
Долли Партон анхныхаа дууг зургаан настайдаа зохиожээ. Тэр дуугаа эрдэнэ шишийн ишээр хийсэн, эрдэнэ шишийн ширхэглэг үс бүхий хүүхэлдэйндээ зориулан “Little Tiny Tasseltop” гэж нэрлэсэн бөгөөд ээж нь уг дууны үгийг гутлын хайрцагт нандигнан хадгалдаг байв.
“Би тэр бяцхан хүүхэлдэйндээ үнэхээр хайртай байсан” хэмээн Партон хэдэн арван жилийн дараа бичжээ. “Би өөрийгөө, өөрийнхөө мэдрэмжийг бичиж илэрхийлдэг байсан. Тэр үедээ ‘За, Тасселтопын тухай заавал нэг дуу байх ёстой’ гэж бодсон байх” хэмээн дурссан нь бий.
Түүнээс хойш Партон хөгжим зохиохоо хэзээ ч зогсоогоогүй юм.
Өөрийн өвөрмөц зан чанар, сэтгэл хөдөлгөм дууны үг, бизнесийн авьяасаараа бараг жаран жилийн турш олон нийтийн сэтгэлийг татсан кантри дуучин, дуу зохиогч, жүжигчин Долли Партон мягмар гарагт 80 насандаа таалал төгссөн тухай гэр бүлийнхэн нь мэдэгдлээ.

Нас барсан шалтгааныг тодорхой мэдээлээгүй ч түүний хэвлэлийн төлөөлөгч Партон Нэшвилл хотод тайван амгалан таалал төгссөн гэж мэдэгдсэн байна. People сэтгүүл түүний төлөөлөгчдөөс иш татан, од дуучин “богино хугацаанд хорт хавдартай тэмцсэн” гэж мэдээлжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Партон эрүүл мэндийн тодорхойгүй асуудалтай тулгарч байгаагаа хэлсэн ч ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан юм.
“Түүний үлгэрлэл бидэнд бүх зүйл боломжтой гэдэгт итгэл өгсөн” хэмээн түүний зээ хүү Брайан Сивер дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ. “Тэр өөрт нь нээгдэшгүй хаалга гэж байдаггүй гэж үздэг байсан. Түүний нээсэн хаалгууд түүхийг бүтээж, өөрчилсөн” гэдгийг Брайан Сивер онцлон хэлжээ.
“Coat of Many Colors”, “Jolene”, “I Will Always Love You” зэрэг сонгодог бүтээлээрээ Партон бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан эмэгтэй уран бүтээлчдийн нэг болж, 100 сая гаруй пянз, цомог борлуулжээ. Тэрээр 11 удаа Grammy хүртсэний дотор насан туршийн амжилтын шагнал ч багтдаг.
Түүний эелдэг, нийтэч төрх, “өндөр” шаргал үс засалт, содон тайзны хувцас, тайзны төвд зогсоход нь түгдэг баяр хөөр нь Америкийн бүх давхаргын хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж, кантри хөгжмийг олон улсын үзэгчдэд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Долли Партон олон жилийн турш телевизийн энтертайнмент нэвтрүүлэг хөтөлж, кинонд тоглож, төрөлх Теннесси муждаа жуулчдын очих дуртай газар болсон Dollywood зугаа цэнгэлийн паркийг хүртэл байгуулжээ. Энэ бүхэн нь түүний дуу зохиогчийн ажлын зэрэгцээ хийсэн олон талт бүтээл байлаа.
Гэхдээ түүнийг олон арван жилийн турш од хэвээр байлгасан хамгийн гол чанар нь хүмүүстэй холбогдох чадвар байлаа. Өөрийгөө “туйлын ядуу” гэр бүлээс гаралтай гэж тодорхойлдог Партон ажилчин ангийн америкчуудын нэгэн бэлгэдэл болж, итгэдэг олон үйл хэрэгтээ нэр хүнд, хөрөнгө мөнгөө зориулдаг байв.
COVID-19 цар тахлын үеэр тэрээр 2020 онд Вандербилтийн их сургуулийн вакцины судалгаанд 1 сая ам.доллар хандивлаж, Moderna компанийн вакцин хөгжүүлэх ажлыг эртнээс дэмжсэн хүмүүсийн нэг болсон.
Мөн тэрээр АНУ төдийгүй Канад, Их Британи, Австрали, Ирландын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан уншлага, бичиг үсгийн хөтөлбөр хэрэгжүүлж, төрсөн Теннесси мужийнхаа дүүргийн ахлах сургуулийн сурагчдад тэтгэлэг олгодог байжээ.
Талархлын илэрхийлэл болгон төрсөн дүүрэг нь шүүхийн байрны өмнө түүний бодит хэмжээтэй хөшөөг босгосон байна. Харин Партон 2021 онд Нэшвилл хотод өөрт нь зориулж дахин хөшөө босгох саналаас татгалзаж, дэлхий дахинд болж буй үйл явдлуудыг харгалзан “энэ үед намайг индэр дээр залах нь зохимжгүй” гэж мэдэгдэж байв.
Түүний язгуур үндсээ мартаагүй зан, хөдөлмөрч чанар, улс төрийн аль нэг талд илт ороогүй байр суурь нь улс төрийн хувьд туйлширсан Америкт консерватив болон либерал үзэлтэй хүмүүсийн аль алиных нь дунд нэр хүндтэй болоход нөлөөлжээ.
“ЭЭЖИЙН МИНЬ ДУУ ХООЛОЙД НЭГ Л НУУЦЛАГ, СЭТГЭЛД ШИНГЭСЭН АЯ БАЙДАГ БАЙСАН”
Долли Ребекка Партон 1946 оны нэгдүгээр сарын 19-нд Теннесси мужийн Питтман Сентерт төрж, ойролцоох Локаст-Рижид байрлах ганц өрөө модон байшинд өсжээ. Тэрээр тамхи тариалдаг Роберт Ли Партоны 12 хүүхдийн нэг түүний хүүхэд нас нь түүний хувийн амьдралаас сэдэвлэсэн, өвөрмөц сопрано хоолойгоороо дуулдаг олон дууных нь бодит үндэс болсон юм.
Түүний ээж Эви Ли үргэлж дуулдаг байжээ. Англи, Ирланд, Уэльсийн түүх өгүүлдэг дуунуудыг тэрээр хүүхдүүддээ дуулж өгдөг байсан байна.
“Ээжийн минь дуу хоолойд нэг л сэтгэл түгшээм, сүнс шингэсэн өнгө байдаг байсан. Бурхан минь, сонсоход үнэхээр мэдрэгддэг байлаа” хэмээн Партон 2020 онд Роберт К. Оэрмантай хамтран бичсэн “Dolly Parton, Songteller” номондоо дурджээ.
Партон найман настайдаа анхны жинхэнэ гитараа авчээ. Ээж нь гэртээ зочин ирэх бүрд “Энэ жаахан амьтны зохиосон дууг сонсоорой. Үнэхээр гоё” гэж хэлдэг байсан гэдэг. Долли Партон олны анхаарлын төвд байх дуртай байв.
Тэрээр 11 настайдаа орон нутгийн радиогоор дуулж эхэлсэн бол 13 настайдаа Нэшвилл хотод долоо хоног бүр зохион байгуулагддаг кантри хөгжмийн алдарт Grand Ole Opry тоглолтод оролцож байжээ.
Ахлах сургуулиа төгсөөд хөгжмийн карьераа хөөхөөр Нэшвилл рүү нүүж, кантри дуучин Портер Вагонертой алдартай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэд олон жилийн турш түүний телевизийн шоунд хамтран оролцож, шилдэг аравт багтсан 14 дуэт дуу гаргажээ.
Партон бие даасан уран бүтээлчийн карьераа эхлүүлэхээр шийдэхдээ Вагонертой салах ёс хийх утгатайгаар алдарт “I Will Always Love You” дуугаа зохиосон юм.
Партон кантри хөгжмийн нийслэл Нэшвиллд очсон эхний өдөр асфальт дэвсэгч Карл Динтэй танилцжээ. Тэд хоёр жилийн дараа, 1966 онд гэрлэсэн байна. Удаан хугацаанд үргэлжилсэн тэдний гэрлэлтийн туршид Дин олны анхаарлаас хол байж, Партонтой хамт аялан тоглолтод бараг оролцдоггүй байсан ч түүний олон алдарт дууны санаа, урам зориг болжээ.

Тухайлбал, “Jolene” дуу нь Карл Динд дурласан улаан үстэй банкны ажилтнаас санаа авч зохиогдсон гэдэг.
“ДОЛЛИГИЙН ДҮР ТӨРХ”
Партон өөрийн гадаад төрхөөрөө ч үргэлж олны анхаарлыг татдаг байв. Эхэндээ тансаг, содон хувцаслалт болон бие галбирынх нь талаар байнга асуудаг асуултаас ичдэг байсан ч хожим нь үүнд хошин байдлаар хандаж сурчээ.
Тэрээр өөрийн биеийн талаар гардаг цуурхлыг үгүйсгэж, биеийнх нь жингээс болж хөдөлж чадахгүй болсон гэх яриаг ч хошигнон няцаадаг байсан байна. Партон өөрийн алдарт дүр төрхийг төрөлх Теннесси хотод нь бариу банзал, өндөр өсгийтэй гутал өмсөж, улаан хумс, улаан уруулын будаг, цайруулсан үсээрээ олны анхаарал татдаг нэгэн эмэгтэйгээс санаа авч бүрдүүлжээ.
Тэрээр 2023 онд гаргасан “Behind the Seams: My Life in Rhinestones” номондоо “Би түүнийг үзэсгэлэнтэй гэж боддог байлаа. Харин хүмүүс бүгд ‘Тэр чинь ёстой муухай, бүдүүлэг харагдаж байна’ гэдэг байсан. Би инээгээд, ‘За тэгвэл, хэрэв тэр нь тийм дүр төрх юм бол би том болоод яг тийм болмоор байна’ гэж хэлдэг байлаа” хэмээн бичжээ.
Гэхдээ тэр өөрийн тайзны дүр төрхийг жинхэнэ өөрөөсөө тусдаа зүйл гэж үздэг байв.
“Би нэг янзаар харагддаг ч үнэндээ өөр хүн” хэмээн тэрээр 1982 онд Ladies' Home Journal сэтгүүлд ярьжээ. “Энэ бол сайхан хослол болдог. Би ‘Доллигийн дүр төрх’-ийг яг л илбэчин хүн хүүхэлдэйгээ удирдаж байгаа мэтээр төсөөлдөг. Түүнтэй хөгжилдөх дуртай. Энэ жил хүмүүсийг гайхшруулахын тулд түүнд юу хийлгэх вэ, юу өмсүүлэх вэ, юу хэлүүлэх вэ гэж боддог.”
Гэсэн ч тэр өөрийн дүр төрх нь авьяас чадварыг нь дарах бус, харин бүтээлийг нь хүмүүст хүргэхэд туслахыг хүсдэг байжээ.
“БИ ЗУРАГ ЗУРЖ БУЙ МЭТ ДУУ ЗОХИОХЫГ ХҮСДЭГ”
Партон зөвхөн үзэгчдийн дунд төдийгүй бусад уран бүтээлчдийн дунд ч асар их нэр хүндтэй байв. Түүний дуунуудыг олон алдартай дуучин дахин дуулснаас хамгийн алдартай нь Уитни Хьюстоны “I Will Always Love You” дууны хувилбар юм.
Мөн түүний загалмайлсан охин, Америкийн поп од Майли Сайрус болон Майлигийн аав, кантри дуучин Билли Рэй Сайрустай хамтарсан дуэт, ковер бүтээлүүд нь ихээхэн алдартай байлаа.
“Jolene” дууг Бейонсе, The White Stripes зэрэг өөр өөр урсгалын уран бүтээлчид хүртэл дахин дуулжээ.
Партон тайзан дээр хүчтэй уран бүтээлч, чадварлаг дуучин байсан ч түүнийг үеийнхнээс нь онцгойруулсан зүйл нь үгтэй ажиллах авьяас байв. Тэрээр өөрийн бүх хит дуугаа өөрөө зохиосон. Тэрээр амьдралынхаа туршид ойролцоогоор 3000 дуу бичсэн ч тэдгээрээс 450 орчмыг нь өөрөө дуулж, бичлэг болгон гаргажээ.
“Би яруу найргийн өнгө аястай дуу бичиж, уран дүрслэлтэй үгс дуулах дуртай” хэмээн тэр “Dolly Parton, Songteller” номондоо бичжээ. “Би хүмүүсийг ямар нэг зүйлийг нүдээрээ харж байгаа мэт мэдрүүлэхийг хүсдэг. Тиймээс үгээр зураг зурахыг хүсдэг. Мөн зөвхөн дуу зохиогчийн хувиар бус, яруу найрагч шиг ухаалаг, оновчтой мөрүүдийг гаргах дуртай.”
“ДУУНУУД БОЛ МИНИЙ ӨВ”
Партон 1980 онд гарсан “9 to 5” кинонд Жэйн Фонда, Лили Томлин нарын хамт тоглож, киноны нэртэй ижил дууг зохиосноороо Оскарын шагналд дуу зохиогчийн төрөлд нэр дэвшжээ.
Тэрээр 2006 онд “Transamerica” кинонд зориулж бичсэн “Travelin' Thru” дуугаараа дахин Оскарт нэр дэвшсэн байна.
Түүний тоглосон бусад кинонд “The Best Little Whorehouse in Texas”, “Steel Magnolias”, “Rhinestone”, “Straight Talk” зэрэг бүтээл багтдаг.
Партон 25 дуугаа Billboard-ын кантри хөгжмийн жагсаалтын нэгдүгээр байрт хүргэсэн бөгөөд Дуу зохиогчдын алдрын танхимын гишүүн байв. Тэрээр 2007 онд тус байгууллагын хамгийн дээд шагнал болох Johnny Mercer Award-ыг хүртэж, 2022 онд Rock and Roll Hall of Fame-д багтжээ.
Партон анхны Grammy шагналаа 1978 онд “Here You Come Again” дуугаараа хүртсэн бол 1988 онд “хамгийн шилдэг бүх төрлийн эмэгтэй энтертайнер” төрөлд People's Choice Award хүртсэн юм.
Гэсэн ч олон шагнал, амжилтаасаа илүүтэйгээр Партон уран бүтээлээсээ хамгийн гүн утга учрыг олдог байжээ.
“Би дуу бичиж байхдаа Бурханд хамгийн ойр байдаг мэт санагддаг” хэмээн тэр “Dolly Parton, Songteller” номондоо бичсэн байдаг. “Гайхалтай нэг мөр гэнэт л санаанд орж ирэхэд би ‘Бурхан минь, баярлалаа. Үүнийг би өөрөө бодоогүй гэдгээ мэдэж байна’ гэж хэлдэг” хэмээн бичжээ.
Тэрээр амьдралынхаа төгсгөлд өөрийгөө хэрхэн дурсагдахыг хүсдэг талаар “Эцэст нь хүмүүс намайг сайн дуу зохиогч байсан гэж дурсана гэж найдаж байна. Дуунууд бол миний өв” хэмээн хэлж байжээ.