
Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн тогтолцоог сайжруулах, уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалт татах бодлогыг дэмжих 200 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа. Түлш эрчим хүчний өртөг нэмэгдэж, дэлхийн зах зээл тогтворгүй байгаа нь экспортоос хамааралтай Монгол Улсын эдийн засагт эрсдэл учруулж байна.
“Уул уурхайн өсөлтийн үе дуусахад тухайн улсын эдийн засаг өмнөхөөсөө илүү хүчтэй болсон байх учиртай” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда хэлээд, “Монгол Улс эдийн засгийн өсөлтийн мөчлөгийг ашиглан төсөв, санхүүгийн сууриа бэхжүүлж, уул уурхайгаас бусад салбарт бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж байна. Эдийн засаг сулрах үед улс орны хөгжил, цэцэглэлтийг хамгаалах эдгээр шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлнэ” хэмээн тодрууллаа.
Уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын гуравны нэг орчим хувийг бүрдүүлдэг тул түүхий эдийн үнийн хэлбэлзэл, дэлхийн худалдааны тасалдалд эдийн засаг эмзэг хэвээр байна. Энэхүү санхүүжилт нь татварын орлого бүрдүүлэлтийг сайжруулах, улсын өрийн удирдлагыг бэхжүүлэх, банкны салбарын хяналт зохицуулалтыг боловсронгуй болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэчлэлүүдийг дэмжинэ. Мөн Ойрх Дорнодын мөргөлдөөн болон Украин дахь Оросын дайны улмаас эрчим хүч, тээврийн зардал нэмэгдэж буй цаг үед Монгол Улс төсвийн тэргүүлэх чиглэлүүдээ тогтвортой санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Хөтөлбөрийн хүрээнд татварын удирдлагыг шинэчлэх, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхтэй холбоотой бизнес эрхлэгчдийн зардлыг бууруулах, ил тод байдлыг сайжруулах засгийн газрын бодлогын арга хэмжээг дэмжинэ. Өрийн удирдлагын шинэчлэлийн хүрээнд Засгийн газрын зээл авах үйл ажиллагааны хяналтыг бэхжүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, Засгийн газрын дотоод бондын арилжааг сэргээж дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.
Банкны салбарын шинэчлэл нь санхүүгийн тайлагналыг сайжруулж, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэн, чанаргүй зээлийг шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн Монголбанк болон арилжааны 11 банк эмэгтэй бизнес эрхлэгчдэд хүрэх санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлээд байна.
Уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс хөрөнгө оруулалтын хууль болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчныг шинэчлэх арга хэмжээнүүдийг баталсан. Мөн тус хөтөлбөр нь Монгол Улсын Хөгжлийн Банкны засаглалыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг дэмжинэ.
Энэхүү санхүүжилт нь 2023 онд эхэлсэн АХБ-ны Төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах хөтөлбөрийн хоёр дахь бөгөөд эцсийн үе шат юм. Монгол Улс энэ үе шатны хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын 19 арга хэмжээг бүгдийг нь биелүүлээд байна.
Нийт 200 сая ам.долларын санхүүжилтийн багц нь 150 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээл болон 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс бүрдэнэ. Хөнгөлөлттэй санхүүжилт нь Ойрх Дорнодын мөргөлдөөний нөлөөлөлд өртсөн эдийн засгуудад үзүүлж буй АХБ-ны өргөн хүрээний дэмжлэгийн нэг хэсэг юм.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин ажилладаг олон талт хөгжлийн тэргүүлэх банк юм. Нарийн төвөгтэй сорилтуудыг шийдвэрлэхийн төлөө гишүүн орнууд болон түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа АХБ нь ард иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтцийг бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог.