
Олон Улсын Валютын сан улс орнууд онцгой нөхцөлд ашиглах газрын тосны нөөцөө шавхан, төсвийн ачаалал нэмэгдсэнээр дэлхийн эдийн засаг тэсвэрлэх чадварынхаа хязгаарыг сориход тун ойрхон байгааг анхаарууллаа.
Тус байгууллагаас хагас жил тутамд гаргадаг “Дэлхийн эдийн засгийн төлөв” илтгэлд дурдсанаар, сүүлийн хагас жилд эдийн засгийн өсөлт Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг урьд таамаглаж байснаас илүү сайн тэсвэрлэж чадсан байна. Тухайлбал, газрын тосны нийлүүлэлтийг Ормузын хоолойгоор дамжуулахгүйгээр өөр чиглэлд шилжүүлсэн явдал болон стратегийн эрчим хүчний нөөцийг зах зээлд нийлүүлсэн нь АНУ-Ираны дайнаас үүдэлтэй үнийн цохилтыг зөөлрүүлэхэд тусалжээ.
Гэвч аюулгүйн нөөц шавхагдаж дуусахад олон улсад өрийн түвшин өндөр, төсвийн алдагдал гаарснаар ирээдүйд үнэ гэнэт өсөхөөс хэрэглэгчдийг хамгаалах засгийн газруудын боломжийг хязгаарлаж байгааг тус сан санууллаа. "Нийлүүлэлтийн хүчин чадлыг бэхжүүлж, бодлогын нөөцөө нөхөхгүй бол дэлхийн эдийн засаг тун удахгүй тэсвэрлэх чадварынхаа хязгаарт тулна" гэж илтгэлд онцолжээ.
Тайланд дурдсанаар, ОУВС энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг долоодугаар сард гаргасан 3 хувиас өсгөж 3.1 хувьд хүргэсэн бол ирэх оны төлөв 3.4 хувь хэвээр байна.
Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал түгшүүртэй хэвээр, газрын тосны өндөр үнэ дагасан инфляцын өсөлт урьдчилан таамаглаж байснаас удаан үргэлжлэх төлөвтэй байна. Тодруулбал, дэлхийн инфляц энэ жил 4.7 хувь байж, 2027 онд 4.1 хувь болон буурахаар хүлээгдэж байна.
ОУВС төв банкнуудад инфляцын богино хугацааны хэлбэлзэлд хэт сандрахгүй байхыг, харин суурьшиж болзошгүй шинж тэмдэг илэрвэл шуурхай арга хэмжээ авахад бэлэн байхыг зөвлөжээ.