
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "2025 онд нүүрсний зах зээл хүндрэлтэй байлаа. Нүүрсний үнэ сүүлийн зургаан жилийнхээ хамгийн доод түвшинд хүрсэн. Харин оны сүүлийн саруудад нүүрсний үнэ өссөөр одоо 140 ам.долларт хүрээд байна.
Хүндрэлтэй байсан ч манай компаниа улс, орон нутгийн төсөвт нийтдээ 1.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төлсөн байна. Мөн Үндэсний баялгийн санд хуримтлуулах ёстой 397 тэрбум төгрөгийг хуримтлуулсан.
Бас нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Манай компани "Тавантолгой түлш" компанийг байгуулагдсан цагаас нь хойш санхүүжүүлж байгаа. Үүнийг Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй өрх бүр хүртэж байгаа. Түлшээ өртгөөс нь бага үнээр худалдан авч байгаа шүү дээ.
2026 онд манай компани үндсэн үйл ажиллагаанаас гадна хил холболтын төмөр замын төсөл зэрэгт 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт өгнө.
2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгоход хүндрэлтэй байгаа. Гэхдээ ногдол ашиг тараах, тараахгүйг санхүүгийн тайлан гарч, аудит хийсний дараа ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ" гэв.