Шинэ мянганы спорт хэмээгдэх болсон цахим спортын зах зээл минут, секунд бүрд хурдацтай тэлж, сая, сая хүний амьдрал, бизнес хийгээд дэлхийн спортын ертөнцийг эрс өөрчилсөөр байна.
2021 онд энэхүү салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ анх удаа нэг тэрбум ам.долларын босгыг давснаар цахим спорт зөвхөн хобби биш жинхэнэ эдийн засгийн хөдөлгөгч хүч болон өрсөлдөөнт зах зээлийн гол тоглогч болж буйг баталсан. Үүнээс ердөө гурван жилийн дараа буюу 2024 онд энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 2.13 тэрбум ам.долларт хүрсэн нь дэлхийн зах зээлд өөрийн байр сууриа жинхэнэ утгаар нь бататгасан билээ.
Тэгвэл 2025 онд 2.6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд 2030 он гэхэд долоон тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Энэ нь цахим спортын салбар зөвхөн дэлгэцийн цаадах тоо биш, харин дэлхийн эдийн засгийг эрчимжүүлэгч шинэ давлагаа болон хувирсныг илтгэж буй. Тэгвэл Монгол залуус ч энэ давлагааны гадна бус дотор явна.
Тоглоомыг тоо руу шилжүүлье
Монголын цахим спортын ертөнц хэдийнэ эдийн засгийн бодит эргэлт рүү шилжжээ. Үүний хамгийн тод тоглогч нь “The MongolZ” баг юм.
2024 онд тэд олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, зөвхөн шагналын мөнгөн дүнгээр нийт 1.03 сая ам.долларын орлого олсон нь улсынхаа цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээсэн үйл явдал болсон.
Багийн хамгийн өндөр шагнал нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Берлинд зохион байгуулагдсан Thunderpick World Championship тэмцээнд түрүүлж авсан 500 мянган ам.доллар байв. Үүнээс гадна Абу Дабид болсон YaLLa Compass 2024 тэмцээнд мөн тэргүүн байр эзэлж, 200 мянган ам.долларын нэмэлт шагнал авсан нь Монголын цахим спортын нэр хүндийг олон улсын тавцанд бататгах чухал алхам болж чадсан.
“The MongolZ” өнөөдөр зөвхөн Монголын цахим спортын салбартаа тэргүүлэгч байгаад зогсохгүй, дэлхийн шилдэг багуудтай ч өрсөлдөхүйц хэмжээнд хүрч ирээд буй. Тэдний энэхүү амжилт нь зөвхөн нэр хүнд төдийгүй санхүүгийн олон талт боломж, брэндийн үнэ цэн, тоглогчдын зах зээлийн үнэлгээг ч шинэ түвшинд гаргахад нөлөөлж байна.
Дэлхийн цахим спортын эдийн засаг зөвхөн тэмцээний тавцан дээрх ялалтын мөнгөн дүнгээр хэмжигддэггүй. Харин тоглогчдын ур чадвар, багийн брэндийн үнэ цэн, стриминг платформ дахь нөлөө, мерчандайзын борлуулалт, ивээн тэтгэгчийн гэрээ зэрэг олон талт орлогын бүтэцтэй томоохон бизнес болон хөгжсөн.
Монголын цахим спорт ч бас энэ жишгийн дагуу яваа. Мэргэжлийн багийн тоглогчид тогтмол цалинтайгаас гадна тухайн багийн ард байгаа санхүүжилт, ивээн тэтгэгчид, брэндийн гэрээнээс хамааран тэдний орлого сард хэдэн мянган ам.доллароор хэмжигддэг.
Үүнээс гадна шууд дамжуулалт буюу стриминг нь тоглогчдын орлогын чухал хэсэг болсон. Тэд Twitch, YouTube зэрэг платформ дээр тоглолтоо шууд дамжуулж, гишүүнчлэлийн төлбөр, хандив болон зар сурталчилгаанаас тогтмол ашиг олдог.
Мөн багууд, тоглогчид өөрсдийн нэрийн стикер, малгай, футболк зэрэг бүтээгдэхүүн гаргаж, үзэгчдийнхээ дэмжлэгийг татан, брэндийнхээ танигдах байдлыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл, Counter-Strike тоглоомын Valve компани албан ёсоор баг, тоглогчдын нэрийн стикерийг худалдаанд гаргадаг бөгөөд фэнүүд эдгээрийг тоглоом дотор ашиглахын тулд худалдан авдаг.
“The MongolZ” багт ч энэ сувгаар орлого олох боломж нээгдсэн бөгөөд 2024 оны “PGL CS2 Major Shanghai” тэмцээний хүрээнд гарсан нэрийн стикерүүд дэлхий даяар өргөн хүрээтэй борлуулагдаж байна.

Эдгээр стикерүүдийн борлуулалтын тодорхой хувь нь багуудад орлого болон хуваарилагддаг. Тухайлбал, Valve-ийн бодлогоор орлогын тодорхой хувь нь буюу ойролцоогоор 50 орчим хувь нь шууд багуудад хуваарилагддаг. Тэгэхээр зөвхөн нэг төрлийн стикерээс “The MongolZ” баг хэдхэн сарын дотор 400–800 орчим ам.долларын орлого олох боломжтой гэсэн үг юм.
Энэ нь бага дүн мэт санагдаж болох ч, олон төрлийн стикер болон нэмэлт бүтээгдэхүүний борлуулалт, фенүүдийн идэвхтэй дэмжлэг нь тоглогчдод тогтвортой санхүүгийн дэмжлэг өгдөг.
Манай тоглогчдийн хувьд одоогоор нийт 21 стикер гаргаад байна. Хамгийн сүүлд “Austin Major 2025” тэмцээний стикерүүдийг танилцуулсан.


META сувгийн үүсгэн байгуулагч Б.Хатанболд
“Энэ удаагийн The MongolZ багийн тоглогчдын стикерт бас нэг онцлох зүйл байгаа нь Tech no өөрийн стикертээ багийн эзэн Darkis-ийн нэрийг багтаажээ. Харин Senzu стикертээ багийн үүсгэн байгуулагч Кaz-ийн нэрийг багтаасан байна. Мөн Мzinho өөрийн стикерт багийн дасгалжуулагч MаaRaa-ийн нэрийг шигтгэснээрээ онцлог байв.”
Үнэ цэнтэй тоглогчид ба үнэлгээ
Цахим спортын зах зээлд багуудын амжилт зөвхөн хамтын ажиллагаа, тоглолтын стратегиар хязгаарлагдахгүй. Харин тухайн багийн нэр хүнд, зах зээлийн үнэлгээ нь хамгийн чадварлаг, үнэ цэнтэй тоглогчдоос шууд хамаардаг. Тоглогчийн зах зээлийн үнэ гэдэг нь түүнийг бусад багт шилжүүлэх, гэрээ байгуулах үед төлөгдөх боломжит мөнгөн дүнг илэрхийлдэг. Энэхүү үнэлгээ нь олон улсын платформууд болох HLTV.org, EsportsTransfers болон шилжүүлгийн зах зээлийн динамик дээр үндэслэн гардаг бөгөөд жилээс жилд өсөх хандлагатай байна.

Тэгвэл “The MongolZ” багийн тоглогчдын нэр хүнд, зах зээлийн үнэлгээ сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байна.
Esport сонирхогч, контент бүтээгч DAIMAA
“Манай тоглогчид дэлхийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэж эхэлсэн. Esport-н орчинд тамирчны үнэ цэн зөвхөн тоглолтын статистикаар бус, ур чадвар, тоглолтын онцлог хэв маяг, үзэгчдэд үзүүлэх нөлөөллөөр хэмжигддэг. Сүүлийн жилүүдэд монгол тоглогчид аналистуудын анхааралд өртөж, олон улсын стрим болон подкаст, ярилцлагуудад уригдах нь нэмэгдэж байгаа. Энэ нь манай тамирчдын чансаа өсөж буйн илрэл юм.”

Тэдний өндөр ур чадвар, стратегитай тоглолт нь дэлхийн шилдэг багууд болон менежментийн агентлагуудын анхаарлыг татах болсон нь энэ өсөлтийн нэг гол шалтгаан юм. Мөн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилт гаргаж, өндөр шагналын мөнгө хожсоноор зөвхөн багийн бус, тоглогч бүрийн үнэлгээ нэмэгдсэн. Тухайлбал, HLTV.org зэрэг цахим спортын мэргэжлийн платформ дээр тэдний рейтинг тогтмол өсөж байгаа нь Монголын тоглогчдын нэр хүнд дэлхийн зах зээл дээр бодитоор өсөж буйг харуулж буй.
Ирээдүйг гатлах гарц
Монголын цахим спортын салбар өдрөөс өдөрт өсөж, дэлхийн зах зээл дээр нэр хүндээ бататган, санхүүгийн боломжуудаа тэлсээр байна. Гэвч энэхүү өсөлтийг эрх зүйн таатай орчин бүрдүүлэхгүйгээр бүрэн дэмжиж чадахгүй байгаа нь салбарын ирээдүйд томоохон сорилт болж байна. Иймд цахим спортын хөгжлийг дэмжих, түүнтэй холбоотой санхүүгийн эх үүсвэрийг хуульчилж, зохицуулах шаардлага тулгараад буй. Тэгвэл УИХ-аар уг зохицуулалтай холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хэлэлцэж эхэлсэн. Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Хуулийн төслийн анхны хувилбарт төлбөрт таавар, бүх төрлийн бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох заалт тусгасан нь нийгэмд тодорхой маргаан үүсгэсэн. Учир нь цахим спортын тамирчдын гол ивээн тэтгэгч нь спортын таавар зохион байгуулагч 1XBET зэрэг байгууллагууд байдаг. Хэрэв эдгээрийг бүрэн хоригловол дэлхийд амжилттай өрсөлдөж буй манай баг, тамирчид санхүүгийн дэмжлэгээ алдах эрсдэлтэй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
“Монголын залуучууд E-Sport-оор дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг болсон. Цахим спортын Counter Strike 2 төрлөөр бүр Азидаа тэргүүлж байна. Тэгвэл уг багуудыг цахим мөрийтэй тоглоомын компаниуд дэмждэг юм билээ. Энэ компаниудыг хориглочихоор цаашид E-Sport ыг яаж дэмжих бодлого барих вэ. Монгол залуучууд тодорхой хүчин чармайлт гаргаж, дэмжлэг аваад дэлхийд гол тоглогчид болсон. Энэ хөрсийг унагаахгүй хэрхэн зохицуулах вэ гэдэг чухал асуудал болоод байна.”
Ийнхүү болгоомжлол үүсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг уг зохицуулалтад тодорхой ялгаа зааг хийх шаардлагатай гэж үзээд байна. Улмаар спортын бооцоот тааврыг үлдээж, харин казино, цахим мөрийтэй тоглоом зэрэг өндөр эрсдэлтэй хэлбэрүүдийг хориглох нь зүйтэй гэж дүгнэсэн юм.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн тайлбарласнаар, “Иргэд спортын тэмцээнд бооцоо тавихдаа шууд мөнгөө алдаж байгаа зүйлгүй. Харин 1XBET гэх мэт сайтуудаар дамжин казинод мөнгөө алддаг. Иймд спорт бэтээс бусад мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох байр суурийг баримталж байгаа” хэмээсэн юм.
Гэхдээ хуулийн төсөл одоогоор эцэслэн батлагдаагүй байна. Энэ шийдвэр батлагдвал цахим спортын салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогын суурьт ихээхэн нөлөө үзүүлэх юм.
Дэлхийн туршлагаас харахад цахим спортын гол санхүүжилт бооцооны компаниуд, стриминг платформууд болон томоохон ивээн тэтгэгчдээс бүрддэг. Энэхүү тогтолцоо нь зөвхөн мэргэжлийн тоглогч, багуудыг дэмжихэд зориулагдахаас гадна салбарын тогтвортой өсөлтийг хангах чухал эх үүсвэр болдог.
Иймд бодлого тодорхойлогчид болон салбарын оролцогч талууд эрх зүйн орчныг олон улсын чиг хандлагад нийцүүлэн, нарийвчлан судалж, зохистой хэлбэрээр боловсруулах шаардлага бий. Энэ нь цахим спортын ирээдүйг бат суурьтайгаар цаашид хөгжүүлэх чухал алхам болох юм.

Дэлгэцээс дэлхийн тайз руу
Цахим спорт өнөөдөр дэлгэцийн цаана хөвөрч буй оноо, хожлоос хальж, дэлхийн эдийн засгийн шинэ хөдөлгүүр болж хувирлаа. Энэ нь зөвхөн залуусын зугаа цэнгэл төдий бус, шинэ ажил мэргэжил, шинэ бизнес, шинэ амьдралын хэв маяг болжээ. Технологийн дэвшлийн ачаар бий болсон энэхүү салбар зөвхөн мэргэжлийн тоглогчдоор хязгаарлагдахаа Хөгжүүлэгчид, менежерүүд, больсон. тоглолт тайлбарлагчид, контент бүтээгчид, зар сурталчилгааны салбарынхан, ивээн тэтгэгч, бүр банк, даатгалынхан зэрэг оролцож буй иж бүрэн систем болж өргөжөөд байна.
Монгол ч энэ давалгаанд хөл тавьж, шинэ үеийн залуус мэргэжлийн тоглогч болох мөрөөдлөө зорилго болгон хувирган, өөрийн карьер, амьдралынхаа замыг бүтээж эхэлсэн. Академиуд нээгдэж, тэмцээн уралдаан тогтмолжиж, дотоодын бизнесүүд хамтран ажиллах оролдлого нэмэгдсээр байна.
Эцэст нь энэ салбар зүгээр нэг “тоглоом” төдий бус, итгэл найдвар, ирээдүйн эдийн засаг, шинэ мянганы залуусын сонголт болсоор буй.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл