
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Монгол Улсад 52 мянган галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 95 орчим хувийг иргэн, 5 орчим хувийг хуулийн этгээд спорт сургалт, харуул хамгаалалт, үзмэр, цуглуулгын зориулалтаар эзэмшдэг аж. Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан иргэний хамгаалалттай уялдуулан спорт сургалтын буудлагын төвүүдийг өргөжүүлэх, энэ төрлийн үйлчилгээг дэмжих шаардлагатай гэж үзжээ. Энэ нь нэг талаас улс орны үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нөгөөтээгүүр галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул хэрэглээг нь илүү тодорхой болгон бүртгэлжүүлэхээр зорилгоор хуулийг шинэчлэн найруулахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Галт зэвсэг худалдаалдаг цөөхөн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгодог нь эргээд тэдэнд давуу байдлыг үүсгэж, буу зэвсгийг хэд дахин нугалсан үнээр зарж борлуулсаар байна. Гэтэл тал хээрийн чоно, зэрлэг ан амьтнаас амь нас, гэр бүлээ хамгаалах зорилгоор буу хэрэглэж буй хөдөөгийн малчид өндөр үнэтэй зэвсэг худалдаж авч чаддаггүй. Төслийн хүрээнд уг асуудлыг хөндөж, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэн өрсөлдөөнийг бий болгож үнийг нь бууруулах шаардлагатай байна. Иймд малчид, хөдөөгийн иргэдийг үнэ багатай галт зэвсэгтэй болоход агуулгыг чиглүүлэх, ингэхдээ хяналт, бүртгэлийг сайжруулах нь чухал гэдгийг төсөл санаачлагчдад анхааруулж байлаа.
Галт зэвсгийн тухай хуульд дүрэм, журам батлах эрх олгосон агуулгатай нийт 15 зохицуулалт байгаа бөгөөд эдгээрийг нэг бус, хэд хэдэн захиргааны байгууллага батлахаар заасан нь хууль тогтоомжийн нэгдсэн бодлого алдагдах, журам батлахдаа хуулиар тогтоогоогүй нэмэлт шалгуур, шаардлага тогтоож байсан тул дүрэм, журмаар зохицуулж байсан харилцааны зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.