
Энэ сард тохиож буй Олон улсын театрын өдрийг угтан соёл, урлагийн салбарынхан олон сонирхолтой уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын билиг зүйч, хөгжим судлаач, яруу найрагч, орчуулагч Жамцын Бадраа агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан тоглолтын бэлтгэл театрын уран бүтээлчдийн дунд ид өрнөж байна. Үүнээс гадна Улсын дуурь бүжгийн эрдмийн театр-ын гурван гоцлол дуучны хамтарсан “I Tre Tenori” тоглолт тун удахгүй үзэгч түмний хүртээл болох гэж буйтай холбогдуулан дуурийн гоцлол дуучин Б.Батжаргалтай цөөн хором ярилцлаа.
-Уран бүтээлчдийн хамгийн завгүй үеийн нэг бол гуравдугаар сар байдаг. Хаврын урь ороод тоглолтууд ар араасаа ундарч байна. Таны хувьд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Театрын уран бүтээлчид хуваарьт тоглолтын дагуу долоо хоног бүр шинэ дуурьт бэлтгэж байдаг. Хавар манай театрын тайзнаа том том жүжгүүд тавигдана. Бидний хувьд долоодугаар сар хүртэл хуваарьт тоглолтод оролцоод явдаг. Энэ хавар Ардын жүжигчин Э.Амартүвшин театрын тайзнаа “Травиата” дуурьт тоглосон. Миний хувьд энэ дуурийн Альфредийн дүрийг бүтээсэн. Энэ тоглолт манай театрын энэ хаврын онцгой нэгэн тоглолт болсон. Өдгөө Итали улсын дуурийн театрт дуулж буй Э.Амартүвшинд зориулсан хүндэтгэлийн тоглолт байсан.
-Одоо ямар дуурийн дүрд бэлтгэж байна вэ?
-Хавар томоохон ойн тоглолтууд болдог. Энэ хавар маш олон тоглолтууд бий. Үүний нэг нь бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын билиг зүйч, хөгжим судлаач, яруу найрагч, орчуулагч Жамцын Бадраа агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан тоглолтын бэлтгэлд орсон байгаа. Түүний орос хэлнээс орчуулсан дууриудын нэг П.И.Чайковскийн "Евгений Онегин" дуурь бий. Энэ дуурийн бэлтгэл ажлыг хийж байгаа. Манай дуурийн театрын түүхэнд Ж.Бадраа агсны орчуулан тавьсан “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Тоска” дууриуд бий. Мөн театрын нээлтийг 1963 оны тавдугаар сарын 15-д хийхэд П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар нээлтээ хийсэн түүхтэй. Миний дүрийн нэг онцлог нь нэг бадгийг нь монголоор дуулна.
-Таны хувьд БНСУ-д магистр хамгаалсан дуурийн дуучдын нэг. Сургуулиа төгсөж ирээд уран бүтээл арвин байна гэж харж байна?
-Миний хувьд 2022 онд БНСУ-ын үндэсний урлагийн их сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөж ирээд театртаа ажиллаж байна. Шинээр олон дуурийн гол дүрд дуулж байгаа. Дэлхийн дуурийн ноён оргил хэмээгддэг Ж.Вердийн мэндэлсний 210 жилийн ойг тохиолдуулан алдарт “Аттила” дуурийг Монгол Улсад анх удаагаа концертын хэлбэрээр тавьсан. Энэ дуурийн Форестогийн дүрийг бүтээсэн. Ж.Пуччинийн “Тоска” дуурьт Каварадоссийн дүрд шинээр тоглосон. Мөн У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн гурван дуурийн нэг "Макбет" дуурийн Макдуфийн дүрд дуулсан байгаа. Мэдээж хуучин дуулж байсан дууриуд маань бий. Мөн шинээр дээрх дүрүүдийг бүтээсэн байна.

-Сүүлийн жилүүдэд дуурийн өлгий орон Италид Монголын дуучид дуулаад эхэллээ. Таны хувьд гадаадад ямар тоглолтод оролцож байв?
-Миний хувьд 2022 онд БНСУ-д урлагийн сургуульд суралцаж ирсний дараа дуурийн театртаа тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд гадаадын олон оронд болсон тоглолтод оролцож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хүндэтгэлийн хэд хэдэн тоглолтод дуулсан. Туркменистан, Итали, Польш, Чех, БНСУ-д болсон арга хэмжээнд оролцож дуулсан байгаа. Миний хувьд Италид анх удаа өнгөрсөн онд дууллаа. Мөн Италийн Ром хотод болсон тоглолт үнэхээр хүндэтгэлтэй байсан. Энэ тоглолтод Ж.Пуччини "Турандот" дуурийн хэсгээс дуулсан. Италийн үзэгчид маш сайхан хүлээж авсан. Энэ дуурь их онцлогтой. Хятад гүнж, монгол хатны зөрчилдөөний тухай гээд сонирхолтой дуурь. Итали хэл дээр нь Итали үзэгчийн өмнө дуулахад маш талархалтайгаар хүлээн авсан.
-Дэлхийн сонгодог дуурийн ноён оргилууд болох алдарт дуучин Лучано Паваротти, Пласидо Доминго, Хосе Каррерас нар билээ. Гэтэл Монголын дуурийн театрын гурван гоцлооч дуучдын “I Tre Tenori-III” тоглолт анхаарал татлаа. Та энэ тоглолтын талаар юу хэлэх вэ?
- Лучано Паваротти, Пласидо Доминго, Хосе Каррерас нарын давтагдашгүй хослон дэлхий дахинд алдаршсан шүү дээ. Дуурийн ноён оргилууд шиг Монголд бас яагаад ийм тоглолт байж болохгүй гэж бид ярилцаж байсан. Олон улсын театрын өдөр жил бүрийн гуравдугаар сарын 27-д болдог. Бидний анхны тоглолт 2014 онд болж байсан. Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, гоцлол дуучин Г.Шижирболдын хамт энэ хавар дахин нэг удаа тоглох гэж байгаа. Мөн бид гурвыг холбож өгдөг нь гурвуулаа гавьяат жүжигчин Д.Банди багшийн шавь нар. Энэ удаагийн тоглолтын нэг онцлог нь бидний ярьдаг Алтан үеийн уран бүтээлчдийн дууг Монгол Улсын морин хуур, найрал хөгжимтэй дуулна. Тоглолтын удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан ажиллана. Дэлхийн болон монгол сонгодог бүтээлийн нэгэн үдшийг ард түмэндээ өргөн барьж байна.

