
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд Монголын 23 бөх барилдаж байна. Жюүрёод зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц зургаан даваатай боллоо. Тэрээр тэргүүлэгчийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.
Жюүрёод Ваканошо 8 даваа, 1 унаатай тэргүүлж байгаа бол Казекено, Дэванорюү Т.Тэмүүлэн нар 7 даваа, 2 унаатай удаалж эхэллээ.
Жюүрёод амжилттай барилдаж буй Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 192 см өндөр, 120 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан билээ.
