
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 8-нд гарсан хээрийн түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын 79 хувь нь өртөж, экологийн нөхөж баршгүй сүйрэл дагуулаад байгаа тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.
Тухайлбал, The Japan times сонинд:
Японы харилцаа холбооны аварга KDDI компанийн Монгол дахь охин компани болох Мобиком корпорацийн удирдлагуудын унаж явсан автомашин Монгол-Хятадын хилийн орчимд дархан цаазат газарт хээрийн түймэр дэгдээсэн хэрэгт холбогдож, хуулийн хариуцлага хүлээж магадгүй байна. Түймрийн улмаас Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших 5870 ам дөрвөлжин километр талбайтай Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь нь шатсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын 8-нд тус бүс нутагт ажиллаж байсан Мобикомын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад хоёр удирдлагын автомашин гэнэт шатаж, улмаар хээрийн түймэр дэгдсэн аж. Японы KDDI компани нь Мобикомын хувьцааны 98.84 хувийг эзэмшдэг байна.
Хүчтэй салхи, хуурайшилтын улмаас түймэр хурдацтай тархаж, Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэрт нэвтэрчээ. Синхуа агентлагийн мэдээлснээр, хил дамнасан түймрийг унтраахаар Хятадын талаас орон нутгийн аврах ангийн 3400 гал сөнөөгчийг дайчилсан байна. Орон нутгийн засаг захиргааны эх сурвалжийн мэдээлснээр уг түймрийг аравдугаар сарын 12-нд цурманд оруулж, баасан гарагт бүрэн унтраажээ.
Нөмрөгийн дархан цаазат газар нь 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан бүс бөгөөд хандгай, бодон, хүрэн баавгай, голын халиу зэрэг олон төрлийн ан амьтан, 263 зүйлийн шувуу, 24 зүйлийн загас амьдардаг өвөрмөц экосистемтэй юм. Энд бэлчээрлэдэг цагаан зээрийн сүрэг хил давж Хятадын нутаг руу гарсан байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө түймэрт буруутай этгээдүүдээр хохирлыг нөхөн төлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрээр "Дархан цаазат бүсэд хоёр хоногийн хугацаанд нэвтрэх зөвшөөрөл авсан хүмүүс санамсаргүй байдлаар гал алдсан бололтой. Хилийн удирдлагын албан хаагчид болон Мобиком корпорацийн ажилтнуудыг хариуцлагад татаж, хохирлыг барагдуулах арга хэмжээ авна" гэв.
Монголын цаг уурын нөхцөлийг судлан шинжилдэг Нагояагийн их сургуулийн хүндэт профессор Масато Шинода Монгол Улс, Өвөр Монгол, Оросын зарим хэсгийг хамарсан тэгш өндөрлөг нь түймэрт өртөхөд хамгийн эмзэг бүсэд тооцогддог болохыг онцлов. Бэлчээрийн түймэр нь ихэвчлэн хаврын улиралд цас хайлж хуурай өвс ил гарах үед, мөн намар салхи шуургатай, хуурайшилтын үеэр илүүтэй гардаг аж. Гэсэн хэдий ч ердөө найман хоногийн дотор бараг 5000 ам дөрвөлжин километр талбайг хамарсан энэхүү түймэр томоохон хэмжээний гамшиг болохыг тэрээр дурджээ. Түүний хийсэн хиймэл дагуулын судалгаагаар 2001-2021 оны хооронд Монголын тэгш өндөрлөгт жил бүр дунджаар 13 000 ам дөрвөлжин километр газар түймэрт өртдөг ч энэ удаагийн түймэр хамгийн их гарз хохирол учруулсан явдал байж болзошгүйг онцолсон байна.
Хүн амын дийлэнх нь гар утас ашигладаг 3.5 сая хүн амтай тус улсад Мобиком корпорац 1.8 сая гаруй хэрэглэгчдэд үйлчилдэг. Тус корпорацын удирдлагууд түймэр дэгдээсэн байж болзошгүй агаад нөхцөл байдалд хандсан байдал нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Эхэн үедээ тус корпорацын удирдлагууд үүрэн холбооны сүлжээг өргөжүүлэх ажлын хүрээнд хилийн бүсэд ажиллаж байсан гэсэн мэдэгдэл гаргасан бол дараа нь гүйцэтгэх захирал Ясүхиро Очи уучлалт гуйсан бичлэг цахим хуудсанд байршуулжээ.
Ясүхиро Очи японоор хэлсэн үгэндээ "Холбогдох байгууллагууд түймрийн шалтгаан болон хохирлын хэмжээг тогтооно гэж бодож байна. Бид шалгалтын ажилд бүрэн хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа биелүүлэн, шаардлагатай арга хэмжээг авах болно. Хүн бүрийн санаа зовж буйг ойлгож байна. Байгаль орчинд учруулсан хохиролд гүнээ харамсаж, Монголын ард түмнээс уучлалт гуйж байна" гэжээ. Гэсэн хэдий ч тэдний автомашин дархан цаазат газарт нэвтрэх зохих ёсны зөвшөөрөлтэй байсан эсэх талаар Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна. KDDI компаниас The Japan times сонинд сонинд өгсөн тайлбартаа Ясүхиро Очи тэргүүтэй гурван удирдлага 4G үүрэн холбооны сүлжээний туршилт хийх зорилгоор хилийн бүсэд очихдоо хилийн хамгаалалтын байгууллагуудад урьдчилан мэдэгдсэн гэв.
KDDI компанийн зүгээс цахим шуудангаар илгээсэн хариундаа "Бид түймрийн цар хүрээ, Монголын байгаль орчинд учруулсан асар их хохирлын хүндийг ухамсарлаж байна" хэмээгээд, Монголын ард түмэн, хэрэглэгчид болон оролцогч талуудаас уучлалт гуйжээ. Түүнчлэн хээрийн туршилт хийх протокол болон аюулгүй байдлын менежментийн арга хэмжээндээ суурь шинэчлэл хийж, цаашид ийм явдал давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахаа мэдэгдсэн байна.
Асахи ТВ-ийн цахим хуудсанд "Монголын орны зүүн хязгаарт Токиогийн бүс нутгаас хоёр дахин том хэмжээтэй байгалийн нөөц газар түймэрт өртлөө. Их хэмжээний түймрийн шалтгаан нь Японы харилцаа холбооны аварга KDDI-ийн охин компани Мобикомын удирдлагууд жолоодож явсан автомашинаас үүдэлтэй гэж үзэж байна. Монголын хэвлэлүүдийн мэдээлснээр Мобикомын тээврийн хэрэгслүүд устаж үгүй болох аюулд орсон цэнгэг усны тул загас агнахаар хилийн бүс, дархан цаазат газарт нэвтэрсэн байж болзошгүй байна" хэмээн мэдээлжээ.