
Кибер аюулгүй байдлын судлаачид дижитал орчинд төрж өссөн залуус кибер эрсдэлийг илүү сайн ойлгодог гэсэн ойлголтыг няцаалаа.
Шинэ судалгаагаар Gen Z (1997 оноос хойш төрсөн хүмүүс) бусад үеийнхнээс муу нууц үгийн дадалтай болох нь тогтоогджээ.
Нууц үгийн удирдлагын NordPass компанийн судалгаагаар, энэ үеийнхэн хамгийн түгээмэлээр “12345” гэдэг нууц үгийг ашигладаг байна. Үүний дараа дараалсан тоонууд орж, “password” тавдугаарт, харин “skibidi” долоодугаарт бичигджээ.
Харин Baby Boomer үеийнхний (1946–1964 онд төрсөн) хамгийн түгээмэл нууц үг нь арай илүү “аюулгүй” гэгддэг “123456” байсан бөгөөд энэ нь мөн Millennial болон Gen X үеийнхний дунд ч нэгдүгээрт оржээ.
“Бид ихэнхдээ залуу үеийг дижитал орчинд төрж өссөн учраас кибер аюулгүй байдлыг төрөлхөөсөө ойлгодог гэж боддог. Гэвч бидний судалгаа энэ ойлголтыг няцаалаа” гэдгийг тайлан хийгсэд онцолсон байна.
Олон жилийн турш кибер аюулгүй байдлын талаарх сургалт, сурталчилгаа явуулсан ч нууц үгийн соёл, дадалд бодит ахиц гараагүй байгаагийн илрэл нь энэ юм.
Энэ тайлангийн дүн Австрали, Франц, Герман, Япон, Их Британи, АНУ-ын олон мянган ажиллагчдыг хамруулсан Bitwarden компанийн энэ оны эхний судалгаатай ч нийцэж байна.
Хамгийн залуу ажиллагчид “нууц үгийн ядаргаа”-д хамгийн их өртсөн гэж хариулсан бөгөөд Gen Z-ийн 72 хувь нь нэг нууц үгээ олон платформд давтан ашигладаг гэжээ. Харин Baby Boomer үеийнхнээс ердөө 42 хувь нь ингэдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Гэсэн хэдий ч Gen Z үеийнхэн passkey, биометр, хоёр шатлалт баталгаажуулалт зэрэг илүү дэвшилтэт хамгаалалтын аргуудыг ашиглах магадлал өндөр байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Google-ийн зургадугаар сард гаргасан онлайн луйврын тайланд Gen X болон Baby Boomer үеийнхэн нууц үгийг үндсэн нэвтрэх арга болгон ашиглах нь илүү түгээмэл хэвээр байгааг дурдсан байна.
“Дижитал эринд төрсөн Gen Z хэрэглэгчид хуучирсан хамгаалалтын арга болох нууц үгийг алгасаж, илүү аюулгүй, илүү хялбар орчин үеийн баталгаажуулалтын хэрэгслүүдийг сонгож байна” гэж Google-ийн нууцлал, аюулгүй байдлын албаны дэд ерөнхийлөгч Эван Костовинос хэлжээ. “Гаднаас нь харахад нууц үгээ байнга солихгүй байх нь муу дадал мэт боловч, илүү найдвартай шинэ аргууд руу шилжих хандлага бол эерэг зүйл” гэнэ.