
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдээлэл хийлээ.
Тэрээр "Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдад олгодог томилолтын зардлын 70 хувь нь өөрт нь олгогдож, 30 хувийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлдэг байсан. Үүнийг өөрчилж 80 хувийг нь үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлж байх шийдвэр гаргалаа. Ингэснээр тухайн албан хаагчийн нийгмийн асуудал сайжирна. Нэг албан хаагчид олгох томилолтын зардал зургаан сая төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.
Хугацаат цэргийн албан хаагчдыг мэргэжил олгох сургалтад хамруулах ажил эртнээс эхэлсэн. Харин энэ жилээс эхлээд орон нутгуудаас шаардлагатай ажлын байрны судалгаа авсны үндсэн дээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамтай хамтран цэргүүдэд татагдан ирсэн орон нутагт нь шаардлагатай байгаа мэргэжлүүдээр мэргэжил эзэмшүүлэхээр болсон. Ингэснээр цэргийн албаа хааж очоод орон нутагтаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой болно" гэв.