
Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нууц хүүтэй эсэхийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна гэж мэдэгдэв.
БНСУ-ын Үндэсний тагнуулын алба (NIS) пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ, хэрэв Ким Жон Ун хүүтэй байсан ч тэр нь эцгийнхээ залгамжлагч болох нөхцөлд одоогоор хүрээгүй гэж мэдэгджээ. Ким Жон Ун эцэг нь 2011 онд нас барсны дараа Умард Солонгосын төрийн эрхийг шилжүүлэн авсан юм.
NIS өмнөх үнэлгээгээ дахин баталж, Кимийн охин эцгийнхээ дараа Умард Солонгосыг удирдах хамгийн өндөр магадлалтай залгамжлагч хэвээр гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Түүнийг Ким Жү Э гэдэг бөгөөд 13 орчим настай гэж мэдээлдэг.
Мөн Ким Жон Ун бага насны өөр нэг хүүхэдтэй ч түүнийх нь хүйсийг одоогоор баталгаажуулж чадаагүй байна гэж тагнуулын байгууллага мэдээлэв.
Мэдэгдэлд Ким Жү Эгийн улс төрийн байр суурь хэр зэрэг баталгаажсан талаарх NIS-ийн үнэлгээг дэлгэрүүлээгүй байна. Гэхдээ тус байгууллага өмнө нь түүний олон нийтийн арга хэмжээнд оролцсон үйл ажиллагаа, түүнд үзүүлж буй төрийн протоколд хийсэн иж бүрэн дүн шинжилгээг үндэслэн ийм үнэлгээ гаргасан гэж мэдэгдэж байсан юм. Уг мэдэгдэл нь Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд Ким Жон Ун эхнэр Ри Сол Жүтэй хүүгүй болохыг тогтоосон гэх сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн мэдээлэлд өгсөн хариу бололтой.
2022 оны сүүлээс хойш Кимийн охин пуужингийн туршилт болон цэргийн томоохон парад зэрэг олон өндөр түвшний арга хэмжээнд эцгийгээ дагалдан оролцох болсон. Умард Солонгосын төрийн хэвлэлүүд түүнийг Кимийн “хамгийн хайртай” эсвэл “хүндэтгэл хүлээсэн” хүүхэд хэмээн тодорхойлж, аавтайгаа дотно харилцаатай байгаа, улс төрийн байр суурь нь өсөн нэмэгдэж буйг харуулсан дүрс бичлэг, гэрэл зургуудыг олноор нийтэлдэг.
Түүний нэрийг Ким Жү Э гэж мэдээлсэн нь Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны нэрт тоглогч асан Деннис Родманы ярьсан мэдээлэлд үндэслэдэг. Тэрбээр 2013 онд Пёньянд айлчлах үеэр Ким Жон Уны нялх охиныг тэвэрч байсан талаараа дурссан юм.
2023 онд Өмнөд Солонгосын нэгэн хууль тогтоогч NIS хууль тогтоох байгууллагын хороонд Ким Жү Э эрэгтэй дүүтэй гэж мэдээлсэн хэмээн мэдэгдэж байв. Гэвч тус байгууллага Умард Солонгосын удирдагч хүүтэй гэсэн мэдээллийг баталгаажуулахыг оролдсоор байгаа аж.
Ким Жү Эгээс гадна эрэгтэй хүүхэд байгаа эсэх нь Умард Солонгосын эрх мэдлийн залгамжлалын талаарх гаднынхны хэлэлцүүлгийн чухал асуудал. Учир нь тус улс эрэгтэйчүүд давамгайлсан, патриархын тогтолцоотой. 1948 онд байгуулагдсанаас хойшхи Умард Солонгосын гурван удирдагч бүгд Кимийн гэр бүлийн эрэгтэй гишүүд байсан. Ким Жон Уны өмнө түүний эцэг Ким Жон Ил, өвөө Ким Ир Сен нар төрийг удирдаж байв.
Умард Солонгосын зарим өндөр албан тушаалтнууд нас ахисныхаа дараа эмэгтэй удирдагчийн тушаалыг хүлээн зөвшөөрөх эсэхэд зарим шинжээч эргэлздэг. Мөн Ким Жү Э эрх мэдэлд гарч ирэх нь түүний гэр бүлийн засаглал эцэслэхэд хүргэж болзошгүй гэж тэд үздэг. Учир нь Ким Жү Э өөр гэр бүлийн эрэгтэйтэй гэрлэж, эрх мэдлийг тэдний хүүхдэд шилжүүлэх боломжтой юм.
Харин бусад шинжээч Ким Жон Ун 42 настай учир залгамжлагчаа тодорхойлоход хэтэрхий залуу гэж үздэг. Ийм алхам хийх нь түүний үнэмлэхүй эрх мэдлийг сулруулах эрсдэлтэй гэж тэд тайлбарлажээ.