
Францын тэргүүн хатагтай Брижит Макрон өнгөрсөн жил Вьетнамд онгоцноос буух үеэрээ Ерөнхийлөгч Эммануэл Макронын нүүрийг алгадаж, гараараа түлхсэн нь түүнийг иран гаралтай жүжигчинд илгээсэн мессежийг олж харсантай холбоотой байсан байж болзошгүй талаар шинэ номд өгүүлжээ.
Сээтэгнэсэн шинжтэй байсан гэх мессежүүд “нэлээд хол явсан” байсан гэж хосын тухай шинэ номд дурдсан байна.
Тухайн үеийн бичлэг олон нийтийн сүлжээнд өргөн тархаж, алдартай хосын харилцаанд асуудал үүссэн гэх таамаг дэгдсэн ч дараа нь тэд үүнийг “зүгээр л тоглож байсан” хэмээн тайлбарласан.
Гэвч шинэ тайлбарт дурдсанаар бодит шалтгаан нь тэргүүн хатагтай нөхрөө Иранаас цөлөгдөн Францад амьдарч буй жүжигчин Голшифтен Фараханид илгээсэн мессежийг харсантай холбоотой ажээ.
Голшифтен Фарахани Энэ талаар Un Couple (Presque) Parfait буюу “Бараг төгс хос” нэртэй номын зохиогч, Paris Match сэтгүүлийн улс төрийн сурвалжлагч Флориан Тардиф бичжээ.
Тардифын мэдээлснээр 73 настай Брижит Макрон нөхөр нь 42 настай жүжигчинтэй холбоотой болж, өөрийг нь орхиж магадгүй гэж эмээсэн гэнэ.
Голшифтен Фарахани өмнө нь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэднийг хайр дурлалын холбоотой гэх цуурхлыг үгүйсгэж, харилцаагаа “цэвэр нөхөрлөлийн” гэж тодорхойлж байжээ.
Тардиф RTL радиод өгсөн ярилцлагадаа мессежүүд “нэлээд хол явсан” байсан гээд “Би чамайг маш хөөрхөн гэж боддог” гэх мэтээр бичсэн мессэж ч багтсан гэж ярьсан байна.
Хосын тун ойрын хүн Тардифт “Брижит хэзээ ч харах ёсгүй байсан мессежийг уншсан” гэж хэлсэн бөгөөд үүний дараа “ердийнхөөс илүү урт, ширүүн маргаан” өрнөсөн гэжээ.
Paris Match-д нийтлэгдсэн номын хэсэгт “Брижитийг шархлуулсан зүйл нь мессежийн агуулга бус, харин юу илэрхийлж байсанд оршино. Ямар нэг бодит зүйл биш ч боломж байгаа гэсэн санаа нь хангалттай байсан” хэмээн бичжээ.
Мөн тэргүүн хатагтайн найз “Тэр өөрийгөө арчигдан алга болж байна гэж мэдэрсэн” хэмээн зохиогчид ярьсан гэжээ.
Гэвч Le Parisien-ий мэдээлснээр Брижит Макронтой ойр эх сурвалж Тардифт гуравдугаар сард ярилцлага өгөхдөө эдгээр мэдээллийг эрс үгүйсгэсэн төдийгүй нөхрийнхөө утсыг хэзээ ч шалгадаггүй гэж мэдэгдсэн байна.
Тардиф “Ном доторх бүхэн бол баримт, зөвхөн баримт” хэмээн онцолжээ.
Мөн зохиогч номдоо Брижит Макроноос ярилцлага авсан талаараа дурдаад тэрээр тухайн үед “маш ядарсан байсан” гэдгийг онцлон бичсэн аж.
“Нислэгийн үеэр маш их донсолгоотой байсан тул би унтаж чадаагүй. Тэр үед би онгоцноос буухыг хүсээгүй. Тэр намайг инээлгэх гэж оролдсон. Надад ус өгсөн, харин би түүнийг түлхсэн” гэж тэргүүн хатагтай Тардифт хэлжээ.
Голшифтен Фарахани энэ оны эхээр Le Point-д өгсөн ярилцлагадаа “Зарим хүмүүст хайр дутдаг болохоор иймэрхүү романтик түүх зохиож хоосон орон зайгаа нөхөх хэрэгтэй болдог байх” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн жилийн үйл явдлын дараа Элисейн ордны нэгэн албан тушаалтан уг үйл явдлыг жижиг зүйл хэмээн тайлбарлаж “Айлчлал эхлэхийн өмнө ерөнхийлөгч болон эхнэр нь сүүлчийн удаа хөгжилдөж байсан мөч” гэж мэдэгдэж байжээ.
Дараа нь Макрон өөрөө хосууд “маргалдаж байсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ийм их анхаарал татсанд гайхаж байгаагаа хэлсэн юм.
Тэрээр сэтгүүлчдэд “Бид маргалддаг, эсвэл тоглодог. Гэтэл хүмүүс үүнийг дэлхийн хэмжээний сүйрэл мэт болгож, янз бүрийн онол хүртэл зохиож байна. Энэ бол утгагүй зүйл” гэсэн нь бий.