, тамлаж, цаазалж орхисон. Угтаа гэмт хэрэгтнийг шүүх тогтоодог. Үүнийг үндсэн хуульд ч тодорхой заасан. Харин иргэд санал, шүүмжлэлээ хэлж, ярих нь тэдний эрх. Харин шүүмжлэл хэтэрснээс үл барам тухайн хэргийг хамт үйлдсэн гэх гурвын хүний зургийг AI-гаар эвлүүлж, цаазаар авахыг шаардаж нийтээрээ шүүх хурлын шийдвэрийг буруутайд тооцов.
Гэвч хэн ч дотроо ул суурьтай тунгааж, хэргийн талаар дэнсэлсэнгүй. Адаглаад л шүүх ямар ч үндэслэлгүйгээр шийдвэр гаргахгүй болов уу гэж эргэлзэх хүн ховор. Онц ноцтой хэргийг хамжигчаар гэм буруутайд тооцож, шүүх алдаа гаргавал тэдгээр залуусын нэгэн насны амьдралыг орвонгоор нь эргүүлнэ. Мэдээж зарим талаар хүмүүс шүүхийн шийдвэр гаргагчдад найдахаа больсон, тэднийг авлигад дөрлүүлсэн гэж итгэдэг болсонтой холбоотой ч биз.
Тиймээс нэг зүйл ажиглагдсан нь бид дор бүрнээ аливаа зүйлийн талаар бодож, тунгаахаа больчихжээ. Харин олон нийт аль талд нь байна, тэнд нь очиж зогсдог. Тэгснээр ухаантай, шударга болж харагдана. Мэдэхгүйгээ мэддэг юм шиг царайлна. Худал, хуурамч гэдгийг нь мэдэж байсан ч түүнийг нь олон хүн зөвтгөж байвал л болох нь тэр. Ийм л “улны” сэтгэхүй шүүмжлэлийнх нь гол хөзөр.
Бодит байдал дээр хүн бүр ижил. Адилхан л төрөх, үхэх жамын тойрогт насаа элээгсэд. Хамгийн гол нь хувь хүн өөрийн үзэл бодол, мэдрэмжтэй байлаа ч нийгмийн талбарт бол харилцаж буй хүнээс хамааралтайгаар өөрийнх нь тусгал бий болдог. Учир нь яг чиний хүсэж байгаа талбар дээр тухайн хүн зогсож буй хэрэг. Мөнхүү иргэншлийн тогтолцоонд тухайн хүний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагдана. Хамгийн зөв, зүйтэй гэж бодсон зүйл хүртэл өрөөлийн хүсэл, шаардлагатай ямагт харгалдана. Тиймээс л бусдыг, бусдын амьдралыг шүүхээс илүүтэй тэдний гаргасан буруу үйлдэл, алдаанаас өөрийнхөө зан чанарын ямар нэг тусгалыг олж харж чадвал зол нь тэр. Аливаа уран бүтээлийн шүүмж бол үгүйсгэл бус байдаг. Харин бусдын амьдралыг шүүж, зааж, зааварлана гэх “өвчин” хэрээс хэтэрвэл эв нэгдэлгүй болдог. Хоорондоо эвдрэлцсэн тийм улсын тусгаар байдлыг үгүй хийх хэчнээн амархныг түүхийн олон жишээ бидэнд сануулсаар байгаа. Хүн хүнээ шүүж, цаашлаад амьд явах эрхийг нь хуулийн өмнөөс шийдэхдээ тулах нь эгогоо хувирмал царайныхаа цаана далдаж, би л болж бүтвэл бусад нь хамаагүй гэх үзлээ сүүдэрт далдалсан Монголчуудын жинхэнэ реалист дүр төрх юм. Энэ бол хүн болж төрсний дээдийн заяа бус доодын гутамшиг, эмгэнэл мөн.