
Про театрын уран бүтээлчид францын нэрт зохиолч Виктор Хюгогийн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн "Инээмтгий хүн" визуал драмын жүжгийг ирэх сарын 8-наас эхлэн үзэгчдэд дахин толилуулна.
Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөнө. Уг зохиолд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлсэн байдаг бөгөөд тэрээр юу ч мэдэхгүй нялх багадаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болно.
Гуинплений бага байхдаа олж амийг нь аварсан сохор охин Дея өсөж том болсноор нэгэндээ хайртай болдог. Үзэшгүй муухай зэрэмдэг болсон Гуинплен, хосгүй гоо үзэсгэлэнтэй боловч сохор бүсгүй Дея нар бие биедээ яг таарч тохирсон хосууд. Хожим нь Гуинплен ховор аз завшаанаар өөрийн Лорд байр сууринд хүрэх боловч энэ нь түүнд сайн юм авчирахгүй.
Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Б.Даваасүрэн ажилласан бол гол дүр болох Гуинплений дүрийг жүжигчин Б.Билгүүн бүтээжээ.