
Энэ долоо хоногт Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай танилцууллаа. Тухайлбал Ч:28 Сэлх-7 буудал-Цэцэг төв чиглэлийн автобусыг бүтэн цаг хүлээсэн талаар нэр бүхий иргэн гомдол гаргаж хотын төвийн түгжрэл рүү оруулахгүйгээр богино эргэлттэй болгож өгөхийг хүсжээ.
Тус чиглэл нь зорилтод чиглэлийнх бөгөөд замналд өөрчлөлт оруулах боломжгүйг НТБГ-аас мэдэгдэв.
Харин хүн суух үед автобусны хаалгаа нээж оруулаагүй “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын болон “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолооч нарыг тус бүр 25 нэгж буюу 25 000 төгрөгөөр, үйлчилгээ үзүүлэгч автобус нь буудлаа зарлахгүй явсан хэмээн "Трансбус" ХХКийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 250 000 төгрөгөөр торгожээ.
Иргэд нийслэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар өгөх боломжтойг тус газраас санууллаа.