
ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт мэдээлэхдээ, шөнийн турш Оросын нутаг дэвсгэр болон Оросын хяналтад буй бүсүүдэд 1900 гаруй дрон, мөн удирдлагатай агаарын бөмбөг наймыг, далавчит пуужин наймыг, пуужин дөрвийг устгасан гэж мэдэгдэв. Гэхдээ энэ нь Оросын талын мэдээлсэн саатуулж, устгасан зэвсгийн тоо бөгөөд Украин яг хэдэн дрон, пуужин харваснаа мэдээлээгүй байна.
Халдлагын улмаас Москва мужид гурван хүн амиа алдаж, нийслэл Москва хотын Капотня дүүрэгт байрлах томоохон газрын тос боловсруулах үйлдвэр гэмтжээ.
Москва хотын дарга Сергей Собянин халдлагыг “сонгуулийг тасалдуулах зорилгоор зориудаар төлөвлөгдсөн нь тодорхой” гэж мэдэгдэв.
Ням гараг нь 2022 онд Украинд Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлснээс хойших Оросын анхны парламентын сонгуулийн эцсийн өдөр байв. Кремлийг дэмждэг “Нэгдсэн Орос” нам сонгуульд давамгайлах төлөвтэй байсан ч сонгуульд бодит өрсөлдөөн бүхий сөрөг хүчний оролцоо хязгаарлагдмал байв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Telegram сувгаар хийсэн мэдэгдэлдээ Оросын эсрэг хийсэн цохилтыг эерэгээр үнэлсэн боловч сонгуультай холбон тайлбарлаагүй байна. Сонгууль явуулсан нутаг дэвсгэрийн дунд Оросын тал өөртөө нэгтгэсэн гэж зарласан боловч бүрэн хяналтдаа аваагүй Украины дөрвөн бүс нутаг багтжээ.
“Өнгөрсөн шөнө манай алсын тусгалт хариу цохилтууд Москва мужид маш том нөлөө үзүүлсэн” гэж Зеленський хэлээд, онилсон байгууламжууд нь “дайны машиныг тэтгэж буй хэдэн тэрбум ам.долларын орлого” бүрдүүлдэг гэж мэдэгдэв.
Украины Зэвсэгт хүчний Жанжин штабын мэдээлснээр, халдлагын гол бай нь Москва хотын Капотня дүүрэгт байрлах “Газпром нефть-Москва” газрын тос боловсруулах үйлдвэр байжээ. Тус үйлдвэр нь боловсруулах хүчин чадлаараа ОХУ-ын томоохон боловсруулах үйлдвэрүүдийн нэг юм.
Москва хотын дарга Собянин нийслэл рүү чиглэж байсан 450 орчим дроныг устгасан гэж мэдэгдэв. Тэрбээр мөн бямба гарагаас хойш Москва болон түүний эргэн тойронд 1600 гаруй дроныг саатуулсан гэж мэдээлэв.
“Гэсэн хэдий ч хэд хэдэн дрон Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нутаг дэвсгэрт хүрч, нэг нь орон сууцны барилгыг оножээ” гэж Собянин хэлэв.
Москва мужийн захирагч Андрей Воробьёвын мэдээлснээр, халдлагын улмаас гурван хүн амиа алджээ. Тэдний хоёр нь халдлагын үеэр, нэг нь дараа нь эмнэлэгт нас барсан байна. Мөн гурван хүүхэд зэрэг 20 хүн шархаджээ. Раменское дүүрэгт эвдэрч сүйдсэн барилгуудаас 400 орчим оршин суугчийг, түүний дотор 70 хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Үүнээс гадна ОХУ-ын өмнөд хэсэгт орших Белгород мужид есөн хүн шархадсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. ОХУ Украин руу дрон болон пуужингийн цохилтоо үргэлжлүүлэв. Киев хотын Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко шөнийн халдлагын улмаас гурван хүүхэд, нэг эмэгтэй амиа алдсан гэж мэдэгдэв.
Оросын арми сүүлийн бараг нэг сарын хугацаанд Украин, ялангуяа Киев хотод агаараас бараг тасралтгүй цохилт өгч байна. Зеленський “зөвхөн энэ долоо хоногт ОХУ Украин руу 2000 гаруй байлдааны дрон, 1700 агаарын бөмбөг, төрөл бүрийн 19 пуужин харвасан” гэж мэдэгдэв.