АНУ-ын өмнөд бүсийн хүн ам шигүү оршин суудаг Техас мужийн ихэнх нутгаар өнгөрсөн долоо хоногт үер буулаа. Өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо мужийн төвийн ихэнх нутгаар орсон байна. Улмаар гол мөрөн үерлэж их хэмжээний гарз хохирол дагуулаад байгаа юм.
Үерийн дараах эрэн хайх аврах ажил өнөөдөр ч үргэлжилсээр байна. Цаг уурын газрын мэдээлснээр энэ долоо хоногт дахин аадар бороо орох төлөвтэй байгаа учраас мужийн эрх баригчид, иргэд оршин суугчдыг үерийн аюулаас сэргийлэх сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсаар байна.
Өнөөдөр өглөөний байдлаар Техас мужид үерийн үеэр нас барсан иргэдийн тоо 81 болж нэмэгдлээ. 30-40 орчим хүн байгалийн гамшигт үзэгдлийн үеэр сураггүй алга болжээ. Тэдгээр хүмүүсийг эрэн хайх аврах ажил үргэлжилж байгаа бөгөөд хохирогчдын тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэй болсон гэдгийг орон нутгийн эрх баригчид сэрэмжлүүлж байна.
Нас барсан хүмүүсийн 50 орчим нь насанд хүрэгсэд, үлдсэн нь хүүхдүүд байна. Техасын Гуадалупе голын ай сав газарт байрладаг Мистик христийн шашны охидын зуслан үерт автсан. Энэ үеэр багш нараас гадна зусланд амарч байсан хүүхдүүд олноороо амь эрсэдсэн байна. Мөн зуслангийн байршлаас 10 хүүхэд, нэг багш сураггүй болсон бөгөөд тэднийг хайх ажлыг үргэлжлүүлж байна.
Үер Техасын Биг Кантри, Кончо Валли, Төв Техас, Кервиль хотуудад тохиосон. Хамгийн хүнд нөхцөл байдалтай байгаа нь Кервиль хот болоод байна гэдгийг мужийн захирагч Грег Эббот мэдээллээ. Тус хотод 68 хүн үерийн улмаас нас баржээ. Түүнчлэн Трэвис хотод 5 хүн, Бөрнет сууринд 3, Кендалл сууринд 2, Том Грийнд 1, Уильямсонд 1 хүн тус тус амь үрэгдсэн байдалтай олдсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хоёр дахиа төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа цаг уурын байгууллага болон бусад холбооны агентлагуудын төсвийг танасан. Байгалийн гамшигт үзэгдлээс сэргийлэх, тэмцэх хамгийн чухал байгууллагуудын төсвийг танасанд Трампыг буруутгаж байна. Гэвч Трамп Техаст болсон үерт цаг уурын агентлагийн төсвийг танасан нь ямар ч холбогдолгүй, буруугүй гэсэн байр сууриа хамгаалжээ.
Мөн тэрээр Техас мужид зуун жил тохиогоогүй байгалийн гамшигт үзэгдэл тохиолоо хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Трамп энэ долоо хоногийн сүүлээр Техаст очиж, нөхцөл байдалтай танилцаж магадгүй тухайгаа хэлжээ.
Техасын үерт алга болсон хүмүүсийг эрэн хайх ажилд Америкийн армийн дронуудыг ашиглаж эхэлсэн байна. Мөн үерийн хохирогчдод хандив цуглуулж байна. Одоогоор Америк хөлбөмбөгийн сан болон Далласын Ковбойчууд, Хьюстоны Техасчууд багууд нийлээд 1,5 сая ам.долларын хандивыг үерийн хохирогчдод зориулан илгээжээ.
Ромын шинэ папаар сонгогдсон америк гаралтай анхны пап 14-р Лео өчигдөр Ватиканд мөргөл залбирал үйлдсэн. Тэрээр Техасын үерт хохирол амссан бүх хүмүүсийн төлөө болон тэдний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, мөргөл үйлджээ.