
Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Аргентины баг Английг 2:1-ээр буулган авч, аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан. Гэвч түүхэн ялалтын дараа тус улсын тоглогчид талбай дээр улс төрийн шинжтэй лоозон барьснаар олон улсын хэмжээнд дипломат болон спортын томоохон маргаан дэгдээгээд байна.
Атланта хотноо болсон хагас шигшээ тоглолтын шүгэл дуугарсны дараа Аргентины шигшээ багийн Лисандро Мартинес, Жовани Ло Чельсо нар хөгжөөн дэмжигчид рүүгээ хандан гараар бичсэн цагаан лоозон барьж, зургаа татуулжээ. Уг лоозон дээр “Las Malvinas Son Argentinas буюу Фолклендын арлууд бол Аргентиных” хэмээн бичсэн байжээ.
Энэхүү үйлдэл нь Олон улсын хөлбөмбөгийн холбоны цэнгэлдэх хүрээлэнгийн зан үйлийн дүрмийг шууд зөрчиж байгаа юм. Тус дүрмээр цэнгэлдэх хүрээлэн дотор улс төрийн, доромжилсон эсвэл ялгаварлан гадуурхсан шинж чанартай аливаа лоозон, туг, ухуулах хуудас, хувцас хэрэглэл болон бусад зүйлсийг ашиглахыг хатуу хориглодог.
FIFA-гийн зүгээс спорт болон улс төрийг тусад нь байлгах зарчмыг тууштай баримталдаг тул холбогдох тоглогчдод сахилгын хатуу шийтгэл ногдуулж магадгүй байна.
Өмнөд Атлантын далай дахь арлуудын харьяалал (Их Британичууд Фолкленд, Аргентинчууд Мальвин гэж нэрлэдэг) нь хоёр улсын хооронд зуу гаруй жил үргэлжилж буй газар нутгийн маргаан юм.
1982 онд арлын төлөө хоёр улс богино хугацааны ширүүн дайн хийж, Аргентины 649, Британийн 255 цэрэг амиа алдаж байв.
Одоогоор Их Британи тус арлын бүрэн эрхийг эзэмшиж байгаа бөгөөд арлын оршин суугчдын дийлэнх олонх нь Их Британийн бүрэлдэхүүнд үлдэх санал өгсөн байдаг. Харин Аргентин улс 1833 оноос өмнөх түүхэн эрхээ үндэслэн тус арлыг өөрийн газар нутаг хэмээн нэхэмжилсээр ирсэн юм.
Энэхүү тоглолтын өмнө ч улс төрийн уур амьсгал нэлээд халсан байв. Аргентины дэд ерөнхийлөгч Виктория Вильярруэль тоглолтын өмнөхөн газар нутгийн маргааныг хөндөж, англичуудыг олон нийтийн сүлжээнд "далайн дээрэмчид" хэмээн нэрлэсэн нь гал дээр тос нэмсэн үйл явдал болсон аж.
Одоогоор Английн Хөлбөмбөгийн холбоо болон FIFA-гийн зүгээс албан ёсны шийдвэр, мэдэгдэл гаргаагүй байгаа ч олон улсын хэвлэлүүд болон хөгжөөн дэмжигчид тоглогчдын энэхүү үйлдлийг эрс шүүмжилж, хариуцлага тооцохыг шаардаж байна.