Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийд удаа дараалан байр ухарч, уруулсаар байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2025 оны тайланг танилцуулахад манай улс 69 орноос 65 дугаарт бичигджээ. Өмнөх жилээс дөрвөн байр ухарч, 5.39 оноогоор доошилсон нь зүгээр нэг тооны бус улс орны суурь тогтолцооны доройтлыг илтгэсэн анхааруулга боллоо. Тайланд дурдсанаар өрсөлдөх чадварыг тодорхойлдог эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэг үзүүлэлтийн бүхэлд нь Монгол Улс оноогоо алджээ. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан үзүүлэлт нь дэд бүтэц байв. Монгол Улс энэ бүлгээр хоёр байр ухарч, нийт 69 улсаас 67-д бичигдсэн нь дэд бүтцийн бодлого зөвхөн удааширсан бус, бараг зогсонги байдалд орсныг харуулж буй.

Хөгжилийн суурь нь эрчим хүч

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өнөөдөр Улаанбаатар хотын цахилгаан, дулааны систем аль хэдийн тэсрэх цэг дээр ирсэн. Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системд хамгийн багадаа 20 хувийн "нөөц" үлдэж байх шаардлагатай байдаг бол манайд энэ нөөц алга. Харин ч боломжит хүчин чадлаа тултал шахаж ажиллуулж байгаа нь осол гарч, систем бүхэлдээ унаж мэдэх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Үүнээс үүдэж бид XXI зуунд тогоо хуваариар хязгаарлуулж, хэзээ мөдгүй бүгд цахилгаангүй болж гал алдахаа хүлээж сууж байна. Тухайлбал, 2025 оны зургаадугаар сарын 2-ны шөнө Дулааны III цахилгаан станцад гарсан галын осол энэ хямралын тод жишээ байв. Насжилт нь 60 шахсан, ашиглалтын хугацаагаа хэдийн хэтрүүлсэн тус станцын гол зуух, турбин шатаж, нэг инженер амиа алдаж, олон мянган өрх эрчим хүчний доголдолд өртсөн нь энэ салбарын менежмент, төрийн хариуцлагын гүн доройтлыг илтгэн харуулсан хэрэг болсон.

Уг станц дангаараа нийслэлийн дулааны 31.1 хувь, технологийн уурын 46.9 хувь, төвийн бүсийн эрчим хүчний 14.3 хувийг хангадаг. Гэтэл 2024 онд тус станц дээр 1845 удаагийн техникийн доголдол бүртгэгдсэн нь өдөр бүр дунджаар таван удаа систем тасалдаж байсан гэсэн үг. Үүнээс харахад энэ нь зүгээр нэг техник, тоног төхөөрөмжийн асуудал бус харин улстөржсөн томилгоо, төлөвлөлтгүй төсөв, хариуцлагагүй хандлагын үр дагавар болсон юм. Төсөв мөнгөний хувьд өнөөдрийг хүртэл эрчим хүчээ тэтгэх боломж бидэнд уг нь байгаагүй биш байсан. Гэтэл салбарын хэмжээнд төсөв эрчим хүч биш, харин соёл, спорт, аялал жуулчлалд зарцуулагдаж байгаа нь төрийн бодлогын эрэмбэ алдагдсаны нэг илрэл гэдгийг анхаарах цаг болсон. Ийнхүү төрийн оролцоо, бодлогын гажуудал нь зөвхөн дотоод системийн доройтолд хүргээд зогсохгүй, олон улсын тавцанд Монгол Улсын үнэлгээг ч унагасаар буй.

Замтай ч, бодлогогүй

Монголд дэд бүтцийн тухай яриа гол төлөв авто зам, барилга байгууламжаар хязгаарлагдаж ирсэн. Гэвч олон улсын жишигт дэд бүтцийн ойлголт нь илүү өргөн хүрээтэй. Тухайлбал, цахилгаан, дулаан, усан хангамж, дижитал сүлжээ, нийтийн тээвэр, хаягдлын систем, нөөцийн зохистой менежмент зэрэг цогц бүтцийг хамардаг. Тийм ч учраас Монгол Улс энэ үзүүлэлтээр 69 орноос 67-д эрэмбэлэгдэж, дэд бүтцийн хөгжлөөр дэлхийд сүүл мушгиж байна.

Улаанбаатар хотод иргэдийн хамгийн том хүндрэл нь авто замын түгжрэл  болсон хэвээр. Нийтийн тээврийн багтаамж хязгаарлагдмал, авто замын эвдрэл, засвар үйлчилгээ удаашралтай, төлөвлөлтгүй барилгажилт нь хотын хөгжилд саад учруулсаар буй. Мөн орон нутгийн хувьд дэд бүтцийн хомсдол нь сургууль, эмнэлэг, үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэл учруулж, бүтээн байгуулалтын үр ашгийг бууруулж байна. Тэгвэл энэхүү асуудлын үндсэн шалтгаан нь суурь бодлогогүй байдалтай холбоотой.

Зам барина, гүүр тавина, барилга сүндэрлүүлнэ гэдэг нь дэд бүтцийн зөвхөн нэг хэсэг. Харин жинхэнэ дэд бүтцийн хөгжил нь бүх салбарын уялдаа холбоо, урт хугацааны төлөвлөлт дээр тулгуурлах ёстой. Гэтэл өнөөдөр бид зөвхөн зам өргөсгөх, гүүр барихад төвлөрч, бусад суурь асуудлуудыг орхигдуулсаар байна. Хотын төвд хэд хэдэн шинэ зам тавьсан ч түгжрэл буурахгүй байгаа нь үүний тод жишээ.

Орон нутагт ч шинэ барилга байгууламжууд цахилгаан, усан хангамж, интернэтийн сүлжээний дутагдлаас болж хэвийн ажиллах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь хөгжлийг хурдасгах бус, харин сааруулсаар байна.

Ийнхүү эдгээр асуудлууд нийлээд Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулах, хөгжлийн боломжийг хязгаарлах гол хүчин зүйл болсоор буй.

Эцэст нь, өнөөдөр Монгол Улс замтай ч бодлогогүй байна. Энэ нь биднийг олон улсад өрсөлдөх чадвараа алдахад хүргэж, хөгжлийн үнэт боломжуудаа үр ашиггүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлж буй. Иймээс бид хурдан түр зуурын шийдэл биш, системтэй, уялдаа холбоотой, урт хугацааны бодлогоор дэд бүтцийн хөгжилд анхаарал хандуулах ёстой.

Ингэж байж л Монгол Улс жинхэнэ утгаараа хөгжлийн замдаа бат алхаж, өрсөлдөх чадвараа эргэн сэргээх боломжтой болох билээ.