Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Өнөөдөр идэвхтэй байгаа ашиглалтын ба хайгуулын лицензүүдийг анх хэн авсан, өнөөг хүртэл хэрхэн явж ирсэн намтар түүхийг ил болгох шийдвэр гаргадаа. Хоёрдугаарт, төрд холбогдох татвар хураамжаа ямар байдлаар төлж ирсэн бэ гэдгийг судлах ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ ажлын хэсэгт хуулийн байгууллагаас эхлээд татвар, бүртгэлтэй ажилладаг бүх төрийн байгууллагын төлөөлөл орно. Лицензийн хөдөлгөөн дээр ямар хүмүүс нөлөөтэй байдаг юм. Олонд танигдсан орд газрууд ямар түүхээр явж ирсэн бэ гэдэг дээр дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж харна гэсэн үг.
Ер нь уул уурхайн салбарын олж байгаа мөнгийг хэрхэн хуваарилах тухай асуудал яригддаг. Ард иргэдэд нь ашигтай байна уу гэдгээс эхлээд. Газар орноо хөндүүлээд илүү боломж олж байна уу гэдгээс ард иргэдийн байр суурь шалтгаалдаг. Иргэд олон нийтдээ сайтар ойлголт өгөөгүйгээс болж энэ салбар хамгийн нэр муутай болчихлоо. Тиймээс орон даяар уул уурхайн салбарыг ойлгуулах томоохон хөтөлбөр боловсруулаад бэлтгэж байна" гэв.