
1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж 2022 онд IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон. Нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгосон Монголын хөрөнгийн биржийн хувьцааг энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 13966 хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.
Харин үлдсэн 66 хувийг Сангийн яам эзэмшдэг. Засаглалын хямралд орсон төрийн өмчит компаниудыг хувьчлах ажлыг түүчээлсэн Монголын хөрөнгийн бирж нь хувьцаат компани болоод дөрвөн жил өнгөрч буй ч өнөөдөр олон нийтийн гэхээс илүүтэй Сангийн яамны компани шиг ажиллаж байгаа нь Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын томилгооноос бэлхнээ харуулна. Удирдлагын энэ тогтворгүй байдал нь зах зээлд сөргөөр нөлөөлж, цаашлаад тус компанийн хувьцааг эзэмшиж байгаа 14 мянга орчим хөрөнгө оруулагчийн эрх ашгийг ч хөндөж буй.
2026 оны аравдугаар сарын 8-нд Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ТУЗ-өөс гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхбатын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаа мэдээлсэн. 2025 оны арванхоёрдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар шинэ гүйцэтгэх захирал томилогдох хүртэлх хугацаанд Д.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан ч ийнхүү жил хүрэлгүй ажлаа өгөв. Дараагийн гүйцэтгэх захирлыг томилох хүртэл түүний үүргийг Монголын хөрөнгийн биржийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэн хавсран гүйцэтгэсэн. 2026 оны аравдугаар сарын 26-нд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Анарыг томиллоо. 2024 оноос хойш хоёр жил хүрэхгүй хугацаанд зургаа дахь удаагаа солигдож байгаа Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх удирдлагын томилгоо нь хувь хүний гэхээсээ илүү системийн асуудал болов.
2024 оноос МХБ ХК-ийн гүйцэтгэх захирлын
үүргийг түр орлон гүйцэтгэгчид
Ж.Цогтбаяр
Б.Дөлгөөн
Т.Хаш-Эрдэнэ
Д.Мөнхбат
Х.Эрдэнэбүрэн
Б.Анар
Монголын хөрөнгийн бирж ХК
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй. Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх шийдвэр нь ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал ч ТУЗ нь Сангийн яамны газар, хэлтсийн дарга нараас дийлэнх нь бүрдсэн. Монголын хөрөнгийн бирж нь нээлттэй компани нэртэй ч, энэ нэрийн цаана нэг яамны хүсэл сонирхол, эрх ашиг, улс төрийн хамаарал өндөр хэвээр байгааг удирдлагын томилгоо харуулна.
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл
Дарга
Сангийн яамны санхүүгийн бодлогын газрын
хэлтсийн дарга
Ш.Бат-Эрдэнэ
Гишүүд
Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга
Б.Болормаа
Сангийн яамны хууль эрхзүйн
газрын хэлтсийн дарга
Г.Гийхнаран
АҮЭБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын хэлтсийн дарга
Т.Ганбаатар
НҮБ-ын ДАЭДКГ-ын Монгол Улс
дахь төлөөлөл, ахлах мэргэжилтэн
Л.Энхбаяр
Хараат
бус гишүүд
Н.Отгончимэг, П.Баяр, Ж.Золзаяа, Х.Булгантамир
Монголын хөрөнгийн бирж ХК
“Үнэт секьюритис ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Мөрөн
Монголын хөрөнгийн биржийн удирдлага солигдож байгаа нь компанидаа ч, зах зээлд ч тогтворгүй байдал үүсгэж байна. Монголын хөрөнгийн биржийн хувьд бараг долоон удаа удирдлагаа сольчихлоо. Удирдлага солигдох бүр бодлого өөрчлөгдөнө, хөрөнгө оруулагчдын тодорхой бус байдал нэмэгдэнэ гээд компанийн цаашдын ашигт ажиллагаанд хүртэл сөргөөр нөлөөлөх нөхцөл болдог. Монголын хөрөнгийн бирж нь энгийн компани биш манай улсын хөрөнгийн зах зээлийг гол чиглүүлж байгаа, чухал үүрэгтэй компани учраас зах зээлд оролцогчид, хөрөнгө оруулагчдад удирдлага солигдож байгаа энэ явдал нь анхаарах хандуулах, санаа зовних асуудал болоод байна.
Хөрөнгийн биржэд одоо үүсээд буй засаглалын хямрал, тогтворгүй байдал хувьцааны ханшид нөлөөлж, аравдугаар сарын эхэнд 420 төгрөг байсан МХБ-ийн нэгж хувьцааны үнэ 10 дугаар сарын 15-ны байдлаар 353 төгрөг болж унав.
Монголын хөрөнгийн бирж ХК-ийн нэгж хувьцааны ханш, төгрөг
10.01-419.99
10.02-425.05
10.05-420.3
10.06-415.67
10.07-414.99
10.08-406.07
10.09-406.97
10.12-370.89
10.13-369.89
10.14-354.87
10.15-353.99
10.19-370.4
Монголын хөрөнгийн бирж ХК
Хувьцаат компанийн ТУЗ нь компанийг урт хугацаанд үр ашигтай ажиллуулах үндсэн үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн эцсийн үнэлэмжийг өсгөх зорилготой. Гэвч өнөөдөр Сангийн яамны газар, хэлтсийн даргаас дийлэнх нь бүрдсэн ТУЗ нь олон мянган хувьцаа эзэмшигчийнх нь эрх ашиг хөндөх шийдвэрийг Засгийн газар гаргачихаад байхад л нүдэн балай, чихэн дүлий мэт сууна.
2026 оны наймдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдсан. Уг тогтоолд Биржийн арилжааны үр ашиг, өрсөлдөх чадвар, нэр төрлийг нэмэгдүүлэх гурван үндсэн агуулгыг тусгажээ.
- Стандартад нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш төрлөөр багцлан нэг арилжааны захиалга гаргах - Уул уурхайн бүтээгдэхүүний индексэд суурилсан үнэтэй форвард гэрээг тав хүртэл жилийн хугацаатай байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх - Гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдан авагчийн байршуулсан дэнчингийн 90 хувийг буцаан шилжүүлэх, гэрээ дүгнэсний дараа 10 хувийг шилжүүлэх зэрэг багтаж байна. Монгол Улсын Засгийн газар
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “Биржийн дэнчин” гэж худалдан авагчаас биржийн арилжааны үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон арилжааны банкан дахь дансанд урьдчилан байршуулсан мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан байдаг. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дүнгийн 10 хувиар тооцож авч байсан дэнчингийн мөнгөний 90 хувийг буцаах Засгийн газрын энэ шийдвэр нь хэний эрх ашиг байв гэдэг асуулт гарч ирнэ.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат
Засгийн газрын гаргасан энэ тогтоолоос үүдэлтэй Монголын хөрөнгийн биржийн орлого үлэмж хэмжээгээр буурна гэж харж байна. Учир нь биржийн нийт ашгийн 70-80 хувь нь дэнчин, түүнээс олж байгаа хүүгийн орлого байдаг. Энэ оны зургаан сарын эцсийн байдлаар л гэхэд 1.3 их наяд төгрөг биржийн дансанд байсан. Энэ мөнгө тодорхой хэмжээгээр шууд багасах нь ойлгомжтой. Бирж арилжаа зохион байгуулахдаа худалдагч, худалдан авагч талуудын аль алиных нь эрх ашгийг хамгаалахын тулд дэнчин авдаг.
БиДиСеК ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж
Монголын хөрөнгийн бирж дээр байгаа дэнчингийн мөнгөний 90 хувийг аль нэг тийшээ шилжүүлэх шийдвэр хэдийнээ гарчихсан. Энэ ямар зорилготойг би ойлгохгүй байгаа. Одоо ч гэсэн Хятадын тал Монголын хөрөнгийн бирж дээр байгаа дэнчингийн мөнгийг өөрсдөө хүсэлт гаргаж, өөрийн Хятад дахь компани руугаа эргүүлэх татах, эсвэл нүүрсний төлбөрт тооцож шилжүүлэх эрх нь нээлттэй байгаа. Гэтэл Засгийн газар энэ мөнгийг шилжүүлэхээр шийдвэрлэчихсэн. Угтаа дэнчин болгож тавьсан мөнгөө хэн нэгэн рүү шилжүүлэх, өөрсдөө буцааж авах эрх нь мөнгөний эзэнд байх ёстой ч Засгийн газар урдуур нь орж, шийдэж байгаа нь шаардлагагүй алхам.
Наймдугаар сарын 26-нд гарсан “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол нь өнөөдөр ч олон нийтэд нээлттэй биш байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаныхнаас тодруулахад тэд ч мэдэхгүй байв. Ил болоогүй тогтоолын талаарх зөрүүтэй ойлголт ч зах зээлд оролцогчдод хэдийнэ үүсжээ. Хэрвээ дэнчингийн мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” зэрэг нүүрсээ борлуулж байгаа тал авахаар бол худалдан авагч талд эрсдэл бий болно гэж мэргэжилтнүүд харж байна. Одоо хэрэгжиж буй зохицуулалтаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээнд чанар болон нийлүүлэлтийн хоцрогдолд ямар ч алдангийн заалт байдаггүйгээс гадна дэнчингийн мөнгийг “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй төрийн өмчит компаниуд урьдчилж авч, төрийн сан, цаашлаад төсвийн цоорхойг нөхөхөд ашиглах вий гэх хардлага ч бий.
Сангийн сайд З.Мэндсайхан
Дэнчингийн мөнгийг Монголын хөрөнгийн бирж банканд хадгалаад, түүгээрээ ашиг олоод явж байгаа. Биржийн үндсэн зорилго уул уурхайн биржийн арилжааг зохион байгуулж, Монгол Улсын уул уурхайн баялгийг нэг цонхоор экспортод гаргах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх, тэр арилжаанаас авсан шимтгэлээрээ үйл ажиллагаагаа явуулах ёстой. Түүнээс биш дэнчингийн мөнгийг татаж авч, түүнийгээ банканд хадгалуулж, ашиг олдог байж болохгүй. Дэнчингийн мөнгөнөөс болж хувьцааны ханшид нөлөөлж байгаа бол энэ бол зүй тогтлын хувьд маш буруу явж байгааг харуулж байна гэсэн үг.
Өдөртөө 70 тэрбум, энэ оны эхний гурван улирлын байдлаар 12.9 их наядын арилжаа Монголын хөрөнгийн биржээр хийгджээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина гэж заасан байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт нүүрснийхээ 60 орчим хувийг биржээр арилжиж буй. Ерөнхий сайд Н.Учрал “Засгийн газар бүх төрлийн оффтэйк гэрээг огт хийхгүй. Гэрээний хугацаа дуусаж байгаа болон өмнө нь урьдчилгаа төлбөр аваад гэрээ хэлцэл хийж, хэл ам дагуулаад байдаг сэдвийг хааж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу ил тод нээлттэй арилжаална” гэж мэдэгдсэн. Тэгэхээр цаашид “Эрдэнэс Тавантолгой”-н оффтейк гэрээнүүд дуусахаар Монголын хөрөнгийн биржийн арилжааны цар хүрээ хэд дахин өсөх яг энэ үетэй давхцаж, дэнчингийн мөнгийг шилжүүлэх Засгийн газрын дээрх тогтоол олон хардлагыг дагуулах нь. Гэхдээ үүнээс урьтаж, Монголын хөрөнгийн биржийн засаглалын тогтвортой байдлыг хангах, нэг яамны хамаарлыг бууруулахгүй бол нээлттэй компани нэртэй нэр хэмээсэн байдал үргэлжилсэн хэвээрээ л байх нь.