
УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман энэ сарын 09-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Бүгд найрамдах социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал нь Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа, парламентын бүлэг, Тамгын газруудын ажил хэргийн хэлхээ холбоог өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Мантай албан ёсны хэлэлцээ хийж, парламентын түвшинд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хооронд 1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал гаргасан.
Бүгд найрамдах социалист Вьетнам улсад 1998 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж, 2004 онд УИХ-ын дарга С.Төмөр-Очир, 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, 2018 онд УИХ-ын дарга М.Энхболд нар төрийн айлчлал хийж байлаа хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.