Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг энэ сарын 1-нээс эхэлсэн.
Нийслэлийн хэмжээнд 130 548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг 332 ерөнхий боловсролын сургууль, 607 цэцэрлэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төвүүд, өрхийн эрүүл мэндийн 150 төв хамтран зохион байгуулж байгаа аж.
3 настай 30 210 хүүхдийн өсөлт, хөгжил, хэл яриа, танин мэдэхүй, хөдөлгөөн, сэтгэхүйн хөгжил, хөгжлийн хоцрогдол болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.
6 настай 35 835 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах бөгөөд өсөлт, хөгжил, харааны чадвар, харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээг хийнэ.
11 настай 37 120 хүүхдийн өсөлт, хөгжил, хараа, багана нурууны муруйлт, хазайлт, хавтгай тавхайн эрсдэлийг үнэлнэ.
15 настай 30 017 хүүхдийг өсөлт, хөгжил, хараа, багана нурууны муруйлт, хазайлт, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамруулна. Нөхөн үржихүйн мэдээлэл, зөвлөгөө өгнө.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ эрүүл мэндийн эрт илрүүлэгт товлосон хугацаанд идэвхтэй хамруулахыг НЭМГ-аас уриалав.