
Дан цамц байтугай давхац цувтай ч даарч жиндсэн зуны тэргүүн сар шувтарлаа. Хүн бүрийн амнаас л хаврын хайруу уртсаж зуны наран алсарсан тухай гомдол урсана.
Нүүдэлч монголчуудын хувьд зун гэдэг зөвхөн дулаан улирал бус хатуу өвөл, хахир хаврыг давж гарсны дараа амсхийх чөлөө, баяр наадмын цаг байдаг болохоор арга ч үгүй биз.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын төлөвөөс харахад бултаараа зуныг хүсэмжилсэн гомдол ортой аж. Зургаадугаар сарын эхний арав хоногт Монгол орны ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас даруй 3-5°C-аар хүйтэн байжээ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, төв болон зүүн аймгуудаар шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч, нойтон цас хаялсан ч тохиолдол бий. Ийнхүү зуншлага оройтохын хэрээр бэлчээрийн гарц муудаж, тариалангийн ургац хоцрох эрсдэл нэн өндөр.
Монгол орны уур амьсгалын түүхийг сөхвөл зургаадугаар сар хүйтэн, тогтворгүй байх үзэгдэл урьд өмнө нь ч тохиолдож байсан. Зургаадугаар сарын дундаж температур баруун уулархаг нутгаар 6-12°С, говиор 20-24°С, бусaд нутгaaр 13-19°С дулаан бaйдаг бол 1983 оны зургаадугаар сард олон жилийн дунджаас даруй 3°C-аар хүйтэрсэн нь сүүлийн хагас зуун жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүйтэн зуны эхлэл болжээ. Магад 2026 оны зургаадугаар сар энэ түүхэн үзүүлэлтийг давсан сэрүүн өдрүүдэд тооцогдох байх. Эсрэгээрээ, 2017 оны зургаадугаар сард олон жилийн дунджаас 2°C-аар дулаан байж, түүхэн дэх хамгийн халуун бөгөөд хуурай сар болж өнгөрсөн байдаг. Манайх хэдийгээр эх газрын эрс тэс, тогтворгүй цаг агаартай ч сүүлийн жилүүдэд энэхүү хэлбэлзлийн далайц улам бүр томорч, урьдчилан тааварлахад бэрх болж буй нь анхаарал татна. Урьдчилсан төлөвөөс харахад, зургаадугаар сарын эхний арав хоногийн сэрүүн өдрүүд сарын дунд үеэс аагим халуунаар солигдоно. Судалгаанаас үзэхэд, урт хугацааны хүйтэн өдрүүдийн дараа огцом халах нь агаар мандал дахь энергийн хуримтлалыг ихэсгэн улмаар үер ус, мөндөр, нөөлөг салхины аюул дагуулдаг гэмтэй.
Өөрөөр хэлбэл, “хулгайлагдсан зун” эргэж ирэхдээ илүү догшин, байгалийн гэнэтийн үзэгдлээр дүүрэн байх магадлал өндөр аж. Зун цаг ийнхүү зөөлөн аясаа гээж, илүү экстрим шинж рүү шилжиж буй нь Монгол орны хөдөө аж ахуй, дэд бүтэц, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлөх урхагтай юм.
“Хүлэмжийн шийдэл” ТББ-ын тэргүүн, Уур амьсгалын залуу элч Б.Номин
Ган, бэлчээрийн доройтол, усны нөөцийн хомсдол нь хүнсний үйлдвэрлэлд нөлөөлж, улмаар шим тэжээлийн дутагдал, хүнсний үнийн өсөлт зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлыг дагуулж болзошгүй. Уур амьсгалын бодлого болон олон улсын хэлэлцээрийн чиглэлээр ажиллах явцдаа уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн байгаль хамгааллын асуудал бус, хүний эрүүл мэнд, амьдралын чанар, нийгмийн тэгш байдлын асуудал гэж хардаг болсон.
Төв Азийн өндөрлөгт зуны улирал сэрүүн салхиар эхлэх зуур Европ тив даяар хэт халж, зарим улс оронд зуны эхэн сарын агаарын хэм түүхэн дээд хэмжээ буюу цельсийн +35 градуст дөхөв. Ялангуяа Их Британи, Франц улсуудад нөхцөл байдал нэн хүндэрч, тавдугаар сарын сүүлчээр агаар мандал ердийнхөөс 12-15 хэмээр илүү халсан бол Испанийн зарим бүс нутагт бүр +40 градус хүрчээ. Сэрүүвтэр зусдаг Скандинавын орнуудад хүртэл хэт халууны улаан дохио асаахад хүргэсэн аагим халууны шалтгааныг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж буй.
Ер нь энэ зун Эль Ниньо хэмээн нэрлэгддэг агаар мандлын халалт үүсэх магадлал 80 хувьтай байгаа тул цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлтгэлтэй байхыг Дэлхийн Цаг Уурын Байгууллага (WMO) анхааруулсан. ДЦУБ-ын тооцоолсноор, 6-8 дугаар сарын хооронд Эль Ниньо үзэгдэл болох магадлал 80 хувьтай байгаа бол арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх магадлал нь 90 хувиас давах аж.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш
Эль Ниньо хаалганд тулж ирснийг цаг уурын яаралтай сэрэмжлүүлэг гэж үзэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үр дүнтэй арга бол чулуужсан түлшнээс татгалзан, сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах. Мөн эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах, бүх нийтийн эрт сэрэмжлүүлгийн системийг бий болгох зэрэг хямралтай тэмцэх цогц хариу арга хэмжээ чухал.

Номхон далайн төв болон зүүн хэсгийн усны гадаргын температур нэмэгдэж, дэлхий агаар мандал хийгээд хур тунадасны хэмжээнд нөлөөлдөг байгалийн үзэгдлийг Эль Ниньо хэмээдэг. Хоёроос долоон жилийн давтамжтай энэхүү үзэгдлийн нөлөөгөөр хуурай газар хийгээд далайн мандал хэт халан ган гачиг нүүрлэж, эсхүл их хэмжээний хур тунадас унадаг зүй тогтолтой. Сүүлийн Эль Ниньо 2024 оныг түүхийн хамгийн халуун жил болгоход нөлөөлсөн гэж үздэг. Тухайн жил аж үйлдвэржилт эрчимжсэн 1900 оны үетэй харьцуулахад дэлхийн дундаж температур цельсийн 1.55 хэмээр дулаарсан жил байжээ.
Олон нийтийн дунд “Дэлхийн дулаарал” гэдэг нэр томьёог бүхэлдээ жигд халуун болж, зуны улирал уртсан өвөл алга болно гэх мэтээр шууд утгаар нь хүлээж авах хандлага түгээмэл. Гэвч цаг уур судлаач эрдэмтдийн тайлбарлаж буйгаар энэхүү үзэгдлийг дулаарал гэхээсээ илүү “Уур амьсгалын өөрчлөлт” гэж нэрлэх нь оновчтой юм. Учир нь дэлхийн дундаж хэм нэмэгдэхийн хэрээр байгалийн өөрийгөө зохицуулах нарийн систем, агаарын болон далайн урсгалын тэнцвэр алдагдаж эхэлдэг аж.
Монголын сэрүүн зургаадугаар сар ба Европын хэт халалтын холбоосыг тайлбарлах гол түлхүүр нь тийрэлтэт агаарын урсгал буюу Jet Stream юм.
Хойд туйлын хахир хүйтэн агаарыг урагш алдалгүй тогтоон барьж байдаг байгалийн асар том далан гэж нэрлэж болох энэхүү урсгал дулаарлын нөлөөгөөр зүгээ алдаж Арктикийн хүйтэн агаар ямар ч саадгүйгээр үе үе өмнө зүг цутган орж ирдэг үзэгдэл өнгөрсөн өдрүүдэд тохиосон хэрэг.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Хойд туйл орчмын бүс нутаг дэлхийн бусад хэсгээс даруй 3-4 дахин хурдан дулаарч байгаа. Үр дүнд нь экватор болон туйлын хоорондох температурын зөрүү багассаар тийрэлтэт урсгалын хурд суларч, шулуун голдирол нь аварга том долгион үүсгэж эхэлдэг аж. Ердийн үед цаг агаарын урсгал баруунаас зүүн тийш нүүдэллэн өнгөрдөг бол өнгөрсөн хоногуудын тийрэлтэт агаарын урсгал “Atmospheric Blocking” буюу агаар мандлын түгжрэл үүсгэн зуны эхэн сарын нартай өдрүүдийн оронд Сибирийн жиндүү салхи долоо хоногоор үргэлжлэн Монголыг “хөргөжээ”.
Судлаач, докторант Ц.Содномдамба
Зун хүйтэн байх хугацаа уртасаж байгаа нь дэлхийн дулаарал бодитой явагдаж буйн илрэл. Олон улсын цаг уурын байгууллагын судалгаагаар ийм таамаглашгүй, эрс тэс цаг агаар сүүлийн 50 жилийн хугацаанд 5 дахин олширсон. Гэнэт хүйтрэх, халах нь зөвхөн ухаалаг утасныхаа аппыг хараад дулаан, нимгэн хувцаслах тухай ойлголт биш жижиг зүйлээс эхлээд том зүйлийн гинжин хямрал болно гэсэн үг. Эрүүл мэнд, зуд, ган гачиг, хүнсний хомсдол, гурил махны үнэ, улс орон бүс нутгийн геополитикийн хямрал руу аваачих эрсдэлтэй. Жишээ нь, Дэлхийн банкны тооцоогоор 2050 он гэхэд дэлхий даяар 216 сая хүн цаг уурын хүндрэлээс болж гэр орноо орхин дүрвэх эрсдэлтэй.

Цаг агаарын тогтворгүй байдал уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, дасан зохицох чадвар сул орнуудын нэг болох Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгуур салбаруудад шууд нөлөөлдөг. Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.46°C-аар нэмэгдсэн тооцооллыг НҮБ-аас гаргасан. Хөдөө аж ахуй, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй нь жилийн дөрвөн улирлын цаг агаараас бүрэн хамааралтай манай оронд нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн даац тогтмол хэтэрч гардаг. Зуны эхний сэрүүн, жиндүү өдрүүдэд бэлчээрийн ургамал дэлгэрч завдалгүй малын тарга тэвээрэг ашиг шимд нөлөөлж улмаар малчдын амьжиргааг доройтуулж буй нэг шалтгаан. Нөгөөтэйгүүр, газар тариалангийн салбарт зургаадугаар сар бол ургамлын цухуйлтын чухал үе байдаг. Энэ үед агаарын температур хэт бага, хөрсөн дээр цочир хүйтрэх нь ургацын хэмжээ, чанарт шууд нөлөөлнө.
Басхүү уур амьсгалын өөрчлөлт нь бэлчээрийн доройтол, усны хомсдол дагуулан жил тутам шахуу зуд турхан нүүрлэх давтамж нэмэгдэж байна.
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн
Одоогоор Монгол орны нутаг дэвсгэрийн 76 хувь бэлчээрийн доройтолд өртсөн. 2030 он хүртэлх зураглалаар бэлчээрийн доройтол цаашид ч үргэлжилж зуд болдоггүй гэгддэг байсан зүүн аймгуудад зудын эрсдэл учрахаар байна. Мөн төвийн бүс болон говийн аймгууд зудын эрсдэлд байнгын өртөмтгий болно. Хөдөө аж ахуйд түшиглэсэн орны хувьд шууд малын тоог хязгаарлаж малчдын амьжиргааны эх үүсвэрт нөлөөлөх нь учир дутагдалтай. Харин малын үүлдэр угсааг сайжруулж хүртэх ашиг шим, түүхий эдийг боловсруулах тал дээр менежент хийн малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх нь зүй.
Малчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд улирлын нүүдэл, бэлчээр сэлгэх, отор нүүдэлд явах зэрэг уламжлалт арга хэлбэрүүдийг хэрэглэж байгаа ч уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн, бэлчээрийн хомсдол зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эдгээр нь үр дүнгүй, эсвэл хэрэгжүүлэх боломжгүй болж буй дүр зураг түгээмэл.
Үүнийг дагаад жилийн дөрвөн цагийн эргэлтэд нүүдэллэн мал сүргээ адгуулдаг уламжлалт ахуйн төрх ч өөрчлөгдөн малчид гурван улиралд л буурь сэлгэн нүүдэллэх болжээ. Ихэнх нутгаар байгалийн хадлан хомсдож малчид тэжээлийн ургамал тариалж эхэлсэн бол баруун нутгаар гагц хавартаа бус жилийн ихэнх хугацаанд бэлчээр даган отроор явах нь олширлоо.
Төв аймгийн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Мягмарсүрэн
Бэлчээрийн даац хэтрэхэд малын тоо толгойноос газар тариалангийн зориулалтаар талбай их хэмжээгээр хашдаг нь нөлөөлдөг. Заамар зэрэг уул уурхайтай сумдад бэлчээр дутагдсанаас мал ихээр хорогддог. Борнуур, Сүмбэр, Өндөрширээт зэрэг загвар сумдад малчид нэгдэн орон нутгийн удирдлагатай 5-10 жилээр бэлчээрийн гэрээ хийн аж ахуйгаа эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд ургамлын гарц муу гандуу зусах болсон тул ногоон тэжээлээ өөрсдөө тарьж эрчимжсэн мал аж ахуй руу түлхүү анхаарч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн хорооны (IPCC) сүүлийн тайланд дурдсанаар, хэрэв дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 1.5°C-д барьж чадахгүй бол байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж 5-10 дахин нэмэгдэхийг хатуу анхааруулсан. Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор өөрийн зүгээс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, улмаар 2050 онд бүрэн тэглэх амлалт өгсөн. Хэдийгээр манай хүлэмжийн хийн ялгарал бага ч хүн ам, эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад өндөр гардаг. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтын хүрээнд нэн тэргүүнд ойн экосистемийг сэргээх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт голчлон анхаарах чиглэлтэй.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хагас жилийн өмнө танилцуулсан дүгнэлтээр Монгол орны хүлэмжийн хийн ялгарал суурь нөхцөлтэй харьцуулахад 2.9 сая тонн CO2 эквивалентаар буурчээ. Энэ нь 2024 оны зорилттой харьцуулахад 39.7 хувийн биелэлттэй гэсэн үг. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад эрчим хүчний салбар голлох нөлөө үзүүлж байгаа бол хөдөө аж ахуйн салбарт зорилт төдийлөн амжилттай бус байна. Тухайлбал, 2020-2023 онд малын тоо толгой өссөн нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад сөргөөр нөлөөлжээ. Бэлчээрийн даацыг зохих хэмжээнд байлгаснаар 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 23.4 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолж буй. Эдгээрээс гадна нийгмийн эрүүл мэнд, гамшгийн бэлэн байдал болон байгалийн нөөцийн удирдлагын салбарууд манлайлал үзүүлж ажиллах хэрэгцээ гарч байна.
Байгаль дэлхий тэнцвэрээ алдаж буйгаа цаг агаарын огцом үзэгдлээр ийнхүү сануулж буй үед бид зөвхөн “Хэзээ дулаарах бол?” гэж гал бараадан хүлээж суух эрхгүй юм. Дэлхийн хэмжээний бодлого, засаг төрийн шийдвэрээс үл хамааран уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бидний өдөр тутмын амьдралын хэв маягаас эхэлнэ.
Хотын иргэд автомашины хэт их хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээвэр болон унадаг дугуйг сонгох, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл ашиглах, хог хаягдлаа ангилан ялгах зэрэг нь хялбар сонсогдох ч том зургаараа асар том өөрчлөлтийг авчирдаг. Зургаадугаар сард жиндэж суухдаа төр засаг эсвэл байгаль дэлхийг буруутгахаас урьтаж, бид өөрсдөө байгальд хэрхэн хандаж “нүүрстөрөгчийн ул мөр” үлдээж буйгаа эргэцүүлэх нь хамтын хариуцлагын эхний алхам билээ.